Э.Бат-Үүл даргын шийдвэр 4000 гаруй иргэнийг хохироогоод байна гэв

Хан-Уул дүүргийн  “Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөн барилгажуулах ажил өнгөрөгч онд зогссоноос болж иргэдийн амьдрах нөхцөл байдал хүндхэн байгаа талаар мэдээлэл хийлээ.
Хан-Уул дүүргийн хоёр дугаар хорооны иргэн Д.Батгэрэл ярихдаа, “Нэхмэлийн шар байрнуудыг буулган, дахин барилгажуулах ажил зогсоод нэг жил боллоо. Энэ хугацаанд айлууд байрандаа гал түлэн, хүйтнээс болж  өвчин тусан хүндхэн амьдарч байна. Манай байрны иргэдийн 80 гаруй хувь нь “Фүжи Холдинг” компанитай гэрээ хийж, 2016 оны дөрөвдүгээр сард ажил эхлэхэд бэлэн болсон байсан. Гэтэл удаашралтай байна гэсэн шалтгаанаар Хотын дарга асан Э.Бат-Үүл тус  гэрээг цуцалсан юм. “Фүжи Холдинг”  компани Э.Бат-Үүл даргын гаргасан захирамжийг үндэслэлгүй шийдвэр гэж үзэн шүүхэд хүсэлт өгснөөр асуудал одоо хүртэл шүүхээр  явж байна.
Өнгөрөгч оны есдүгээр сард Анхан шатны шүүх хурал болж барилгын ажил удааширсан нь үнэн ч гэсэн иргэдтэй гэрээ хийсэн учир ажлаа цааш үргэлжлүүлэх боломжтой гэсэн шийдвэр гаргасан. Гэвч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас давж заалдан, одоо дээд шүүхийн шатанд явж байна. Нийт 22 байрнаас зөвхөн “Нутгийн буян” компанийн барьсан хоёр байр нь ашиглалтад орсон. Э.Бат-Үүл даргын шийдвэр  300 өрхийн 4000 гаруй иргэнийг хохироогоод байна. Тиймээс бид Улаанбаатар хотын захирагч С.Батболд  даргыг  эрх мэдлийнхээ хүрээнд энэ асуудлыг шуурхай шийдэж өгөхийг хүсч байна” гэв.
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …