Ханиад, томууны үед хүүхдээ асарсан эх, эцэгт  цалинтай чөлөө олгоно 


Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаас даалгав.

Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгов.
Хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм.

Цаашид нийслэлийн 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, “Хүрээ” амаржих газрыг шилжүүлэн суурин дээр нь 300 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов.

 

 

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орчны хүртээмжийг бий болгох зорилгоор “Гэрээсээ гарцгаая” аяны хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, …