З.Энхболд: Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуух хэрэгтэй

АН-ын дарга З.Энхболд Тавантолгойн ордын өмнө нь хийсэн гэрээг ухраах  муу хувилбарыг дэвшүүлж байна хэмээн мэдэгдлээ.

Тэрээр Тавантолгойн асуудлаарх АН-ын байр суурийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн юм.

“Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс  ард түмний мэдэлд Тавантолгой хэвээр байгаа. Сүүлийн хэд хоногийн үйл явдлыг харвал хуучин явж байсан хамгийн муу хувилбараар Хөрөнгө оруулалтын гэрээг хийхээр завдаж байна. Ардын намын бүлэг дээр гэрээ нь буцаагдсан байна билээ. Тавантолгой ордыг хувьдаа авах зорилготой MCS гэдэг компани  нэлээн зөрүүтэй мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байна. Тавантолгой бол MCS-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой. Уг төслийн 49 хувийг 400 сая ам.доллараар борлуулах гэж байна. Гэтэл энэ нийт үнэлгээнийх нь маш бага хувь. Энэ ордод гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг нь сүүлийн жилүүдэд харагдаж байгаа. Харин хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа хэсэг нь төмөр зам юм.

2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай гэсэн хувилбар байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байв. Тэр утгаараа тус гэрээнд үнэлэлт  өгөх ажлын хэсэг гарч ажилласан дүгнэлт нь одоо ч УИХ-ын цахим хуудсанд байгаа. Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий. MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж үзсэн байна билээ. Нэгж хувьцааг 1000 төгрөгөөр худалдаж авсан нь үнэ цэнэтэй  гэдгийг нотолсон шүү дээ. Энэ бол цаас биш үнэ цэнэтэй баялаг. Үнэндээ Тавантолгой 100 жил Монголыг тэжээх баялаг. 4 жил ашигтай ажилласан. Цаашлаад 4 жилд  Улаанбаатарын утааг арилгаж чадах их хөрөнгө. Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу.  Таны ч миний ч хувьцаа энд  бий.  Энд 2 сая иргэний эрх ашгийн асуудлыг хөндөж байгаа.  Тэр утгаараа энэ ордыг зарахад хүрвэл би шүүхдэнэ” хэмээн АН-ын дарга З.Энхболд хэллээ.

Тэрээр сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулав.

– Тавантолгойн асуудлаар мэдээлэл хийж буйг АН-ын байр суурь гэхээс илүүтэй таны хувийн асуудалтай холбоотой гэх мэдээлэл байна. Тавантолгойд үйл ажиллагаа явуулж буй “Хишиг арвин” хэмээх таны компани гэх юм. Үүнд хариулт өгнө үү?

-Би энэ компанитай ямар ч хамаагүй. Үүнийг MCS  компаниас хөлсөөр бичүүлж бус гүтгэлэг учраас  би шүүхэд хандсан.

-Тавантолгойн асуудлыг АН олонхи байхдаа яагаад шийдээгүй юм бэ?

-Ард түмний өмчийг үнэгүй авах гэсэн төлөөлөл манай намд байсан. Тухайлбал С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг нэрлэж болно.

-Та Тавантолгойн 49 хувийг 400 сая төгрөгөөр зарах гэж байна гэж хэллээ. Үүнийг ямар эх сурвалжаас үндэслэн хэлж байгаа вэ?

-Хэвлэлийн мэдээллээс харж байгаа. УИХ-ын гишүүдийн ярилцлагаас уншиж олж мэдсэн. Тавантолгойн гэрээ хамгийн ил тод байх ёстой. Хонио хэдээр зарах гэж байгаа вэ гэдгийг өмчийн эзэн мэдэх ёстой биз дээ. Гэтэл энэ үнийг бид мэдэхгүй сууж байна. Тиймээc мэдээллийг ил тод болгооч гэсэн шаардлага хүргүүлсэн.

-Одоогийн төслийн хувилбарыг та яагаад ашиггүй гэж үзээд байгаа юм?

-Ардын намын бүлэг дээр төслийг хэлэлцсэн. Одоогоор олон нийтэд ил болоогүй байна. Бүлэг дээрх Ардын намын нөхөд өмнөхөөсөө муутгачихлаа. Тиймээс  эсэргүүцээд хоёр хувилбартай гэрээг оруулж ирэхийг шаардан оны дараа хэлэлцэхээр болсон гэдгийг олж мэдсэн.  Шиньхуа групптэй хийх хэлцлийг сайд нар биш Эрдэнэс Тавантолгойн удирдлагууд хийх ёстой. Сайд нар Хятадын сайд нартай хэлцэл хийх ёстой. Харгалзах талуудтай асуудлыг ярьдаг шүү дээ.

 -Орд ашиггүй ажиллаж буй учраас хувьцаа үнэгүйдэнэ шүү дээ. Ийм байхад асуудлыг эерэг шийдэх хэрэгтэй юм биш үү?

  -Орд дөрвөн жил ашигтай ажилласан. Сү.Батболдын Засаг барьж байх үеийн 350 сая ам. долларын өрийг  төлсөн. Харамсалтай нь өр төлсөөр байгаа учраас тэр ашиг бидэнд бодитоор харагдахгүй байна.

Montsame.mn

Санал болгох мэдээ

Г.Занданшатар:Баян-Өлгий аймагт Цэнгэл-Улаанхус-Сагсай-Өлгий чиглэлийн зам баригдсанаар аялал жуулчлал хөгжинө

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баян-Өлгий аймагт ажиллахдаа Цэнгэл-Улаанхус чиглэлийн 23.13 км автозамын ажлыг эхлүүлж, …