Д.Одончимэг: Бүтээлээ бүтээх яг тодорхой жор бол байхгүй

 Саяхан “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр…” нэртэй хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэсэн Оdie CHaavkaa буюу Д.Одончимэгтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Баярлалаа, чамд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе

-Хамгийн түрүүнд танд энэ сарын 6-ны өдөр “Аrt space 976+” –г нээж өөрийн уран бүтээлүүдээ дэлгэн тавьсанд баяр хүргэхийн хамт таныг тэрхүү салхи хагалсан мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцана уу

– Тэнд ирсэн олон хүмүүсийг хараад би их баяртай байсан. Ялангуяа манай залуу үеийнхэн их идэвхтэй, шинийг хайдаг, эрдэг болсныг үзэсгэлэн дээрээсээ мэдрэхэд маш сайхан байлаа.

-Энэхүү үзэсгэлэнгийн нэр нь “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр…” гэж байгаа шүү дээ. Тэгвэл энэ нэрний утга санаа юу юм болоо? Хаанаас ингэж нэрлэх санаагаа авсан бэ?

-Энэ нэр бол Даваажаргал бид хоёрын хоёр өөр бүтээлүүдийн нэр бөгөөд тэднийгээ хооронд нь нийлүүлээд энэ нэрийг гаргаж авсан. Бид хоёрын ерөнхий хэлэх гэсэн санаатай илүү ойр санагдсан учраас энэ нэрийг сонгосон. Ерөнхий сэдэв нь хүн ба байгалийн хувирлуудын талаар, эд юмс хэрхэн нэг элементээс нөгөө элемент рүү аажмаар хувирдаг тухай өгүүлсэн байгаа.

Таны бүтээлүүдийг харахад их гүн бодолд ороход мэдрэгддэг мэдрэмж миний хувьд төрж байсан. Та энэ бүтээлүүдээрээ яг ямар утга санааг илэрхийлэхийг хүссэн бэ?

-Тиймээ, би энгийн өдөр тутам байдаг элементүүдийг ашиглаж, хүмүүсийн өөрсдөө мэддэггүй, мэдэрдэггүй гүн рүү нь орж, тэнд байгаа ертөнцийн элементүүдийг сэргээж, өдөөж өгөхийг хүссэн. Өнөөдөр бид өдөр тутамд болж буй зүйлсийг төдийлөн анзаардаггүй шүү дээ. Гэхдээ 50 жилийн дараа эргээд харахад бүх зүйл өөрчлөгдсөн байдаг. Шувуу нисдэгээрээ нисч, мод ургадгаараа ургаж л байдаг юм шиг боловч 20 жилийн өмнөхтэй харьцуулбал ямар нэг тодорхой өөрчлөлт орсон байдаг л даа. Миний энэ үзэсгэлэн яг л ийм чимээгүй өөрчлөлтүүдийн талаар харуулах гэж оролдсон юм. Эд юмс хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай мөн байгаль, хүн, амьтны хоорондын салшгүй нарийн холбоо миний үзэсгэлэнгийн гол санаа болсон. Үзэсгэлэнгийнхээ хүрээнд би энэ бүгдийг дүрслэл хэлбэрээр тайлбарлахыг хичээсэн бол Даваа видео, дуу авианы хэлбэрээр тайлбарлах гэж оролдсон байгаа.

-Энэ үзэсгэлэн бол Саунд артист Ц.Даваажаргалтай хамтарч байгаа хамтарсан үзэсгэлэн шүү дээ. Та хоёр анх хаана танилцаж, хэзээ хамтарч бүтээлээ толилуулах санаа төрсөн бэ?

-Энэ маань маш онцлогтой. Би Даваажаргалын фенүүдийн нэг л дээ, тэгсэн санаандгүй явж байгаад хамт үзэсгэлэн гаргах болоод их баярласан. Хамтарч үзэсгэлэн гаргах тухай манай куратор Гантуяа, Цэнгүүн хоёр санал болгосонд тухайн үед би их баярласан. Даваа бид хоёр энэ үзэсгэлэнгээрээ дуу авиа болон дүрслэл хэлбэр гээд аль болох цогц мэдрэмж авах боломж олгож байгаагаараа онцлог гэж бодож байна.

-Бүтээлч хүний хувьд бүтээлийнхээ санааг олох маш чухал шүү дээ. Ер нь та уран бүтээлч хүнийхээ хувьд бүтээлүүдийнхээ санааг хэрхэн, хаанаас эсвэл хэнээс олж авдаг вэ?

-Янз янз байдаг. Ихэвчлэн их нарийн судалгаа туршилт хийж байгаад бүтээлээ эхэлдэг. Харин заримдаа л бидний ярьдаг шиг онгод ороод л гар доор материалаа аваад бүтээлээ эхэлдэг дээ. Яг тодорхой жор бол байхгүй, байхгүй байсан нь ч илүү сонирхолтой санагддаг.

-Та  Францын томоохон брендүүдийн загвар өмсөгч  та яагаад тэдгээрийгээ гол зорилго болголгүй уран зураг, уран баримал гэх мэт биет бүтээлүүдийг туурвих болсон бэ?

-Би одоо ч хүртэл яруу найрагт их дуртай, хааяа бас бичнэ, гэхдээ сонирхогчийн маягаар гэх үүдээ. Францаар хүртэл бичээд авсан, ганц хоёр газар нийтлүүлж ч байсан. Гэхдээ өөрийгөө яруу найрагч гэж хэлж чадахгүй. Загварын хувьд бол би фото модель чиглэлээр голчлон ажилладаг, бас Парисын тайзан дээр хэд хэд алхаад авсан, хоёр гурван ч том брэндтэй хамтраад ажилчихсан, гэхдээ миний хамгийн дуртай зүйл маань бүтээлээ бүтээх л байдаг даа. Түүнээсээ л илүү их кайф авдаг.

-Бидний хүсэлтийг хүлээн авч цаг гаргасан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань өндрөөс өндөр амжилт хүсье!

– Маш их баярлалаа

Энэхүү үзэсгэлэн нь 10-р сарын 6-ны өдрийг дуустал Чойжин Сүйтсийн нэг давхарт “art space 976+”-д үзэгчдийн хүртээл болно.

Сэтгүүлч  З.Оюун-Эрдэм

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …