Б.Мөнхцэцэг: Дүүргийнхээ зовлон жаргалыг сайн мэдэхийн хувьд аливаад бодитой, зөв өнцгөөс хандахыг хичээдэг 

Сонгинохайрхан дүүрэг. Нийслэл хотын хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай, ажилгүйдэл ядуурал, гэмт хэргийн гаралт, хүний эрх зөрчигдөж буй байдал зэрэг эерэг гэхээсээ сөрөг үзүүлэлт өндөртэй дүүрэг. Үүнийгээ дагаад шийдвэрлэх асуудал төдий чинээ их. Тэгвэл энэхүү дүүргийг удирдаж буй нэгэн эрхмийг энэхүү дугаарынхаа зочноор урилаа. Түүнийг Банзар овогтой Мөнхцэцэг гэдэг. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж буй.

-Юуны түрүүн нийслэл хотын хамгийн том, хамгийн өнөр өтгөн дүүргийг тэргүүлж, удирдаж яваа хүний хувьд хамгийн эхэнд олж харсан, шийдвэрлэхийг зорьж буй асуудал юу байна гэдгээс яриагаа эхэлье дээ?

-Тэгэлгүй яах вэ, Сонгинохайрхан дүүргийн тухайд хүн ам олонтой учраас түүнийгээ дагаад ажилгүйдэл, ядуурал их байна. Ажилгүйдэл, ядуурлаас болж архидалт төдий чинээ их. Архидалтаас үүдэн гэмт хэрэг, зөрчил гарах нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гаралт бусад дүүргээс өндөр хувьтай байдаг гэсэн үг. Миний хувьд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллахаасаа өмнө төрийн анхан шатны нэгж болох хороонд 10 гаруй жил ажилласан туршлагатай учраас ард иргэд, орон нутгийнхаа амьдрал ахуй, зовлон жаргалыг сайн мэддэгийн хувьд аливаад бодитой, зөв өнцгөөс хандахыг хичээж ажилладаг гэж хэлмээр байна. Тийм ч учраас гэмт хэргийн гаралтыг бууруулж, ард иргэдийн амар тайван, ая тухтай, ээлтэй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь хамгийн зөв алхам гэж үзээд түүний дагуу тодорхой ажлуудыг хийхийг зорьж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил ч цөөнгүй байна. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дүүргийнхээ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар давхар ажилладаг. Энэ дагуу уг Зөвлөлийнхөө бүтэц бүрэлдэхүүнийг шинээр зохион байгуулж, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн дорвитой ажлыг хийж хэрэгжүүлээд байна.

-Тухайлбал?

-Гэмт хэргийн гаралтыг бууруулах сайн туршлагыг солилцох, гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, түүнд тулгуурласан арга хэмжээнүүдийг авах, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр тодорхой чиглэл өгч, хууль дүрмийг хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд дүүргийн тусгай чиг үүргийн  байгууллагууд болох шүүх, прокурор, цагдаагийн гурван хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон дүүргийн төрийн байгууллагуудын төлөөлөл, иргэд нийт 1000 гаруй хүн оролцсон. Тус зөвлөлгөөнд оролцогчдоос төрийн байгууллагууд болон иргэдэд хандсан нийт 6 заалт бүхий зөвлөмжийг гаргаж хүргүүлээд байна. Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас долоо хоног бүрийн “Лхагва” гарагт архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудад үүрэг болголоо. Дараагийн нэг том асуудал бол хог.

-Үнэхээр ч дүүрэг төдийгүй нийслэлийнхний томоохон асуудлын нэг бол хог шүү дээ. Сүүлийн жилүүдэд энэ асуудал харьцангуй цэгцэрч байх шиг харагдах юм?

-Нийслэлийн удирдлагуудын санаачилгаар “Иргэдээ сонсъё” аян есөн дүүргийн хэмжээнд өрнөлөө. Аяны явцад иргэдийн зүгээс хамгийн их эмзэглэж, санаа зовниж буй асуудлуудын тэргүүнд хогны асуудал байсан. Иргэд өөрийн амьддарч буй орчны цэвэр цэмцгэр байдал, ая тухтай байдалд анхаардаг болсонд талархалтай байгаа. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Хоггүй орчин-Эрүүл орчин” 3 сарын аян зохиож, уралдаан зарласнаар 166 хур хогны хогийн цэгийг цэвэрлэлээ. Энэ бол томоохон үр дүн. Нөгөөтэйгүүр манай дүүрэгт нийслэлийн 9 дүүргийн хогны 60 хувийг авчирч асгадаг Нарангийн энгэр буюу Улаанчулуутын хогийн цэг байдаг. Тиймээс бид энэ хогийн цэгийг байгаа чигээр нь байлгаад байх уу, эсвэл эдийн засаг, хөгжил дэвшлийн өгөөжтэй ямар нэгэн зүйл хийх үү гэсэн гаргалгааг мөн хайж үзэж байна л даа.

-Ямар гарц байна, хог боловсруулах үйлдвэр барих боломж гарц байгаа даа?

-Бид энэ хогийн цэгийг нэг тийш нь шийдэх үүднээс Японы талтай хамтарч ажиллахаар ярилцсан зүйл бий. Дүүрэг маань өөрөө төсөвгүй, нийслэлийн хөрөнгө оруулалт байхгүй. Тиймээс бидэнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах л гарц байгаа юм. Японы талаас нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Ази-Номхон далайн эдийн засаг, байгаль орчны судалгааны хүрээлэнгийн тэргүүн Японы хог боловсруулах үйлдвэрийг бидэнд танилцуулсан байгаа. Тэр технологи нь хогийг өндөр даралтаар боловсруулж, сайжруулсан буюу утаагүй түлш үйлдвэрлэн, тэр түлшнээсээ цахилгаан гаргаж авах юм. Энэ талаар хамтарч ажиллахаар харилцан тохиролцоод байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл Сонгинохайрхан дүүрэг хоггүй, эко дүүрэг болох хэтийн зорилгоо биелүүлэх болно. Өөр нэг асуудал бол утаа. Манай дүүргийн иргэд утааны голомтод амьдарч байна. Утааг арилгах, агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд олон ажил хийлээ, багагүй хөрөнгө мөнгө зарцууллаа. Гэвч байдал дээрдсэнгүй. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд өнгөрсөн өвөл “Маск зүүж хэвших” аян зохион байгууллаа. Утааны асуудлыг нэг амьсгаагаар шийдвэрлэчихэж чадахгүй байгаагаас хойш ядахдаа маск зүүж хэвшээд ч болтугай өөрсдийгөө хамгаалах нь хэрэгтэй биз дээ.

-Сонгинохайрхан дүүрэгтэй ажил, амьдралаа хэрхэн холбов?

-2002 оноос Сонгинохайрхан дүүрэгт  амьдарч байна.  Төрийн анхан шатны нэгж болох хорооноос ажлын гараагаа эхэлж, 2006 онд 7 дугаар хорооны Засаг даргаар, 2009 оноос Сонгинохайрхан дүүргийн 25-р хорооны засаг даргаар ажиллаж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ард иргэдийнхээ итгэлийг хүлээн гурав дах удаагаа сонгогдон ажиллаж байна.

-2002 онд таныг энэ дүүргийн иргэн болоход нөхцөл байдал ямар байв? Одоо хэр өөрчлөгдсөн бэ?

-Одоогоос 15 жилийн өмнө дүүрэгтээ суурьшиж байхад гэр хорооллын тэлэлт харьцангуй бага байлаа. Сүүлийн таван жилд хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн тоо эрс нэмэгдэж байна. Манай дүүрэг хотын хамгийн захын дүүрэг гэдэг утгаараа шилжилт хөдөлгөөнт хамгийн өртөмтгий бүс нутаг гэж хэлж болно. Одоо манай дүүрэг 315 мянга орчим хүн амтай. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийт хүн амын 10 хувь, нийслэлийн хүн амын 30 хувь нь СХД-т амьдарч байна.

-Хорооны Засаг дарга байхаасаа бусад хороодоо ажил үйлсээрээ манлайлж, шилдэг, тэргүүний хороогоор удаа дараа шалгарч байсан гэсэн. Ямар арга барилаар ажилладаг вэ?

-Ер нь аливаа зүйл энгийн байхад би дуртай. Амжилттай ажиллах гэж байна гээд амьдралаас хол тасархай том зүйл сэдэж яриад, өнөөх нь бодит хөрсөнд буудаггүй, олигтой үр дүнд хүрдэггүй байх нь бий. Миний хувьд маш энгийн хэрнээ тухайн орон нутагтаа хамгийн их тулгамдаад байгаа асуудлаас л ажлаа эхлүүлж байлаа. Миний даргаар очиж байсан 7 дугаар хороо бусад хорооноос хамгийн их хүн амтай, оршин суугчдын дийлэнх нь гэр хороололд амьдардаг байлаа. Тэдний өмнө хамгийн их тулгамдсан асуудал нь мэдээж хог байсан. Тэгээд би юу гэж бодсон бэ гэхээр юуны түрүүнд хогноос нь салгая. Бүр салгасан шиг салгая гэж ханцуй шамлан орсон. Эхний гурван сар асар их хуримтлагдсан хогноос салъя, ингэхдээ хорооны төрийн албан хаагчдаасаа гадна иргэдээ ажилдаа оролцуулъя, уриалъя, хамтарч ажиллая л гэсэн. Ингээд л бид хамтдаа маш сайхан үр дүнд хүрч олон жил хуримтлагдсан хур хогноосоо салж байлаа. 2009 онд 25 дугаар хорооны Засаг даргаар томилогдоод мөн л адил хаана, ямар гуу жалганд хог байна тэр болгоныг цэвэрлэж, хорооны оршин суугчдаа хоггүй цэвэр орчинд амьдруулах тал дээр анхаарч ажилласан. Мэдээж хэрэг иргэддээ төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ амьдрал ахуйд хэрэг болох бодит ажлуудыг хийх талдаа мөн л анхаарна. Ингээд л нийслэл, дүүрэг бидний ажлыг шилдэг, тэргүүний гэж удаа дараа үнэлсэн, шагнасан. Энэ бол бодит байдлаа мэдэрч, асуудлын голчийг алдалгүй, аливаад бодитой, бүтээлч, хөдөлмөрч хандсаны үр дүн гэдгийг би хаана ч хэлнэ. Би дарга гэж сандалд шигдэж суухаасаа илүүтэй, асуудлын дунд өөрийн биеэр орж ажиллахыг эрхэмлэдэг. Ажлын бус цагаар л бичиг цаас цохдог гээд бод./инээв/

-Хорооны засаг дарга байх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхын ялгааг та яаж харж байна?

-Төрийн анхан шатны нэгж болох хороо нь багаар ажиллах ур чадварыг шаарддаг. Тиймээс хорооны Засаг даргаар ажиллаж байхдаа ажилтнуудаасаа цагийг зөв ашиглаж, нягт хамтарч ажиллахыг шаарддаг байлаа. Хороо бол иргэдтэйгээ хамгийн ойр ажилладаг, иргэддээ үйлчилж, тэдний тулгамдсан асуудлыг төрд уламжилдаг гүүр нь юм. Гэтэл дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол бодлогын түвшний шийдвэр гаргадаг, шийдвэрийн биелэлтэд хяналт тавьдаг байгууллага. Энэ байгууллагыг тэргүүлж ажиллана гэдэг хүнээс асар их хүч, сэтгэл, хөдөлмөр, санаачилгыг шаардана. Энэ суудал дээр сууж байгаагийнх орон нутгийн ард иргэдийн  амьдралд хэрэгтэй нэг ч гэсэн томоохон ажил хийчихвэл энэ чинь маш том ач холбогдолтой гэсэн үг. Миний хувьд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын даргаар томилогдсоноос хойш хурал, хуралдааныг цаг тухай бүрт хуралдуулж, тулгамдсан асуудлуудыг соргогоор мэдэрч, түүнийг шийдвэрлэх гарцыг зөв олж, бүтээлч ажил өрнүүлэхийн төлөө ажиллаж байна. 2016 оны Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд сонгогдсон Төлөөлөгчдийн 60 хувь нь шинэ залуу хүмүүс байна. Тиймээс тэднийгээ сургаж дадлагажуулахад анхаарал хандуулсан. Энэ бол зайлшгүй шаардлага.

-2017 онд Сонгинохайрхан дүүргийн маань 25 жилийн түүхт ой тохиолоо. Ойг угтаж хийсэн ажлуудаасаа онцолвол?

-Дүүргийнхээ түүхт 25 жилийн ойг угтан бид аль болох бүтээлч ажлуудыг хийхийг зорилоо. Юуны түрүүнд дүүрэг маань олон жилийн турш хуримтлагдсан хур хогноосоо салж нийслэлийн 9 дүүргээ тэргүүлж ажиллалаа. Энэ бол нэг амжилт. Нөгөөтэйгүүр Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын зүгээс дүүргийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, гэмт хэрэг зөрчлийг бууруулах, эрх зүйн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, өөрийгөө тэтгэх эдийн засагтай болох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулан дорвитой ажлуудыг хийсэн. Тухайлбал, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор иргэдийн хууль, эрх зүйн ухамсрыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрх зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Багийн ажлын үр дүн сэдэвт сарын аяныг зохион байгуулав. Аяны хүрээнд 32 хорооноос сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчөөр ахлуулсан баг гарч иргэдийн дунд хууль эрх зүйн сургалт зохион байгуулан, шинээр батлагдсан зарим хуулиудыг таниулах гарын авлага тараан, нутаг дэвсгэртээ уртасгасан цагаар эргүүл хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл TV8, UBS телевизүүдээр мэдээллэл түгээж ажиллав. Мөн “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санаачилгаар өрнүүлж, Төлөөлөгч бүр өөрийн сонгогдсон тойрог, хороондоо бүтэн өдөр сууж, иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тулгамдаж буй асуудлыг нь хүлээн авч зохих шатанд уламжлан хүргүүлж, эхнээс нь шийдвэрлүүлээд байна. Дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан эдийн засгийн томоохон форумыг зохион байгууллаа. Орон нутгийн татварын бааз суурийг бэхжүүлэх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжөө өгөх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцож, үйл ажиллагаанд нь тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцаж, зөв шийдэл гарцыг хамтдаа хайсан гэж болно. Энэ мэтчилэн ойгоо угтан нэлээдгүй ажлыг хийлээ дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …