Эхлээд өөртөө орш


Чи өөрийнхөө төлөө амьдарч чаддаггүй. Тиймдээ өөр бусдын төлөө амьдрах гэдэг. Нөгөө хүн чинь бас өөртэйгөө байж чадахгүй, өөр нэгнийг хайж явдаг. Өөрөөсөө зугтсан хоёр хүн нийлээд хайрын жүжиг тоглож эхэлнэ. Гэвч дотоод гүндээ тэд уяас хүлээс л эрж яваа.

– Хайр та нарыг чөлөөлнө гэж та хэлдэг. Гэвч жирийн амьдрал дээр хайр уяас хүлээс болохыг л харах юм. Чөлөөлөхийн оронд биднийг улам хүлэх шиг…

– Хайр байхгүй үед л хүлээс болдог. Та нар дүр эсгэж, өөрсдийгөө хуурдаг хэрэг. Хүлээс чинь бодит, хайр чинь жүжиг юмсанж. Хайр дурлалтай учирсан хойно зовлон гаслан бүхнийг бүтээгч зэмсэгтэй болсноо эрт, орой нэг сэхээрдэг.

Хэдэн өдрийн өмнө над дээр гэмшил харамсалд шаналсан хархүү ирсэн. “Би нэг бүсгүйд дэндүү хайртай байлаа. Гэтэл түүнийг нас барсан өдөр би уйлж цурхирч байснаа гэнэт нэг ачаа дарамтаас салах шиг, амьсгал уужрах эрх чөлөөний мэдрэмж төрөхийг анзаарсан юм.”

Тэрээр мэдрэмжийн наад, цаад хоёр давхаргыг ухамсарлажээ. “Би түүнгүйгээр амьдарч чадахгүй” гэж гаднаа уйлж хайлж байсан ч дотоод гүндээ “Одоо би эрх чөлөөтэй боллоо” гэж тавирч байж. Тэгтэл мэдрэмжийн гурав дахь давхарга эхэлжээ. Хайртай бүсгүйнхээ хөрсөн цогцсын дэргэд зогсож байхдаа “Чи яаж байна аа?” хэмээн өөрөөсөө асууж, гэмшилд автжээ. “Надад туслаач. Миний сэтгэлд юу болоод байгаа юм бэ? Би ийм хурдан урваж шарвалаа юу?” гэж надаас асууж билээ.

Урваж шарвасандаа ч биш. Хайр чинь хүлээс дарамт болж байгаа бол угаасаа хайр үгүй атал хайр гэж өөрийгөө хуурч явсан хэрэг. Илүү гүн рүү орох юм бол боол байхын хэрэгцээ өөрт чинь байгааг харна. Энэ бол эрх чөлөөнөөс айх далд айдас. Хүн бүхэн амандаа эрх чөлөөг ярьдаг мөртлөө эрх чөлөөтөн байх зориггүй байдаг. Учир нь, хүн ганцаараа байж л эрх чөлөөтэй байна. Гэвч ганцаараа байх зүрхтэн байдаггүй. Чамд хэн нэгэн үргэлж хэрэгтэй. Ганцаар ахуйгаас айдаг, өөртэйгөө байхаас уйддаг. Ганцаараа байхад амьдрал утгагүй болдог. Бусдад эзлэгдэж байж л зохиомол утга учрыг эргэн тойрноо ургуулна.

Чи өөрийнхөө төлөө амьдарч чаддаггүй. Тиймдээ өөр бусдын төлөө амьдрах гэдэг. Нөгөө хүн чинь бас өөртэйгөө байж чадахгүй, өөр нэгнийг хайж явдаг. Өөрөөсөө зугтсан хоёр хүн нийлээд хайрын жүжиг тоглож эхэлнэ. Гэвч дотоод гүндээ тэд уяас хүлээс л эрж яваа.

Эрт, орой нэгэн цагт хүссэн зүйл чинь хүзүүгээр татна. Энэ хорвоогийн золгүй тавилан: Юу хүссэнтэйгээ чи учирдаг. Жүжгийн баг чинь хууларч, эхнэр нөхөр болсон хойно бие биендээ боол бологсод үлдэнэ. Хэн ч шулуун шударгаар “Би чиний боол болмоор байна”, эсвэл “Миний боол болооч” гэж хэлж зүрхэлдэггүй. Гэвч цаад хүсэл зорилго нь тийм л байдаг. Тэгээд хүсэл чинь биелж, хайрын илбэ замхрахад та нар хүлээс баглаас мэдэрч, эрх чөлөөтэй болох гэж тэчъяадаж эхэлдэг.

Үүнийг санаж ав. Сэтгэлийн нэгэн зөрчил: Юу хүртэнэ, түүнээсээ та нар залхдаг. Юу хүртээгүй байна, түүнийгээ хүсэн эгээрдэг. Ганцаар байхдаа уяас хүлээс эрнэ. Уяас хүлээсэнд орохоороо эрх чөлөөг үгүйлнэ. Боолууд л эрх чөлөөг хүсдэг. Чөлөөт хүмүүс харин боол болохыг хүсдэг. Сэтгэл цагийн дүүжин шиг нэг туйлаас нөгөө туйл руу савлаастай.

Загас барихад өгөөш ашигладаг шиг хүссэн зүйлдээ хүрэхийн тулд та нар хайраар өгөөш хийдэг. Нэгэнт загас баригдсан хойно өгөөш хаягдана. Тийм болохоор аливааг хийж байхдаа өөрийн дотоод гүн рүү орж, уг учгийг нь олж бай. Үнэхээр хайр байх юм бол уяас хүлээс болохгүй сэн. Хүлээс хэрхэн үүсдэг вэ? Хайртай хүндээ “Зөвхөн намайг хайрла” гэж хэлэх агшинд өмчирхөл эхэлнэ. Хэн нэгнийг өмчилснөөрөө чи түүнийг эд юмсын төвшинд буулгаж, гутаан доромжилдог. Хогшил лугаа адил өмчилж, хаяг шошго хадсанаар тэр бодгаль хүн биш болно. Түүнийг өмчлөхийн хамт тэр мөн чамайг өмчлөх гэнэ. Тийнхүү тэмцэл тулаан эхэлнэ. Чи эрх чөлөөтэй байхыг хүсэх хэрнээ намайг өмчлөх гэнэ. Би мөн чөлөөт хүн байхыг хүсэх мөртлөө чамайг боолчлох гэнэ. Хэрэв чамайг өмчлөх юм бол би бас өөрт чинь өмчлөгдөх тавилантай. Өмчлөгдөхийг хүсэхгүй байгаа бол өөрөө өмчлөх ёсгүй. Хамтдаа аялж, бие биедээ уусан найрсаж болох ч бид хувь хүн, чөлөөт ухамсар хэвээр үлдэх учиртай. Тэгсэн цагт уяас хүлээс, татлаа түлхээ үүсэхгүй.

Хүлээс болсон харилцаа заваан залхаг зүйлсийн нэг мөнөөс мөн. Заваан залхаг гэж хэлэхдээ би зөвхөн шашинлаг утгаар биш, гоозүйн утгаар хэлж байна. Уялдсан цагт чи өөрийн ганцаар ахуй, дагшин чанараа гээнэ. Өрөөлөөр өөрийгөө нөхөх гээд өөрийгөө алдана.

Уг урхиа ухамсарла. Өөрөө өмч болох гээгүй л юм бол өрөөлийг өмчирхөх хэрэггүй. “Бүү шүү. Бусдыг шүүдэг хүн өөрөө шүүгдэнэ” гэж Есүс хэлдэг. Түүн шиг “Бүү өмчил. Өрөөлийг өмчилдөг хүн өөрөө өмчлөгдөнө.” Эзэд гэгдэх хүмүүс үргэлж боолуудынхаа боол нь байдаг. Боол болохгүйгээр эзэн байх боломжгүй. Хэн нэгнийг боол болгоогүй үедээ чи эзэн болж чадна. Зөрчилтэй санагдах биз. Гэхдээ л үнэн тэр.

Эрх чөлөөг хайрлах, эрх чөлөөтэй байхыг хичээх нь өөрийгөө гүн ухамсарлахын утга. Өөртөө дүүрэн хангалуунаа мэдэхийн нэр. Тэгж гэмээ нь бусдад уягдахгүйгээр хуваалцаж чадна. Би өөрийгөө хуваалцаж чадна. Анир гүмийн амар амгалан, уярал баясгалан, энэрэл хайраа дэлгэнэ. Энэ бол түгээл болохоос хамаарал биш. Хэн ч байхгүйд би хангалуун хэвээрээ байна. Хэн нэгэн байх юм бол сайн хэрэг. Би түүнийг дайлж чадна.

Буддаг нэгэн тосгоноор өнгөрч явахад нь нэг залуу ирээд:

– Би бусдын төлөө амьдармаар байна. Бусдад хэрхэн үйлчлэх вэ? Хэлж өгөөч гэжээ.

Будда түүнийг хараад инээснээ:

– Эхлээд чи өөрөө байх хэрэгтэй. Бусдыг мартаад өөртөө орш. Тэгсэн хойно бусад зүйл аяндаа болно гэжээ.

Одоогоор чи оршоогүй байна. “Хэн нэгнийг хайрлахаар уяас хүлээс болчих юм” гэж байгаа чинь өөрөөсөө алдуурчихсан явааг илтгэнэ. Ухамсрын дотоод төв үгүй болохоор юу ч хийсэн гажууд. Эхлээд өөртөө орш, тэгээд бусадтай хуваалц. Тэр өглөг чинь хайр. Түүнээс өмнө юу ч хийсэн хүлээс болно.

Эцэст нь хэлэхэд, уяас хүлээстэй тэмцэлдэх юм бол чи буруу замаар будаа тээнэ. Олон санваартан, даяанч ийм зүйл хийдэг. Тэд гэр бүл, орчин тойронд уягдсанаа мэдрээд сүм хийд, аглаг газарт оддог. Гэвч тэнд очоод ахиад л шунал даслын шинэ орчинд уягддаг.

Би ойн гүнд амьдардаг аглагч танил дээрээ очсон юм. Тэнд өөр даяанч нар ч амьдардаг байв. Нэг өдөр нөхрийг голд угаал үйлдэхээр явсан хойно шинэ эрэлчин ирээд суудаг модных нь дор бясалгаж эхэллээ.

Голоос буцаж ирсэн нөхөр маань түүнийг хараад уурлаж, угз татан:

– Эндээс яв. Өөр газар суу. Наадах чинь миний мод! гэж зандарч билээ.

Уяас хүлээсээс гэтлэх тийм ч амар биш. Шинэ дүр, шинэ хэлбэрт хувилсаар байна. Өөрийгөө гэтэлсэн гэж бодовч бахь байдгаараа. Уяас хүлээстэйгээ ноцолдох хэрэггүй. Яагаад тийм зүйл болоод байгааг л ухамсарла. Дотоод ахуй чинь эзгүй болохоор бусдаар нөхөх гэж мэрийдэг. Өөртөө үндэслээгүй хойно өрөөлөөс зуурч тогтох гэнэ. Дотоод ухамсартаа оршсон цагт хэнээс ч зуурахгүй амьдарна. Тэр нь бусдыг хайрлахгүй гэсэн үг биш. Харин ч тийм болж байж жинхэнээсээ хайрлана. Нөхцөл болзолгүй, хариу горьдолгүйгээр бусдад түгээнэ. Өөртөө хангалуун дүүрэн болоод халгих учраас. Тэр халгиа чинь орон дэлхийг ч угааж, од эрхэсийг ч адислах болно.

 

– П.Бадрал (Ошо “Үхэлгүйн үүд”)
Агнистын гэгээ цуврал

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …