“Эрдэнэс Таван толгой” ХК-тай холбоотой асуулт, хариулт

243bda1a604d5d12originalИргэдээс ирүүлсэн “Эрдэнэс тавантолгой” ХК-н хувьцаа эзэмшилттэй холбоотой асуултын хариултын багцлан хүргэж байна

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд хэрхэн эзэмшүүлж байгаа вэ?

Монгол улсын нийт иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болсон. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Засгийн газраас доорхи тогтоол, шийдвэрүүд гаргасан. Үүнд:

  1. 2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоол: Монгол улсын иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх тухай
  2. 2012/04/11-ны өдрийн №116 дугаар тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, аж ахуйн нэгжүүдэд худалдахтай холбоотой авах зарим арга хэмжээний тухай
  3. 2012/05/30-ны өдрийн №181 дүгээр тогтоол: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааны тухай, нэрлэсэн үнэ, бичилт хийх, бутархай хувьцаа, хувьцааны төлбөр төвлөрүүлэх асуудал
  4. 2012/06/13-ны хурлын №35 дугаар тэмдэглэл: Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яамнаас иргэдийн жагсаалт хүргүүлэх, сурталчлах
  5. 2012/06/13-ны өдрийн №201 дүгээр тогтоол: ““Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам” батлах тухай
  6. 2012/06/25-ны өдрийн №218 дугаар тогтоол: “Эрдэнэс МГЛ” ХК-ийн давуу эрхийн хувьцааг Монгол улсын иргэдэд олгох тухай

Засгийн газрын тогтоолын дагуу манай компани нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас шинэчилсэн бүртгэлд хамрагдсан Монгол улсын нийт иргэдийн жагсаалт, Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас “Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд”-ийн жагсаалт, Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан иргэдийн жагсаалтыг тухай бүр хүлээн авч “Эрдэсэн тавантолгой” ХК-ийн хувьцааны бүртгэлийг хийж байна.

Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн иргэд гэдэгт:

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хэлбэрээр тус тус хүртсэн иргэд хамаарагдана.

Анхаарах зүйлс

  • 2011/03/31-ны өдрийн №98 дугаар тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэд 536 ширхэг эзэмших эрхтэй.
  • 2012/04/11-ний өдрийн №116 тогтоолын дагуу уг өдөр болон түүнээс өмнө төрсөн иргэд 1072 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй.
  • 2011/04/01 – 2012/04/11-ны хооронд Монгол улсын харъяатаас гарсан болон нас барсан иргэн нэмж 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхгүй бөгөөд зөвхөн 536 ширхэг хувьцаа эзэмшинэ.
  • Хишиг хувь хүртсэн иргэдийн хувьд 1072 ширхэг хувьцааг 1 сая төгрөгтэй дүйцүүлсэн.

Хувьцааны бодолтыг хэрхэн хийх вэ? /Жишээ/

  • Иргэн Дорж 2011 онд эрүүл мэндийн даатгалын 8040 төгрөгийн хишиг хувь хүртсэн. 8040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*8040) / 1000000 = 8.61888 ≈ 9

Доржийн эзэмших хувьцаа: 1072 – 9 = 1063

  • Оюутан Бат 2011 сургалтын төлбөр хэлбэрээр 500000, эрүүл мэндийн даатгал хэлбэрээр 8040 төгрөг нийт 508040 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 508040 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*508040) / 1000000 = 544.618 ≈ 545

Оюутан Батын эзэмших хувьцаа: 1072 – 545 = 527

  • Оюутан Сүрэн 2012 сургалтын төлбөр хэлбэрээр 491960 төгрөгийн хишиг хувь хүртсэн байна. 491960 төгрөгт ногдох хувьцаа:
    • (1072*491960) / 1000000 = 527.3811 ≈ 528

Оюутан Сүрэн эзэмших хувьцаа: 1072 – 528 = 544

  • Иргэн Д 2012/03/18 өдөр нас барсан /Монгол улсын харъяатаас гарсан/ бол: Иргэн Д –ийн эзэмших хувьцаа: 536
  • Иргэн Оюун Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртгээгүй бөгөөд Засгийн газарт хувьцаагаа 1 сая төгрөгтэй дүйцүүлэн худалдахаар өргөдөл гаргасан тул иргэн Оюун хувьцаа /1072 – 1072 = 0/ эзэмшихгүй.

Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.schcd.mn/registration хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг крилл үсгээр шивж оруулан шалгах боломжтой.

Олон Нийттэй Харилцах Алба

Харилцах утас: 70120460, 70111830

“Үнэт Цаасны Төлбөр Тооцоо Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК

Эх сурвалж: schcd.mn

Санал болгох мэдээ

“Монгол үйлдвэрлэгчийн брендийг дэмжцгээе”аян боллоо

  Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд тэргүүлэгч  “Баянзууч” компани санаачилан   “Монгол үйлдвэрлэгчдээ, …