Нострадамусын амьдрал хийгээд зөгнөл

 

Нострадамус буюу Мишель Нострадам 1503 онд Францын өмнөд хэсэгт мэндэлжээ. Христийн шашинд итгэгч эцэг, эх нь түүний боловсролд анхаарч, өөрөө ч суралцах чадвар сайтай нэгэн байв. Их сургуульд одон орон, зурхай зэрэг байгалийн шинжлэл, утга зохиолын чиглэлээр суралцсан байна.

Сургуулиа төгсөөд найман жилийн туршид францын нутгаар тэнүүчилж явахдаа тухайн үед олон хүний аминд хүрсэн тахлын эмчилгээ хийж байсан гэдэг. Харин 40-өөд насандаа зурхайчийн ажил хийх болсон байна. Нар, од гаригсын хөдөлгөөнөөс үндэслэн ирээдүйг унших технологи болох зурхай нь 16-р зууны үед анагаах ухаантай салшгүй холбоотой шинжлэх ухаанд тооцогдож байв. Зурхай болон анагаах ухаанаар хүний биеийн бүхийл хэсгийг од эрхэс эрхшээж байдаг, жижиг ертөнц болох хүний бие аварга том одот орчлонгийн орднуудад харгалзаж, нөлөөнд нь автаж байдаг хэмээн итгэдэг байжээ.

Наполеон, Гитлерийн хүчирхэгжилт, 9 сарын 11-ний террорист халдлага, Берлиний хана нурах үйл явц, өөрийн цаг үеэс алс хол ирээдүйг нүдээр үзсэн мэт зөгнөн хэлсэн гэгдэх Нострадамус юуны төлөө 1000 гаруй зөгнөлийг бичих болов. “Би бурхны зарлигийг хүлээн авч, сүнслэг нөлөөнд автсанаар урт удаан цаг хугацааны үйлд сэтгэл зовниж эхэлсэн. Тэр бол одоогоос 3797 он хүртэлх төгсгөлгүй зөгнөл юм” хэмээн өөрт төрсөн сэтгэгдлийн тухай тэмдэглэн үлдээсэн гэх.

Тэр бол агуу эрдэмтэн, одон оронч, зурхайч, далдыг харагч байлаа. Зөнч Нострадамус дэлхийн түүхийн бүх гол үйл явдлыг зөгнөжээ. Нострадамус Европод тарсан тахлын үеэр олон хүнийг эмчилсэн ч өөрийн эхнэрээ аварч чадаагүй юм. Агуу эмчийн алдар цуу Франц даяар тарж, шашны харгис шүүх ч түүнийг хөндөж чадаагүй юм. Нострадамус эртний зөгнөлүүд, одон орны зурхай дээр үндэслэн дэлхийн ирээдүйг өөрийн эрин үеэс хойш 3000 жил зуржээ. Суут Нострадамус өөрийн үхлээ хүртэл зөгнөсөн.

Түүний зарц, сурагч Жак Шавини орой явахдаа “Маргааш хүртэл баяртай” гэхэд тэр “Маргааш үүрээр би байхгүй болно” гэж тайван хариулав. Энэ бол Нострадамусын эцсийн зөгнөл байлаа. Түүний зөгнөл одоо ч биелсээр. Нострадамус Францын агуу хувьсгал, хуанлийн өөрчлөлт, хаан ба хатан хаан цаазлагдахыг ч урьдчилж хэлсэн. Мөн Наполеон, Гитлер, Франко нарыг нэрлэж, нисдэг төмөр шувууд тэнгэрээр нисч гал, үхлээр тургина гэж зөгнөсөн.


Секундэд 37 миль хурдтай астроид сансраас харван ирж, дэлхийг Атлантын далай хавьцаа мөргөнө. Хойд ба Өмнөд Америк, мөн Баруун Европ, Хойд Африкийн эрэг дагуу газар хөдөлнө. Цөмийн өвөл болж, эмх замбараагүй байдал гарч, сүйрэл уналт үргэлжилнэ. Дэлхийн хүн амын гуравны нэг устаж, зөвхөн хоёр тэрбум үлдэнэ гэжээ. Гэхдээ Нострадамус яг ингэж хэлээгүй байж мэднэ, түүний зөгнөлийг Палас ингэж тайлсан гэдгийг анхаарна биз ээ. Дэлхий астероидтой мөргөлдөхөд сансрын том сүйрэл гарч болзошгүй тухай устөрөгчийн бөмбөгийн “эцэг” Тейлор үргэлж сануулж байв. Тэр АНУ-ын хэд хэдэн ерөнхийлөгчид хандаж, дэлхий дээр астероидын эсрэг хамгаалалтын систем байгуулахыг шаардаж байжээ.

Эртний Египетийн соёл иргэншил их үерээс болж мөхөх байсан ч усжуулалтын хамгаалалтын систем агуу соёл иргэншлийг аварчээ. Эртний Египет үерээс бус харин боолчуудын бослогоос болж мөхсөн юм. Тэд 70 жил төр барьсан юм. Гэхдээ дэлхийн соёл иргэншилд астероидоос илүү аймшигтай аюул одоо заналхийлж байна. Энэ бол байнга л энд тэнд гарч байдаг харгислал, хэрцгийлэл, алан хядлага юм. Фашизм, коммунизм Европ, Азийн хөгжлийг 100 жил ухраасан.

Нострадамус зөгнөхдөө;

-2007 онд дэлхийн шинэ дайн дэгдэх аюул нүүрлэнэ. Хүн төрөлхтөн өлсгөлөнд нэрвэгдэж, 11 жил үргэлжилнэ

-2008 онд дэлхийн дөрвөн том улс төрч алуурчны гарт амиа алдана

-2009 онд сүйрэл, эмгэнэлт явдлууд гарч, олон хүний амь эрсдэнэ. Энэ нь 100 улсыг хамарна. Шинэ аюулт зэвсгийг хориглох шаардлага гарч ирнэ

-2010-2011 онд Дэлхийн III дайн дэгдэнэ

-2021 онд олон улсын байдал намжмал болно

-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ

-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана

-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ. Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ

-2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ

-2043-2046 онд дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно, гэхдээ үе үе эмгэнэлт явдлууд гарах болно хэмээжээ.

 

Санал болгох мэдээ

1,200 жилийн өмнө амьдарч байсан хатны дүрийг сэргээжээ

Хар үстэй, үрчлээтэй царайтай, цагираган хэлбэртэй алтан ээмэгтэй энэ эмэгтэйг анх харахад яг л амьд …