Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сум төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдлоо.  Оюутолгойгоос Цагаан суваргын зэсийн орд руу татаж буй 220 квт-ын 160 км агаарын шугамын бүтээн байгуулалтыг  “Багануур” ЗӨБЦТСК, “Эрчмийн-Ундраа”ХХК, “Баясах төгс”ХХК, “Илч хангай”, ХХК,  “Энерги- Эрчим” ХХК зэрэг компани гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгчээ.

 Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ын агаарын шугам, Цагаан суваргаас Мандах сум руу чиглэсэн 22 квт-ын агаарын шугамыг барих ажлыг  мэргэжлийн компаниуд гүйцэтгэж, зөвхөн Оюутолгойгоос Цагаан суварга руу чиглэсэн 220  квт-ын 160 км агаарын шугамын ажил хүлээгдээд байсан юм.

Мандах сум 2000 гаруй хүн амтай. Тус суманд өмнө нь нарны сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр суурилуулж  гэрэл цахилгаан түгээдэг байсан ч нарны үүсгүүр нь байнга доголддог байсан. Тиймээс дизелээр өдөртөө хэдэн цагийн гэрэл түгээдэг байсан аж. Харин Хатанбулаг сум 3000 гаруй хүн амтай, дизель асааж цахилгаанаа хангадаг байжээ.
Мандах сумыг эрчим хүчтэй холбох ёслолын ажиллагаа өчигдөр тус суманд болж Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Мандах сумын Засаг дарга Н.Отгонбаяр, гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон албаны хүмүүс оролцов.