Хувийн хөрөнгө оруулалтын санг бүртгэж, ББСБ-уудын нэгдлийг зөвшөөрлөө

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хорооноос 2014 онд үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “Бодь-Инвест ҮЦК” ХХК-ийн байгуулж байгаа “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг бүртгэв. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 30 сая ширхэг нэгж эрхийг хөрөнгө оруулагчдад санал болгож, ирэх 10 жилд 30 тэрбум төгрөгийн хөрөнгө татахаар, үүний 10 орчим хувийг энэ 2018 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Даатгалын компанийн дүрмийн сангийн доод хэмжээг энэ оны зургадугаар сард багтаан 5,0 тэрбум төгрөг болгох тухай Хорооны 2016 оны 236 тоот тогтоолын дагуу компаниуд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр байна. Үүний хүрээнд “Хаан даатгал” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгөө 860 сая төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэн зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн бүтцийн бүртгэлд өөрчлөлт оруулахаар тогтов.

Мөн, “Монгол микрон капитал ББСБ” ХХК-ийг “Нексус финанс инвестмент ББСБ” ХХК-д нэгтгэх асуудлыг хэлэлцэн зөвшөөрлөө. Ингэснээр “Нексус финанс инвестмент ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн нэг хүнээр нэмэгдэн, бүтцийн бүртгэлд өөрчлөлт орж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 3.3 тэрбум төгрөг болж байна. Үүнтэй холбоотойгоор “Монгол микрон капитал ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Түүнчлэн хорооны хуралдаанаар зарим аж ахуйн нэгжид Хөдөө, аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн, банк бус санхүүгийн, хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрөл шинээр болон нэмэн олгож, 9 ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав. Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш хөрөнгө оруулалтын сангаа байгуулах талаар ямар нэгэн алхам хийгээгүй, зохицуулалт үйлчилгээний хөлс төлөөгүй, Хорооноос өгсөн хугацаатай үүрэг даалгаврын биелүүлээгүй “Агниста инвестмент” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, “Глобал инвестмент ассет менежмент” ХХК-ийнхыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүллээ.

Мөн зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хангаж ажиллаагүй, удаа дараагийн тайлан мэдээллийг ирүүлээгүй, хугацаа нь дууссан тусгай зөвшөөрлөө сунгуулаагүй “Мөнгө ундарга наран”, “Эгбуман зоос”, “Хужиртай булгийн ундарга” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Ундрах актив”, “Хамтын хөдөлмөрийн хүч”, “Өндөр хөмөг”, “Хэтийн заяатай Хан-Уул”, “Бичил бизнес бичил арван хоёр”, “Хайрхан өглөг”, “Монголын багш нарын хөгжил”, “Сити инновэйшн”, “Онгийн харз”, “Төв жас” ХЗХ-дын хадгаламж зээлийн, “Магнай лайшил ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн  үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …