Нидерландын иргэн шуудангаар их хэмжээний хар тамхи оруулж иржээ

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид тусгай ажиллагаа явуулж, хар тамхи хууль бусаар оруулж ирдэг, худалдан борлуулдаг бүлэг этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ.

Тусгай ажиллагааны үеэр долоо орчим монгол иргэнийг баривчилснаас гадна Нидерландын вант улсын иргэн Вандер Фридтжоб гэгч байжээ. Тэрээр БНХАУ болон европын зарим орноос хар тамхи зөөвөрлөх, хүлээн авах  гол үүргийг гүйцэтгэдэг байсан гэх ба олон удаагийн үйлдэлтэй гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Мөн сэжигтэн Вандер Фридтжоб гэгч нь хууль бусаар оруулж ирсэн хар тамхиа борлуулах сүлжээ бий болгосон байжээ.

Тусгай ажиллагааны үеэр, хэргийн газраас  LCD гэх нэршилтэй химийн гаралтай хар тамхи  илрүүлсэн бөгөөд сэжигтэн Вандер Фридтжоб нь уг бодисыг олон улсын шуудангаар хүлээн авсан нь тогтоогдсон байна.  Түүнчлэн сэжигтэн Вандер Фридтжоб нь Улаанбаатарт удаан хугацааны турш амьдарч байгаа гэх ба тэрээр монгол эхнэртэй аж. Сэжигтний гэрт хийсэн үзлэг шалгалтаар түүний гэрээс каннабис буюу олсны ургамал, LCD гэх нэршилтэй химийн гаралтай мансууруулах бодис  их хэмжээтэйгээр олджээ.  Одоогийн байдлаар хэргийн сэжигтнүүдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа ба мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.

Сэжигтнүүдэд, Монгол улсын Эрүүгийн хуулийн 20.7.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, бусдад борлуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа ба Нидерландын вант улсын иргэн Вандер Фридтжоб гэгчийн монгол эхнэрийг хар тамхины сүлжээнд холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Сэжигтний гэрээс олдсон LCD  гэх нэршилтэй уг бодис нь олон улсад анх 1988 онд бүртгэгдсэн бөгөөд хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлдэг ба зарим тохиолдолд шууд үхэлд хүргэж аюултай байдаг аж.

Б.ЦОГ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …