Баруун тархиар сурах аргыг ашиглан гадаад хэл сурах арга

Хүн гадаад хэлийг баруун эсвэл зүүн тархиа ашиглан сурдаг. Баруун тархиар гадаад хэлийг сурах гэдэг нь яг л нялх хүүхэд төрөлх хэлээ сурахтай ижил арга юм. Тухайн гадаад хэлийг сурах гэж буй хүн эхлээд зорилгоо тодорхойлох нь чухал. Зорилгоос хамаарч хэл сурах арга өөр өөр байдаг.

Гадаад хэлийг зүүн тархиар сурах арга гэдэг нь дүрэм голчилсон ухамсартайгаар сурах аргыг хэлнэ. Энэ аргаар тоэфл (TOEFL) гэх мэт шалгалт өгөхийг зорьж буй хүмүүс ихэвчлэн хичээллэдэг. Гэвч энэ арга нь ярианы чадварыг хөгжүүлэхийг зорилгоо болгодоггүй тул бүтэн нэг жил үзсэн ч ярих чадвар хөгжихгүй. Жишээ нь танд “fly” гэдэг англи үгийг хэлэхэд та өөрийн эрхгүй монгол хэлнээ “нисэх” гэж сэтгэн бодсоны дараа англи утгыг ойлгодог.

Харин хэлд орж буй хүүхэд эргэн тойрноо ажиглан сонсож байгаад тухайн хэлээ сурах аргыг баруун тархиар сурах арга гэнэ. Энэ аргаар шинэ хэлийг сурч буй хүн нэг жилийн дотор ярих чадвартай болдог. Өөрөөр хэлбэл та яг төрөлх гадаад хэлтэй хүн шиг сэтгэж эхэлнэ гэсэн үг юм. Уг арга нь өдөр тутмын ярианы хэлэнд тулгуурлан хичээл хийхээс илүүтэй оролдлого хийх замаар тухайн гадаад хэлээр төвөггүй ярих, сонсох чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Баруун тархиар гадаад хэлийг сурах аргыг анх нээж олсон Японы хэл шинжлэлийн эрдэмтэн Макото Шичида 18 насандаа энэ аргаар Англи хэлийг сурч зөвхөн өдөр тутмын ярианы хэлийг сураад зогсохгүй, семинар, лекцийг хүртэл орчуулагчгүй өөрөө ярих, ойлгох түвшинд хүрсэн байдаг.

Эрдэмтэн Макото Шичида баруун тархиар гадаад хэлийг сурах аргыг нээж олсноо ийн тайлбарлажээ. “Намайг Японоос Бээжинд очиж дунд сургууль сурч байхад манай Японы дунд сургуулиас нэгэн сурагч шилжиж ирсэн юм. Би түүнийг ганцхан жилийн дотор хятадаар ус цас шиг ярихыг хараад биширч байсан. Энэ явдал долоон жил Бээжинд амьдарч, хятад хэлийг тусгай сургуульд нь заалгаж байсан хирнээ хятадаар тийм ч сайн ярьж чадахгүй байсан надад цочирдмоор явдал болж байв. Би тэр хүүхдээс яаж ингэж ярьж сурсныг асуухад хятад хэлний харилцан ярианы нэг ном олж аваад хятад хүнээр уншуулан хуурцагт бичиж аваад түүнийгээ дахин дахин давтан хэлсээр бүхэл бүтэн номыг тэр чигээр нь цээжилснээ хэлсэн. Ингээд би найзынхаа туршлага дээр тулгуурлан англи хэлийг сурч, энэ аргыг судлаж боловсронгуй болгохоор сэтгэл шулуудсан билээ” хэмээн дурссан байдаг.

Эрдэмтэн Макото Шичида хэлэхдээ долоо хоногт тодорхой сэдэв бүхий нэг хичээлийг цээжилж түүнийгээ дуурайн үглэж сурвал баруун тархи гадаад хэлийг хүлээн авч улмаар буцаан гадагшаа гаргах чадварыг аяндаа биелүүлдэг болно гэжээ.

Судлаач миний бие англи хэлийг дунд түвшинд  сурч буй хоёр монгол оюутныг судалгаандаа хамруулан Макото Шичидагийн “Баруун тархины англи хэл” номын 25 цуврал хичээлийг тус эрдэмтний англи хэл сурах аргачлалын дагуу 6 сарын турш судлуулахад тэдний англи хэлээр харилцах чадвар эрс нэмэгдсэнээс гадна уг аргаар сурч эхлэхээс өмнө цаасанд суурилсан тоэфлийн шалгалтад төдийлөн амжилттай бус буюу 460, 484 оноо авч харин 6 сарын дараа дахин шалгалт өгөхөд 587, 590 оноо авсан байдаг. Эндээс харахад баруун тархиа ашиглан гадаад хэлийг сурахад зөвхөн ярианы хэл сайжрахаас гадна бичгийн хэл, сонсох чадвар давхар дээшилж байдаг нь харагдаж байна.

Дашрамд тус хоёр оюутанд дараагийн 25 хичээлийг өгч ямар үр дүн гарч буйг үргэлжлүүлэн судалж байгаа бөгөөд судалгаанд оролцогч оюутнуудын баталж буйгаар хичээл нэмж үзэх тусам англи үг, хэллэг, яриа аяндаа гарч байгаа юм.

Баруун тархиар сурах аргын талаар хийгдсэн судалгаанаас харахад хүний баруун тархины нугалаас зүүнээсээ нэг саяар илүү байна. Гоц ухаантай, суутан хэмээгддэг хүмүүс бидэнтэй л ижил уураг тархитай байдаг бөгөөд гагцхүү тэд баруун тархиа илүү ажиллуулж чаддагт нууц нь оршино.

Баруун тархи нь мэдээллийг хүлээн авсны дараа ухамсаргүйгээр чөлөөтэй боловсруулж гадагш нь хэл яриагаар дамжуулан гаргах үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл гадаад хэлний тодорхой сэдэв бүхий хичээлүүдийг давтан сонссоор байтал тэдгээр нь таны тархинд автоматаар бичигдэнэ гэсэн үг юм. Улмаар тархинд бичигдсэн мэдээллээ тэр чигээр нь гаргах чадвартай болдог. Баруун тархи нь тухайн нөхцөл байдалд зохицуулан тохиромжтой үг хэллэгийг өөрөө боловсруулах чадвартай (subconscious, unconscious potential) байдаг ажээ.

Харин зүүн тархиа ашиглан сурах нь ийм боломжгүй бөгөөд сурсан зүйлсээ дүрмийн дагуу эвлүүлэн ярихыг оролддог ч амьд ярианаас хол, хөндий сонсогддог байна.

Гадаад хэл бүр өөр өөрийн долгионы хэлбэлзэлтэй байдаг. Хүүхэд ямар ч хэлийг хурдан сурдаг нь тэд 16-1600 герц үелзлийн дуу авиаг ялган сонсож чаддаг ба насанд хүрсэн хүн зөвхөн өөрийн төрөлх хэлний авианы үелзлийг сонссоор бусад хэлийг сонсоход төвөгтэй болсон байдаг. Тийм хүмүүс тухайн гадаад хэлийг сурч буй улсад амьдрах, эсвэл орчинд нь орж хэсэг хугацаанд ярих, сонсох дадлага хийснээр бусад хэлний авиан үелзлийг сонсч сурдаг бөгөөд үүнийг энгийнээр “чих онгойх”гэдэг. Гадаад орон уруу явж дадлага хийх боломжгүй хүмүүс баруун тархиа хөгжүүлэх яриа, сонсголын дасгал хийхэд мөн ижил үр дүн үзүүлдэг нь судалгаагаар тогтоогдсон байна.

Орчин үед хэл шинжлэлийн эрдэмтэд хүн ямар нэгэн зүйлийг ойлгохгүйгээр цээжилнэ гэдэг тийм ч муу хэрэг биш хэмээн үзэх болжээ. Ингэснээр баруун тархи хөгждөг. Жүүд хүүхдүүд нэг ой таван сартайгаасаа ээжийгээ даган “Хуучин гэрээ”-г цээжилж эхэлдэг. Тэд юу, ямар утгатай зүйл цээжилж буйгаа төдийлөн сайн ойлгодоггүй ч таван настай болох үед уг судрыг бүтнээр нь цээжилсэн байдаг. Тийм ч учраас Жүүд үндэстэн дэлхийн хүн амын зөвхөн нэг хувийг эзэлдэг ч Нобелийн шагналтангуудын гучин хувь нь Жүүдүүд байдагт гайхах зүйл байхгүй болов уу.

Бид төрөлх хэлээ баруун тархиараа сурсан байдаг. Үүний баталгаа бол бид монгол хэлээрээ ярих үедээ ямар ч үг хэллэг, дүрэм боддоггүй, үг яриа цаанаасаа урсан гарч байдаг. Харин ямар нэгэн гадаад хэлээр ярих үед  юун түрүүнд үг, дүрмээ бодсоны дараа хэл яриагаар дамжуулан гадагш гаргадаг. Баруун тархиа ашиглаж яривал энэ асуудал шийдэгдэнэ.

Баруун тархиар гадаад хэл суралцагчдад өгөх хамгийн чухал зөвлөгөө бол хичээлд гарах үйлдлүүдийг сонсонгоо төсөөлөн бодох юм. Цээжилсэн зүйлээ ярьж байхдаа өөрөө тухайн үйлийг үйлдэгч нь болсон мэтээр төсөөлөн бодох, мөн өөрийн гэсэн өгүүлбэрийн бүтэц загваруудыг бий болгож орлуулан хэлэх маягаар шинэ өгүүлбэрүүд зохион ярих хэрэгтэй. Эцэст нь бодит байдал дээр гадаад хүнтэй ярих дадлага хийж сурсан зүйлсээ батжуулах үндэс болно.

Монгол хүн баруун тархиа ашиглан гадаад хэлийг сурах тухай судалгаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд хойшид энэ талаар гүнзгий судалгаа хийх зайлшгүй шаардлагатай юм.

Эрдэмтэн Макато Шичида баруун тархиар гадаад хэл сурч буй хүн өдөр бүр арван минут зарцуулахад л зорилгодоо хүрнэ хэмээсэн бөгөөд даяаршлын энэ эрин үед хос хэлтэн болж хоёр дахь, гурав дахь гадаад хэлээ сурахад энэхүү арга туслах нь гарцаагүй юм.

Д.Шинэбаяр (докторант)

МУИС-ийн, ГХТ-ийн багш

Email: shiny.do@gmail.com

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.