Өөрийгөө “мужик” гэж өргөмжлөгч хэн бэ?

Юм мэдэхгүйгээсээ болоод өөрийгөө ихээхэн доромжлоод тавьчихсан нэг хүн байна аа. Хэн гэдгийг нь хэлэхийн өмнө өөртөө олгосон цолных нь утга учрын талаар хэдэн үг дурдсу.

Орос хэлний тайлбар толийг сөхвөөс: Мужик —человек низшего сословия, крестьянин, грубоватое просторечное обозначение мужчины. Мужик гэдэг нь доод гаралтай тариачин, энэ бол эрэгтэй хүнийг бүдүүлгээр дуудах утга гэжээ. Цааш нь эрүүгийн үг хэллэгт мужик гэдгийг– независимый преступник буюу ганцаардсан хулгайч гэж ойлгодог гэжээ.  “Настоящий мужик” – гэх ойлголт октябрын хувьсгалаас хойш коммунистуудын гаргасан ойлголт бөгөөд оросын хувьсгалд тосгоны бүдүүлгүүд дээр тулгуурлаж байсныг бүгд мэднэ. Коммунистууд эрдэм боловсролгүй , үгээгүй хоосон ч дуулгвартай, хүний үгээр байж чаддаг хүнийг ингэж нэрлэх болсон. Мужик буюу жинхэнэ эр хүн нь тэднийхээр гэнэн цайлган, эргүү мангуу зантай, архи дарсыг ихээр ууна. Ёс мэт зодоон цохион хийнэ. Ийм эрчүүд хоорондоо цус нөжөө гоожуулан зодолдоод нэгнийхээ тархийг хагалсан ч юу ч санаж бодохгүй, гомдолгүй сална.         Өөрийн гэх үзэл байхгүй учир хэн юу гэж хэлнэ, хэн өөрт нь ашигтай санал тавьна түүнийг дагаж, дүрэм ёс журмыг үл тооно гэжээ. Настоящий мужик-тай ижил эмэгтэй утга нь “настоящая баба” – жинхэнэ авгай юм. Монголд орос хэлтэй, орос боловсролтой бүсгүйчүүд олон ч яагаад ингэж дуудуулах дургүй байна вэ?. Эмэгтэй хүн болохоор өөрийгөө “хатагтай” “бүсгүй” гэж дуудуулахыг хүснэ. Орост сурсан эрчүүд болохоор өөр юм.

Жишээ нь: Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж яваа өөрийгөө нилээд боловсролтой, мэдлэгтэй гэж үздэг хүн танилцуулга материал дээрээ өөрийгөө “түүнийг “Мужик” гэж дууддаг. Тэр амьдралдаа туг ч барьсан тугал ч хариулсан. Тугал хариуллаа гээд өөрийн бүтээлцсэн Ардчилсан намаа муулаагүй” гэх зэргээр бичүүлжээ. Одоо бидний сонирхож буй зүйл нь энэ хүн мужик гэдэг утганы аллийг өөртөө нялзаав? Тосгоны маанаг эр гэдэг утгаар юм уу, ганцаардсан хулгайч гэдгээр үү? Яаж ч бодсон тэр тосгоны маанаг эр биш байх. Тэгэхээр эрүүгийн утгаар өөрийгөө нэрлэсэн болж таарах уу. Байж болох хувилбар.

Д.Баттулга казиногийн хэрэгт холбогдон авлигын зүйл заалтаар хорих ял шийтгэгдэж байсан нэгэн. Шоронд өөрийн бүлэг, гал энэ тэр байхгүй байснаа дурсан өөртөө “мужик” цол олгосон байж болох. Түүнээс гадна тугал хариулсан гэдэг үгээр тэр амьдралынхаа энэ үеийг хэлэв бололтой. Харамсалтай нь малчин удамтай монголчууд мал хариулахыг шоронд орохтой зүйрлэсэнд эгдүүцэж байгаа юм. Дээдсээс өвлөсөн малчин заяа Дэлхийд ховорхон морьтой заяа” гэж дуулдаг хүмүүст мал хариулах нь шоронд суух дайны ажил гэж ярьж явах монгол хүн байх уу? Тэгэхээр энэ юун хүн болж таарах вэ гээд өчнөөн асуулт эндээс ургана.

Тодорхой болсон зүйл нь МАН хаврын чуулганаар Төрийн албаны хуулийг батлаж, тэр өдрөөс нь хүчин төгөлдөр байхаар журамлах гэж байна. Энэ хуулиар авлигын гэмт хэрэгт шийтгэгдсэн хүн төрийн албанд ажиллах эрхгүй болох юм. МАН-ынхан энэ хуулиа МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулан гаргаж байгаа боловч хаялга нь Д.Баттулга болон Нийслэлийн Ардчилсан намд хүндээр тусах болно. Д.Баттулга авлигын хэргээр ял сонссон анхдагчдын нэг тул Төрийн албанд ажиллах эрхгүй болж, туггүй жанжин болох хувь тавилан хүлээж байна. Нөгөө талаар “шоронжсон нам мэт харагдах гээгүй бол Д.Баттулгаас зүгээр л татгалзсан нь дээр” гэж ярих намын гишүүд үнэмлэхүй олонхи байгаа аж.

Г.Дорж

Холбоотой мэдээлэл

Comments are closed.