Л.Баярмаа:Зүрх өвдсөн үед дур мэдэн долоолгоны ханд, валидол хэрэглэх нь буруу

 “Дэлхийн зүрхний өдөр”-ийг тохиолдуулан П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд  Эрүүл мэндийн өдөрлөг зохион байгууллаа.

Энэ үеэр Улсын III төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн сувилагч Л.Баярмаагаас тодрууллаа.

-Хэдэн жилийн өмнө манайхан зүрх судасны өвчинг  ахмад  настай хүний өвчин мэтээр ойлгож явсан. Харин сүүлийн үед энэ өвчин залуужиж хөдөлмөрийн насныхны дунд ихсэх хандлагатай болсон. Энэ өвчин залуужаад байгаагийн гол шалтгаан нь юу вэ?  

Зүрхний өвчин залуужаад байгаагийн гол шалтгаан нь хүмүүсийн  амьдралын хэв маяг, хоол хүнсний хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, болон дуу шуугиан ихтэй орчин, ажил, амьдралын стресс болон биеийн хүчний хөдөлмөр хөнгөвчлөгдөж, энерги бага зарцуулах болсонтой холбоотой. Хоолны нэр төрөл, хэрэглээ, хооллох дэглэм бас өөрчлөгдөж, архи тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн зэрэг олон асуудал бий. Ялангуяа сүүлийн жилүүдэд агаарын бохирдол эрс нэмэгдсэн нь зүрх судасны өвчтэй хүмүүст хортойгоор нөлөөлж, зүрх судасны хүндрэл тохиолдох магадлалыг улам бүр ихэсгэж байна.

 –Зүрх судасны өвчин таргалалтаас үүдэлтэй гэж ярьдаг хүмүүс бий. Гэтэл зарим тохиолдолд туранхай, их ажилладаг, байнгын хөдөлгөөнд байдаг хүмүүс ч бас зүрхний  өвчнөөр өвддөг шүү дээ. Энэ ямар учиртай вэ? 

Туранхай хүмүүс ч гэсэн зүрх судасны янз бүрийн өвчтэй байдаг. Жишээлбэл, зүрхний олдмол болон төрөлхийн гажгууд, зүрхний хэм алдагдал, бодисын солилцооны алдагдлаас үүдэлтэй өвчнөөр өвдөх тохиолдол элбэг байдаг. Ажлын ачаалал ихтэй хүмүүс бухимдал стресст их өртдөг. Гэтэл энэ стресс нь зүрх судасны тогтолцоонд мэдрэлийн хямралаар дамждаг, стресс цочролын дараа зүрхний агшилтын тоо болон артерийн даралт ихэсч гадны цочролд хэт хариу урвал өгснөөр зүрхний өвчнөөр өвчилдөг.

 Хүмүүс зүрх өвдөөд байна гээд Долоолгоны ханд, Валидол,  эмчийн жоргүйгээр сайн  дураараа  авч уудаг шүү дээ.  Энэ зөв үү?

Зүрх өвдсөн үед  дурын эмийн сангаасаа очиж долоолгоны ханд, валидол авч уух нь буруу. Долоолгоны ханд, валидол хоёр  зүрхийг тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Харин үүний  оронд нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зүрхний бичлэг хийлгэх хэрэгтэй.

– Зүрх судасны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүнд зүрхний өвчтэй хүн цусаа  шингэлсэн байх, өөх тостой хоол бага идэх, давсны хэрэглээгээ багасгаж  жингийн илүүдэлгүй байснаар  зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Та сая цусаа шингэн байлгах  хэрэгтэй гэж ярилаа. Ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл цус шингэрэх вэ?

Цусаа шингэлэхийн тулд тодорхой хэмжээгээр эм хэрэглэх ёстой. Мөн түүнчлэн өдөрт тутамдаа улаан лооль, өргөст хэмх зэргийг түлхүү хэрэглэх, тамхи татдаг хүн бол тамхины хэрэглээгээ багасгах хэрэгтэй . Учир нь тамхи нь хүний цусыг өтгөрүүлдэг юм.

 

Ярилцсанд баярлалаа

Г.Нараа 

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …