Хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өглөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголоо.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Дашцэрэн, Монгол Улсын Гавьяат багш Ш.Зулхүү, УИХ-ын гишүүн асан,Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө, Хошууч генерал, Гавьяат хуульч Б.Пүрэв, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, Алтангадас одонт, Зөвлөх архитектор Г.Самбалхүндэв, Доктор профессор О.Сүхбаатар, Монгол Ардын намын ахмад зүтгэлтэн Ө.Хоролдаваа, СХД-ийн 17 дугаар хорооны өндөр настан Б.Бадамханд нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Шинийн нэгний билэгт сайн өдөр хотын удирдлагууд дүүрэг бүрийн төлөөлөл болсон өндөр настнуудаа хүлээн авсанд талархаж байгаагаа ахмадууд хэлээд ирж буй гал тахиа жилд нийслэл хотын хөгжил цэцэглэлт, ажил үйлс үргэлж өөдөө байж иргэн бүр эрүүл энх байхыг ерөөсөн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн ахмадууд та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олны өмнөөс сар шинийн мэнд хүргэж, тахиа жилдээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд”Салбар салбартаа амжилттай ажиллаж, нийслэлийнхээ төлөө эрдэм мэдлэг, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна. Ирж буй тахиа жил та бүхэнд минь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг авч ирж, Улаанбаатар хотын иргэд, Монголын ард түмэнд маань хишиг буянаа хайрласан жил байх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.” гэв.

Ахмадуудаа төлөөлж УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө ерөөл өргөлөө. Тэрбээр хэлэхдээ “Бидэнд энэ билэгт сайн өдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авсан НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хамт олонд нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Нийслэл хот маань хөгжин цэцэглэж, хүн ард нь аз жаргалтай, сэтгэл амгалан байж дэлхийн хөгжилтэй хотуудтай эн зэрэгцсэн сайхан хот болгохын төлөөх ажилдаа улам их амжилт гаргаарай гэж ерөөе.”хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …