Г.Дэлгэрдалай: Дуртай аялгуу, эртний ном зохиолоос санаагаа олдог

Хүмүүс загвар зохион бүтээгч гэхээр ихэвчлэн эмэгтэй хүн байдаг гэж боддог. Гэхдээ Монголд амжилттай дизайнер болохыг зорьж яваа цөөн хэдэн эрэгтэй загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг нь хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж яваа загвар зохион бүтээх авьяастай “Монгени” цогцолбор сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Дэлгэрдалай хүү билээ. Түүний ярилцлага asiarussia-д гарсныг орчуулан хүргэж байна. Тэрбээр загваруудаараа нэлээд амжилтыг гаргаад байгаа ажээ.

-Зураг зурах, хувцасны загвар зохиох авьяасаа хэзээнээс хөгжүүлж эхэлсэн бэ?

– Зураг зурах, хувцасны загвар зохион бүтээх авьяасаа долдугаар ангид байхаасаа хөгжүүлж эхэлсэн.  Сургуулийнхаа зургийн дугуйлан болон “Хаврын гоёл” тэмцээнд оролцож шагнал авч, улмаар бүтээл урлах урам зориг төрөн, түүнийгээ хөгжүүлэх болсон. Өмнө нь хүний царайны хувирлууд болоод хувцас, гутал гэх мэт зүйлийг зурдаг байсан. Тэр зургуудаа одоо болтол хадгалдаг.

-Энэ чиглэлээр ямар ямар амжилт гаргасан бэ?

-Хэд хэдэн амжилт гаргасан. Хамгийн том нь улсын болон ОУ-ын уралдаан тэмцээнүүд. “Үнсгэлжин 2017” улсын уралдаанд Гранпри шагнал, “Үнсгэлжин 2018” наадамд нэгдүгээр байр, Их Засаг Олон улсын их сургуулиас зохион байгуулсан “Мөрөөдлийн зүг” бүтээлийн уралдаанд нэгдүгээр байр, “Хүслэн 2017” нийслэлийн тэмцээнд нэгдүгээр байр, БНХАУ болсон ОУ-ын хүүхдийн уралдаанд шилдэг бүтээл, Нийслэлийн гар зургийн наймдугаар олимпиадад нэгдүгээр байр гээд олон шагнал хүртсэн.

-Загваруудынхаа санааг хаанаас, хэрхэн олдог вэ?

-Би өөр дизайнер болон загваруудаас санаа авах биш, харин өөрийн дуртай ая, эсвэл бусдаас өөр шийдэлтэй кино болон эртний ном зохиолоос сэдэвлэж загвараа бүтээхийг хичээдэг. Загваруудаа гаргахын тулд судалгаа ч их хийдэг. Миний загваруудыг харвал улс орнуудын соёл заншил, тэдгээрийн гайхамшгийг одоо цагт оруулан, уран яруу сэтгэмж, тухайн нэг хувцас бусдад юуг ойлгуулахыг зорьсон зэргийг үргэлж бодон, сүнслэг болгож, хүмүүсийн сэтгэлд хүргэхийг зорьдог.

-Хувцасны загвар бүтээж байхдаа мэдэрдэг хамгийн сайхан зүйл чинь юу вэ?

-Хувцас бүтээх нь их сайхан ч тухайн хүний хэрхэн харагдах, ямар хандлага, зан араншинтай байх, өмссөн хувцсаараа юуг илэрхийлэхийг хичээсэн бэ гээд дизайнер хүн тэр бүгдийг мэдэрч чаддаг байх ёстой. Харин загварыг зохиох үедээ өөрийн дуртай аялгуунуудыг сонсож, хийж буй зүйлдээ бүх сэтгэл зүрхээ зориулах нь үнэхээр гайхалтай санагддаг.

-Загвар гаргаж байхдаа аялгуунууд сонсдог гэлээ. Ямар уран бүтээлчийн хөгжмийг сонсдог вэ?

-Дуучин Виктор Цой болон Паров Стелар, Бодьхүүгийн уран бүтээлүүдийг сонсох дуртай. Хамгийн сүүлд хийсэн загваруудаа тэднийг сонсож байх зууртай гаргасан.

-Гадаад болон Монголын загвар зохион бүтээгчдээс хэнийг хамгийн их хүндэлж, урам авдаг вэ?

-Алдарт “Haute couture brand” , “Versace”, “Michael cinco” брендээс урам зориг авдаг.

-Ойрын үед төлөвлөсөн төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцана уу?

-Дунд сургуулиа амжилттай төгсөөд Япон улсын Токио хотод Урлагийн Их сургуульд элсэн суралцахыг хүсч байгаа.

-Ямар загвартаа хамгийн их хайртай вэ?

-Долдугаар ангид байхаасаа хойш жил бүр өөрийнхөө дотор буй зүйлсийг цаасан дээр буулгаж, оёдол сурч, их судалгаа хийн 30 гаруй загвар гаргасан. Бүх загвартаа хайртай.

-Чиний бодлоор хүн амжилттай байхын тулд яах ёстой вэ?

-Амжилттай байхын тулд ямар хандлагыг баримтлах ёстойг сайн мэдэхгүй ч өөрийнхөө хувьд баримталдаг зарчим гэвэл хүн ямар ч үед бүх хүчээ дайчлан, хичээж, зогсолтгүй урагшилсаар байх ёстой. Авьяас байсан ч хичээхгүй бол амжилтад хүрэхгүй гэж боддог.

-Чамайг юу урагш хөдөлгөдөг вэ?

-Найз нөхөд, гэр бүл, багш маань дандаа дэмжиж, ойлгож, тусалдаг болохоор илүү их хичээж, их зүйл хийх хүслийг бадраадаг. Тэд багахан амжилтад хүрэхэд минь их тусалсан.

-Үеийнхэн дунд чинь өрсөлдөөн хэр их байдаг вэ?

-Залуу үе бид нас бага ч хурдан өсч, их хөдөлмөрлөн, авьяастай, мэдрэмжтэй болж байгаа. Мөн хүсэл зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөж, загвар ч гэлтгүй өөр оюун ухааны болон урлаг спортын салбарт олон улсад Монгол хүүхдүүд манлайлж байна.

-Монголын загварын ертөнцийн хөгжлийн талаарх бодлоо хуваалцана уу?

-Дэлхийд гарч байгаа Монголын загвар цөөн ч гэлээ загварын чиг хандлагаас хоцроогүй байгаа гэж боддог.

-Ирээдүйд өөрийн брендийг гаргах бодолтой юу?

-“Haute Couture” шиг гар ажиллагаа их орсон үндэсний болон өдөр тутмын хувцасны загвар зохион бүтээдэг, Монголд төдийгүй дэлхийд алдартай өөрийн брендтэй болохыг мөрөөддөг.

 

Ярилцсанд баярлалаа.

 

 


Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …