Говь-Алтай аймгийн Хүндэт иргэнээр Алагийн Батсүхийг өргөмжилжээ

Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 85 дугаар тогтоолоор Алтайн уулчдын амжилтыг дээшлүүлэх, уулын спортыг хөгжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубын удирдах зөвлөлийн гишүүн, Ховд аймгийн Дарви сумын уугуул, Монгол банкны Ерөнхийлөгч асан, Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/ Алагийн Батсүхийг Говь-Алтай аймгийн хүндэт иргэнээр өргөмжилсөн байна. 
Энэхүү нэр хүндтэй Өргөмжлөлийг гардуулах ёслол Улаанбаатар хотын Blue Sky цамхагийн Топаз танхимд 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Тонхил сумын Засаг даргын орлогч Х.Болд, УБ хотын ИТХ-ын дарга асан Т.Билэгт, Монгол улсын гавьяат хуульч, Говь-Алтай аймгийн Тонхил сумын УБ хот дахь нутгийн зөвлөлийн дарга, Хууль зүйн ухааны доктор Ч.Дашням, УИХ-ын Тамгийн газрын Хэвлэл, мэдээлэлийн албаны дарга Ш.Содномжамц, МУИС-ийн математикийн багш Л.Тунгалаг, Мобиком компанийн Маркетингийн албаны дарга С.Дорждэрэм, Говь-Эрдэнэ Кашмир ХХК-ийн захирал Ц.Удвал, Монгол улсын гавьяат жүжигчин Н.Энхбат, “Сутайн бор” клубын үе үеийн уулчид, тамирчдыг төлөөлөн ахмад уулчин, спортын мастер Ш.Галсандорж, өндөр уул, спорт авиралт, мөсөнд авиралт, хаданд авиралтын багийн гишүүд спортын дэд мастер Н.Хэрлэн, спортын мастер О.Сайханжаргал, I зэрэгтэй тамирчин Х.Батсайхан, I зэрэгтэй тамирчин Б.Одмандах , Ш.Адилбат, Д.Хандсүрэн, Ж.Сэдэд нар оролцлоо. Хүндэт иргэний өргөмжлөлийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, “Аймгийн шагналын журам”-ыг үндэслэн олгодог ажээ.  Доктор А.Батсүх нь Говь-Алтай аймгийн Хүндэт иргэний өргөмжлөл хүртсэн 10 дахь эрхэм бөгөөд өмнө нь Монголын бичиг соёлын агуу авьяастан, Халиун сумын харьяат Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэв, Сумогийн 70 дахь Их аварга Ёкозүна цол хүртсэн Чандмань сумын харьяат Харумафүжи Д.Бямбадорж, Гавьяат эдийн засагч Ц.Лоохууз, Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн бөх, Монгол улсын Гарьд,Чандмань сумын харьяат Н.Ганбаатар, Гацуурт компанийн Ерөнхий захирал,Монгол улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат нарын 9 алдартан хүртсэн байна. Говь-Алтай аймгийн үе үеийн уулчид, тамирчдын нэрийн өмнөөс доктор А.Батсүх танд баяр хүргэж танд болон таны гэр бүл, үр хүүхдүүдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Н.Хэрлэн

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …