Ажил хэрэгч бүсгүйн ажлын шүүгээнд зайлшгүй байх ёстой 10 зүйл

Ажил хэрэгч бүсгүй таны ширээнд дээр, шүүгээн дотор, гарын дор заавал байх ёстой 10 зүйл байдаг гэдгийг л сануулъя.

Дараахь жагсаалт таныг  эмх цэгцтэй ажиллахад чинь тусална.

1. Цэнэглэгч

iPod-ноосоо эхлээд гар утас хүртэлх бүхий л “гар” электрон хэрэгслийн чинь цэнэглэгч чиний ажлын шүүгээнд заавал байх ёстой. Магадгүй, гэртээ цэнэглэхээ мартсан үед чухал ажилтай өдөр утасны чинь цэнэг дуусчихыг хэн мэдлээ. Харин аль болох түргэн хугацаанд цэнэглэдэг цэнэглэгч сонгохыг зөвлөж байна.

2. Чихэвч

Мэдээж, толгой эргэм элдэв чимээ, хүмүүсийн албан болон албан бус яриа (хов жив)-наас холдоход чихэвч хамгийн “дотны” туслагч чинь байх болно. Нэг үгээр орчноос тасалж, чамайг огт өөр ертөнцөд аваачих хэрэгсэл. Ингэснээр анхаарлаа төвлөрөхөд бага ч атугай тустай.

3. Шархны лент

Чамд төдийгүй чиний хамтран ажиллагсдад чинь хэзээд хэрэгтэй. Чухал ажлын хамтрагчтайгаа уулзах цаг тулчихаад байдаг. Өдрийн хоолоо яаран идээд, бичиг баримтаа бөөгнүүлээд сандран гарах гэж байгаад хаалганы ирмэгт тохойгоо шалбалчихлаа… “Өө, бурхан минь. Энэ л биш шүү”. Гэвч ийм үед шүүгээнд чинь хэвтэх шархны лент хамгийн сайн “түргэн тусламж” байх болно. Түүнээс гадна скоч ч мөн бичиг хэргийн “түргэн тусламж” болдог тул заавал байх ёстой шүү.

4. Үнэр дарагч

Ялангуяа хавар, зуны цагт хамгийн чухал хэрэгсэлд тооцогдоно гэдгийг хэлүүлтгүй мэдэх биз ээ.

5. Шүдний сойз, оо

Өдрийн турш кофе уусан эсвэл үдийн зоогондоо халуун ногоотой хоол ихээр зооглосны дараа ам “заваардаг” гэдэг дээ. Тэгвэл ийм үед шүүгээн дэх оо, сойзоо гаргаад шүдээ угаачихаад удирдлагуудтайгаа уулзах уулзалтандаа сэтгэл хангалуун яваад орчихно.

6. Мини сам

Эмэгтэй хүний цүнхэнд заавал байх ёстой зүйлийн нэг бол сам. Тэгвэл шүүгээнд ч бас заавал байх ёстой гэнэ. Зарим өдөр самаа мартаад гарчих тохиолдлыг алийг тэр гэх вэ.

7. Анхны тусламжийн хэрэгсэл

Бинт, нүдний дусаалга, аспирин, парацетамол, өвчин намдаах тос, спирт, зүү, хавчуурга, даралтны аппарат …. гэх мэт анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлийг багтаасан мини эмийн сан байх хэрэгтэй. Ажил дээр хамтрагчийн чинь эсвэл чиний бие хямрах, санаандгүй гэмтэх тохиолдол гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.

8. Толь

Энгэсэгний толь байсан ч болно. Сормуусны будаг чинь буучихсан, өдрийн хоолон дээр зооглосон нэг ширхэг будаа хацар дээр чинь наалдчихсан байх вий. Харин ийм эвгүй байдалтай удаан явахгүй байхад чинь толь тусална.

9. Шүхэр

Ялангуяа зун, намрын улиралд. Өглөө цэлмэг байсан тэнгэр ажил тарахын үед зангаа хувиргаж, асгартал бороо оруулахыг нь яана. Ийм үед ажлын шүүгээнд чинь хэвтэх шүхэр чамайг “хамгаалах” болно.

10. Хөнгөн амттан

Тиймээ, ажлын шүүгээнд чинь бохь, чихэр, самар гэх мэт хөнгөн амттан байлгахыг санал болгож байна.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …