Д.Өлзийбаатар:Төрийн шагнал авсныг маань манайхан зурагт үзэж мэдсэн байна лээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрөгч бямба гаригт Төрийн шагнал хүртсэн түүхч Д.Өлзийбаатартай уулзаж хөөрөлдлөө.

Энэ жилийн Төрийн шагналыг монгол түүхийнхээ жимээр зорчсон эрхэм хоёр хүмүүнд олгосон нь нүдээ олсон шагнал боллоо гэж шуугицгааж байна. Дэмбэрэлтэй сайхан өдөр өлзийтэй алтан одонг зүүлгэнэ гэж баатар их түүхээ судалж байв уу?

-Энэ их гэнэтийн шагнал байлаа. Би төрийн шагнал авна гэж бодож ч явсангүй. Мэдсэн ч үгүй. Монгол Улсын төрийн шагналыг энэ жил миний “Монголчууд”, “Тусгаар тогтнолын түүх” гэсэн хоёр бүтээлд өглөө. Төрийн шагналыг бүтээлд олгодог юм байна. Дээрх хоёр сонсдог бүтээлийг 2013 оноос хийж, монголчууддаа хүргэсэн. Төрийн шагнал авсандаа баяртай байна. Монголчууд түүхээ хүндэлж дээдэлж байгаагийн нэг илрэл энэ байх.

Төрийн шагналт түүхчид харьцангуй цөөхөн байдаг байх аа?

-Манай түүхчдээс Ш.Нацагдорж, Хөдөөгийн Пэрлээ, Оохнойн Батсайхан нарын олон биш хүн төрийн шагнал авсан байдаг. Дараа нь би авч байх шиг байна. Түүх, урлаг соёл, уран зохиолын бүтээлүүдэд олгодог гэдэг утгаараа их хүндтэй шагнал л даа.

-Санчирын хувьд шагнал авахаа мэдэлгүй очсон гэсэн. Та энгэр цоолохоо мэдэж байв уу?

-Хорьдугаар зууны түүхийг харуулсан баримтат кино хийхээр “Hero” студийн Баатар бид хамтарч ажиллаж байгаа юм. Энэ талаар л хуралдана гэж дуудсан. Хуралд сууна гээд өглөө гэрээсээ гараад санамсаргүй очсон. Очсон чинь л шагнал болоод явчихсан. Ерөнхийлөгч бидний бүтээлийг тааллаараа ойлгож явдаг юм байх л даа.

-Таны сонсдог ном бестселлэрийг олон сар тэргүүлсэн. Гурван жилийн өмнө нээлтэнд нь УИХ-ын дарга асан З.Энхболд очихдоо “Түүх бол сайн нь ч бидний багш, муу нь ч бас багш” гэсэн гэдэг. Түүх нэлээд сонирхдог хүн л ингэж хэлнэ дээ?

-Энхболд дарга чинь түүх их сонирхдог хүн. “Монголчууд” номоо гаргах гээд санхүүжилт хайж явахад тодорхой хүмүүстэй холбон “Энэ хүнд туслаач” гэж захиж байлаа. Г.Бадамсамбуу бид хоёр 1996 онд “Шинэ цагийн товчоон” гэдэг дөрвөн цуврал анги түүхэн баримтат кино хийсэн юм. Тэр кинонд Энхболд дарга дэмжлэг үзүүлж байсан. Хорин жилийн өмнөх түүх хожим тэгж давтагдсан. Миний гол зорилго залууст эх түүхээ л мэдүүлэх юмсан гэсэн бодол. Түүхээ л мэдэж байж хүн эх орноороо бахархана. Манай түүхчид түүхийн номуудыг их сайн бичсэн. Саяхан гэхэд манай МУИС-ийн Түүхийн тэнхимийн захирал, Дэлгэржаргал доктороор ахлуулсан ажлын хэсгийн гаргасан Монголын эртний түүхийн таван боть байна. Би харин ямар хэлбэрээр түүхээ хүн ардад хүргэх вэ л гэж бодон сонсдог номын төрлийг сонгосон хэрэг.

-Хурал болно гэж очоод төрийн хишиг хүртчихэж. Ар гэрийнхэн чинь яаж мэдэв?

-Мэдсэн хүн байхгүй. Эхнэр ажилдаа явчихсан байсан. Гэнэтийн юм болсон болохоор бүгдээрээ сандралдсан. Манай гэр бүлийнхэн бүгд зурагтын мэдээ үзэж мэдсэн гэж байсан. Төрийн ордон руу ороход гар утас хураагаад авчихдаг болохоор шагнал авснаас бүүр хойно л гарч ирэхдээ л ярьсан.

-Ах дүү, хамаатан садан чинь сонсоод яаж байх юм?

-Аав, ээж маань эрт бурхны оронд явсан. Би эцэг эхээс гурвуулаа. Ах маань нэлээд эрт өвчнөөр өнгөрчихсөн юм. Дүү Өлзийсайхан маань хувийн бизнес хийдэг хүн. Аавын өлгий нутаг Хөвсгөлийн Арбулагаас, ээжийн нутаг Өвөрхангайн Хайрхандулаанаас хүмүүс баяр хүргэж ярьж байна аа. Уг нь манайх чинь аль дөчөөд онд хотод шилжиж ирснээс хойш би төрсөн юм шүү дээ.

 

Үргэлжлэлийг  энд дарж уншина уу

 

 

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …