Сонжоо: Телевиз үзэгчдийг ангилах нь

p_2676869Та бидний амьдралд өдөр бүр урилгагүйгаар ирдэг зочин бол Телевиз. Бид түүнээс өөрсдийн сонирхсон төрөл бүрийн мэдээллийг ямарч саадгүйгээр сонгон үзэх боломжтой. Ингэхдээ чухам юуны талаар мэдээлэл авах, тэрхүү зүйлийг өөрийн бодлоор дүгнэж цэгнэхдээ харилцан адилгүй байдаг. Энэ нь олон үзэл санаатай холбоотой гэх үү дээ. Тэгвэл эрхэм та доорх үзэл санааны болон үзэгчийн байр суурины ангилалаас өөрийгөө ямар үзэгч болохоо мэдэж болох юм.  Үүнээс та өөрийгөө чухам аль ангилалд багтахыг мэдэж болно.

Урлагийн гоо сайхныг бишрэгч
Энэ бол их урлагийг сонирхон дурлагч хүн. Өдгөө нэгэнтээ алдарт Федирико Феллини, Олегь Тарковский, Бергман гарын бүтээлийг зөвхөн кино урлагийн наадам эсвэл кинотеатрын дэлгэцнээс үздэг цаг үе өнгөрчээ. Бараг өдөр болгон сонирхохгүй өнгөрөмгүй кино урлагийн сод бүтээлийг бид гадаадын гэлтгүй монголын телевизийн сувгуудаар хүлээн авч үзэх болсон. Хэдийгээр тэдгээр бүтээлийг өргөн дэлгэцээр үзэх сонирхол байвч телевизийн дэлгэцээр гарахад нь шимтэн үзэх дуртай. Энэ нь цаг болоод мөнгөнд хэмнэлттэй болоод ч тэр байх. Үүнтэй ч холбоотой бидний хэн нь ч гэсэн зурагтын мэдээг худалдан авангуутаа л хамгийн түрүүнд аль суваг дээр хаанахын ямар кино гарах вэ гэдгийг сайтар харж авдаг. Ингэхдээ жинхэнэ нөгөө кино урлагийг шүтэн бишрэгч маань уг киног үзэх “бэлтгэлээ” хийж эхэлнэ. Тухайн цагт ажил ихтэй байвал түүнийгээ зохицуулна, гэртээ ирээд эхнэрийгээ хоол хийхэд нь урд хойно нь гаран туслаж долгиноно, ингэснийхээ дараа хүүхдээ авч байхыг аятайхан гуйна. Өөрөөр хэлбэл нөгөө талаасаа өөрийгөө сэтгэл санаа, нөхцөл бололцооны хувьд бэлдэж бүр цаашлаад уг кинотой холбоотой мэдээллийг цуглуулж, мэргэжлийн болон ойр дотны найз нөхдөөсөө санал бодлыг нь авдаг. Ингээд киногоо үзсэний дараа хэсэгтээ л бодол болон үйл явдлыг нь эрэгцүүлж, дүн шинжилгээ хийн, тэр ч байтугай тэмдэглэл ч хөтөлдөг.

Галзуу шүтэн бишрэгч
Эд бол бидний хэлж заншсанаар “улаан фэн”… Тэд зурагтын тухай мөн түүгээр гардаг хүн болгоныг сайн мэддэг. Найруулагч, хөтлөгч болон кино жүжигчдийн нэр, хэн нь хиймэл үстэй, бөөрөнхий хэлтэй, мэдлэг тааруу, царайны зохион байгуулалт муу, хэн нь хэний нөхөр, эхнэр, хэн хэнээсээ хүүхэдтэй болсон бүр хэн хэзээ өвдсөн, ажлаасаа халагдсан гээд л… Ингэхдээ тэдэнд телевиз нь зүгээр нэг нэвтрүүлэг уран сайхны кино гаргагч гэдэг утгаараа биш энэ нь нийгэм соёлын үзэгдэл гэх үүднээсээ асар их сонирхолыг нь төрүүлдэг. Үүнтэй ч холбоотой галзуу шүтэн бишрэгчид өөрөө дэлгэцийн од болохыг нууцхан сэтгэлдээ мөрөөдөж явдаг. Үнэхээр ч тэдний дундаас кино шүүмжлэгч, урлаг судлаач, тоймч, эсвэл зар сурталчилгааны ажилтан төрдөг нь цөөнгүй. Ийм амжилтанд хүрч чадахгүй ч насаараа тасалбар түгээгч хийгээд “би шоу бизнесийн салбарт хүчин зүтгэж байна” хэмээн бодогчид ч байдаг.

Ухаантан
Тэд зурагтын тухай дур гутсан маягтай ихэмсэгээр ярвайж ирээд л “би хэзээ ч түүнийг чинь үздэггүй” гэж худлаа ярих дуртай. Гэхдээ бид тэдний олон нийтийн талаарх үзэл бодол байр суурь нь явуургүй болохыг зоригтой хэлэх хэрэгтэй. Ингэж хуурамч дүр эсгэдэг ч гэсэн ухаантнууд зурагтыг мэдээллийн үнэт эх сурвалж хэмээн үзэж түүнээс өөрт хэрэгтэй мэдээллээ байнга авдаг нь нууц биш. Заримдаа тэд ухаангүй гэмээр тулаан, галзуу гэх порно бүтээлийг ч бусдаас далдуур үздэг. Мөн зарим нэгэн тэнэг цуврал, огт инээд хүрэмгүй муухан хийгдсэн хошин шогийнхны өмнө бууж өгөх тохиолдол ч байдаг. Түүнчлэн тэднийг яг тийм зүйл сонирходог гэж хэлэхэд хэцүү. Зурагтын өмнө суусан үедээ сувгуудыг галзуурмаар олон сольж ойлгомжгүй маягаар мэдээллийг авахыг хичээдэг. Ийм төрлийн хүмүүс нь янз бүрийн асуулт хариултын тэмцээнд оролцож буй өөр шигээ ухаантнуудын мэдлэг болон ухаалаг байдлыг үзэх дуртай бөгөөд ингэхдээ тухайн оролцогчоос түрүүлж зөв хариулан өөрийгөө мундаг амьтан болгон өөртөө болон өрөөлд харуулахыг хичээдэг. Яг энэ байдлыг сонирхох аваас та МҮОНТ-ээр явагддаг “А.Х.А” –гийн үеэр ийм хүний хажууд нэг суугаад үзээрэй. Ихэвчлэн тухайн болхи болсон нэвтрүүлэг киног муу гэдгийг нь мэдсэн мөртлөө үзэж дуусаныхаа дараа тийм ч улс орон, хүний амьдралын талаар мэдээгүйгээ мэдэж авлаа хэмээн ичсэн тайлбарыг хийдэг, тэр “ухаантнууд”.

Ажил хэрэгч хүн
Өөрийн амьдрал, сэтгэл зүрхийг ажил хэргийнхээ төлөө зориулдаг хүн зурагт тун бага үздэг бөгөөд тэд зөвхөн мэдээллийн болон спортын хөтөлбөрийг л сонгодог. Ер нь мэдээллийн хөтөлбөрийг үздэг байх нь улс орон хийгээд дэлхий ертөнцөд болж буй үйл явдлын талаар мэдлэгтэй байж энэ нь шаардлагатай үед ашиглах гэсэн үүднээс тархиа мэдээллээр зэвсэглэх хэрэгтэй гэсэн үг. Наад захын нэгэн тэнэглэлийг энд дурьдвал Америкийн ерөнхийлөгчийг манай оронд ирсэн үеэр нэгэн телевизийн сувгаар хачирхалтай зүйл гарч байсан. “Өнөөдөр манай улс оронд ямар үйл явдал бол байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултанд нэгэн ганган бүсгүй “би сайн мэдэхгүй байна, мэдээ үзэх дургүй л дээ” гэсэн нь харамсалтай. Ажил хэрэгч хүний бас нэгэн сонирхолыг тэмцэл өрсөлдөөн харуулсан нэвтрүүлэгүүд татдаг. Ийм төрлийн кино ч сонирхол төрүүлнэ. Яагаад гэхээр тэрээр даргынхаа дарамт эсвэл өрсөлдөгчийнхөө хорон санаа, тэдэнд хүрсэн уур омгоо үүгээр дарж түүнээс туршлага хуримтлуулах дуртай байдаг. Энэ ч утгаараа ажил хэрэгч үзэгчид дарга болон түншийнхээ үзэх дуртай зүйлийг заавал үзэх гээд байдаг.

Бэртэгчин
Зурагтаар гарч байгаа бүх л зүйлийг үздэг. Гэртээ ирэнгүүтээ зурагтаа асааж, унтахдаа унтраадаг. Нэвтрүүлэгийн болон киноны агуулагад төдийлөн анхаардаггүй, ердөө л зурагт гарч байна гэдэг нь өөрийн баргар, гунигтай бодлоосоо ангижрихын тулд юм уу, эсвэл толгойд нь юу ч орохгүй бол ямар нэг өдөөлт бий болгох гэж тэд ингэдэг. Чухамдаа зурагтаар юу ярьж , юу үзүүлж байгаад анхаарлаа төвлөрүүлэх дургүй. Зурагтын нэвтрүүлэгүүд бүгд л түүний хувьд амьдралын бусад бүх асуудлуудын адил уцаарыг нь хүргэдэг. Тиймээс тэрээр залхтал давтагддаг реклам сурталчилгааг үзэж хараан зүхэх дуртай. Ийм үзэгчийн анхаарал нь байнга сарниж байдаг тул тухайн өгүүлэмжийг төдий л сайн ойлгодоггүй. Тэрбээр аливаа муу муухай, бараан мэдээлэл, хүчирхийлэлийг бол хүлээн авахдаа сайн. Зурагтаа үзэж байх үедээ харааж зүхэх, уурлаж, хашгирах зэрэг үйлдэл ч хийдэг. Хамгийн аймшигтай нь бэртэгчин үзэгчид зурагттайгаа харьцдаг муухай зангаа хүнтэй харьцах үедээ гаргадаг болчихдог. Хэрвээ хоёр ийм хүн таарвал бие биетэйгээ ихэд найрсаг харьцдаг. Хөндлөнгөөс харахад хоёр телевиз өөдөөс нь харуулаад тавьсан мэт болдог. Ийм төрөлд багтах үзэгч та бидний дунд багагүй байгаа болов уу. Ялангуяа амьдралын энэ хүнд хэцүү бухимдалын үед алжаал тайлахаасаа илүү стрессд орох бүх орчин бидний эргэн тойронд байна.

Техникийн сэтгэхүйтэн
Түүний сонирхолыг техник технологийн хүчин чадал давуу боломж илүүтэй татдаг бөгөөд хэрвээ тэд хөгжим сонсож байвал түүний чадал, үелзэл, давтамж болон бусад хэмжээнүүдийг л бодож байдаг. Харамсалтай нь энгийн нэгэн зурагт түүний хэрэгцээг хангаж чаддагүй. Чхуам ийм хүмүүсийн хүсэл сонирхолыг хангахын тулд хагас дэлгэцтэй зурагт, эзнээ даган хөдөлдөг дэлгэц гээд бусад олон гайхамшиг зургтанд бий болсон. Ийм үзэгчийн хувьд тухайн нэвтрүүлэгийн компьютер график, эффект мэргэжлийн чадварыг илүү сонирхоно. Гэвч эдгээрээс түүний санаад нийцэх зүйл тун ховор. Тэд өөрсдийгөө хамгийн шилдэгийн нэг үздэг болохоор ч тэр байх. Түүнд гайхамшигтай сайхан санаа биш харин гайхалтай технологи л хэрэгтэй.

Ухаалаг үзэгч
Энэ төрөлд хамрах үзэгч нь өөрт хэрэгтэй гэсэн нэвтрүүлэгээ сонгон үзэж, түүнээс олж авсан мэдээллээ найз нөхөд ойр тойрныхонтойгоо хуваалцдаг. Урьд өмнө нь манайд ухаалаг уншигч гэж байсан бол одоо ухаалаг үзэгч олон болсон. Тэд зурагтаас улс төр, нийгэм шашны талаар хэрэгтэй мэдээллээ олж авчихаад түүндээ захиа бичих нь элбэг байдаг. Түүндээ “…тэр нэвтрүүлэг тун сайн боллоо. Нэвтрүүлэгт оролцсон хүн чинь үнэхээр ухаалаг хүн байна…” хэмээн өгүүлдэг. Ийм үзэгчдийг телевизийнхэн төгс төгөлдөр үзэгч гэж үзээд тэдэнтэй чалчих дуртай байдаг ажээ.

Гэрийн эзэгтэй
Тэд бол мэдээж болсон болоогүй элдвийн цувралуудыг хамж үзэгчид. Дуртай цувралууд дээр нь гарч байгаа гоё сайхан амьдралыг өөрийн хоёрдахь амьдрал шигээ болгочихсон хүмүүс. Нөгөө хэдэн солонгос жүжигчидтэй бараг ах дүү авгай нөхөр мэт болчихсон байдаг. Тэд өмнөөс зовж шаналж, уйлж унжих нь энүүхэнд. Энэ үзэгчид гол төлөв боловсрол багатай, гэрээс хаашаа ч гарч үзээгүй хатагтай нэр байдаг. Тэдэнд киногоо үзэхгүй байх нь нөхрөөсөө салахаас ч илүүтэй зовлон шаналал болдог. Бусдыг энэ чиглэлд уруу татах сонирхол их байдаг. Үзэж байх үед дэлхий дээр атомын бөмбөг хаяхыг тоохгүй байж чадах байх. Гэхдээ цувралууд дээр амьдралын бодит байдлын бага хувийг эзлэж байдгийг мартаж болохгүй.

А.Тамир

Ugluu logo

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Болд says

    Театрын үзэгчдийг хэрхэн ангилах вэ?

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.