1111 утсанд боловсролын салбартай холбоотой гомдол их иржээ

1111Засгийн газрын иргэдийг сонсох “11 11 төв”-д өнгөрч долоо хоногт 1014 иргэн хандаж, санал хүсэлтээ илэрхийлжээ. Үүнээс цэцэрлэгүүд хүүхэд нэмж бүртгэхгүй байна, сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна, их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө шалтгаангүй нэмлээ гэсэн гомдлыг  иргэд олноор  ирүүлжээ. Эдгээр асуултад Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухай бүрт хариу өгсөн байна. Сургалтын төлбөрийн хэмжээг тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоодог учир санал хүсэлтээ сургуулийн захиргаанд гаргах хэрэгтэйг, сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаарх санал гомдлоо борлуулалтын цэгт тэр дор нь гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг яамнаас зөвлөжээ. Хувцасны урт, өргөнөөс хасалт тайралт хийх гэх гэт бага хэмжээний засварыг эцэг эхийн хүсэлтээр сурагчийн дүрэмт хувцас борлуулж буй цэгүүдэд шуурхай хийж эхэлсэн байна.

Шинэ хуулийн дагуу тооцож эхэлсэн нийгмийн даатгалын нөхөн төлөлтийг сар сард нь биш бөөнөөр төлөх зохицуулалт оруулах, дүүргүүдийн нийгмийн даатгалын ажилтнуудын ажлыг илүү шуурхай болгох зөв зохион байгуулалт шаардлагатай байна гэж иргэд саналаа хэлжээ. Энэ асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаагаа Нийгмийн даатгалын ерөнхий газраас хариу мэдээлсэн байна.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн төслийн мөнгө орж ирэхгүй удаад байна, хаана яагаад саатсаныг тодруулж өгөөч гэж зарим иргэн хандсан бол УИХ-ын намрын чуулганаар цалин тэтгэвэр нэмэх асуудлыг оруулж шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж зарим нь сануулжээ.

Хот хөдөөгийн хаана ч эмнэлгийн байгууллагын үйлчилгээний чанар ахихгүй, хүнд суртал буурахгүй байна гэсэн гомдол тасрахгүй хэвээр байна. Баянхонгор аймгийн иргэн яаралтай түргэн тусламж дуудахад очиж чадахгүй, өөрсдөө алхаж ир гэх мэтээр чирэгдүүлсэн талаар орон нутгаас мэдээлж, энэ мэт асуудлыг холбогдох яаманд дуулгасан ч ажил нь сайжраагүй гэжээ.

Зам тавих нэрийдлээр бусад хэсгийг нь эвдэн сүйтгэж, үүнээс улбаалан халуун, хүйтэн ус олон хоногоор тасарч, ухсан нүх, засварын ажил нь ая тух, аюулгүй байдал алдагдуулж байна гэж нийслэлийн иргэд бухимджээ. Энэ байдлыг таслан зогсоож, оновчтой зохицуулалт хийхийг хотын удирдлагуудаас хүссэнийг НЗДТГ-аар дамжуулан холбогдох сүлжээ байгууллагуудад нь шилжүүлэн хариу өгчээ.

Эх сурвалж: Olloo.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …