Г.Баасансүрэн: Яах вэ, доромжилж л байг, урт наслаг

 

           Яах вэ, доромжилж л байг, урт наслаг. Яах вэ, дээрэлхэж л байг, ажил нь бүтэг. Яах вэ, шаналгаж зовоож л байг, гэгээрэг. Өөдөөс нь сайн сайхныг хүсчих юм бол ямар ч хараал зүхэл гай барцад чамд ирэхгүй. Гэтэл бид тэгж чаддаггүй шүү дээ. Үүнд дээрэлхүүлнэ гэж юу байсан юм, ёстой нэгийгээ үзнэ гээд л байдаг. Нэгэн үлгэр ярья. Бурхан багшийг нэг хүн дээрэлхээд харааж зүхээд л байж. Учир нь гэр бүлийнх нь хүн гэртээ тогтохгүй, очиж сургаал номыг нь сонсдог байж л дээ. Ингээд нэг өдөр бурхан багштай тааралдаад хэлье гэснээ хэлж баахан харааж зүхжээ. Гэтэл бурхан багш юу ч хэлэхгүй инээгээд л зогсоод байж.
-Хүн доромжлоод байхад юу ч хэлдэггүй ямар тэнэг хүн бэ гэж гайхаж эцэстээ тэр хүн өөрөө эвгүй байдалд оржээ. Дараа нь Будда түүнд хандаж:
-Би танд нэг зүйл хэлье. Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад хөршдөө бэлэглэе, гэтэл хөрш чинь тэр бэлгийг авахгүй байвал хэнд үлдэх вэ гэсэн.
-Өөрт л үлдэнэ шүү дээ. Иймхэн юм бодож чадахгүй юун гэгээрсэн бэ гээд л орилжээ.
-Тэгвэл та хэн нэгнийг харааж зүхэж доромжильё, тэрнийг чинь тэр хүн хүлээж авахгүй бол хэнд үлдэх вэ гэсэн өнөөх эр хачин царайлаад л явчихав. Яагаад гэвэл түрүү нь Буддаг дээрэлхэж, доромжилж байхад Будда авсан билүү аваагүй, өнөөх хүнд өөрт нь л үлдсэн шүү дээ.
Тэгэхээр таныг хэн нэгэн дээрэлхэж доромжилж байсан ч битгий хүлээж ав. Харин бид ингэж чаддаг бил үү. Бүр авахын дээдээр хүлээж авдаг. Таньдаг хүн рүүгээ утасдаад “Тэр намайг тэгдэг байна ш дээ” гээд л шөнө нь зүүдэлж хоноод л …
Тэгэх хэрэггүй хүмүүс ээ, өөдөөс нь сайн сайхныг хүс л дээ, битгий тэр муу муухайг нь ав.

“Хэн намайг үгээр доромжилно
Хэн намайг үйлээр гутаана
Хэн намайг сэтгэлээр хорсоно
Тэр бүхэн гэгээрэх болтугай.”

Холбоотой мэдээлэл

Comments are closed.