Нар өөд хараад насаа уртасгасан өвгөн

Дорнын гүн ухаан, бясалгал гэдэг нэг аугаа юм энэ хорвоод байдаг. Энэ ухааны ид шидийг хүртсэн, эзэмшсэн хүмүүс Монголд цөөнгүй байх юм. Ийм нэгэн өвгөнтэй танилцсанаа дор өгүүлье.
Өвгөний нэрийг Шонхлой гэнэ. Тэрбээр өдгөө 81 насыг зооглож буйгаа алтан нарны илч энергийг өглөө бүр биеэрээ, судсаараа хүлээж авдагийн ач тус гэж ярьсан юм.

Шонхлой гуай хар багаасаа бие муутай хүүхэд байжээ. Дээр нь залуугаасаа олон жил хүнд хүчир ажил хийсээр байгаад биегүй болчихсон хүн ажээ. Тийм учраас дөнгөж дөч хүрэв үү, үгүй юу бие эрүүл мэнд нь эрс доройтоод эхэлсэн байна. Эхнэр, таван хүүхдээ тэжээх гэж чамгүй зүтгэж багагүй мөнгө тэдэндээ өвлүүлсэн болохоор энэ мөнгөөр нь аавыгаа эмчлэн эдгээхийн тулд өөрт нь зориулжээ. Үнэтэй эм тариаг аптекаас авахаас эхлүүлээд мөнгө багагүй хэрэглэсэн нь ойлгомжтой. Шонхлой өвгөний энэ мөнгө дуусч, эрүүл мэнд нь дахиад муудаад эхэлсэн байна. Тэр үед гэрийнхэн нь мөнгөгүйн гачаалыг амсч эхлэв. Шонхлой өвгөнийг хүндэлж явдаг нэгэн хүн,
– Би таны бие муу байгааг чинь сонслоо. Таныг нэгэн сайн ламтай уулзуулъя (Социализмын тэр үед шашин хориотой байсан) гэжээ.

Ингээд мөнөөх эр Шонхлой гуайг дагуулан ламынд очиход,
– Та олон жил хүнд хар ажил хийсээр биенийхээ хамаг сайн сайхан энергийг дуусгасан байна. Энэ энергийг Наран ээжээс нөхөж авах хэрэгтэй. Та өглөө болгон нарны хор гарсан хойно буюу нар жаргаад гуч дөчин минут болсоны дараа энэ дасгалыг эхлэх хэрэгтэй. Гэрээсээ гараад уулын толгойн цаанаас мандаж буй нар өөд хоёр нүдээрээ эгцлэн хар. Барагийн хүний нүд сохорчих гээд хэцүү байдаг юм даа. Төрөлхийн юм уу олдмол хараа муу биш л бол хэдхэн хормын дараа та нар нарны өөдөөс харж чадна. Тэгмэгц нар эхлээд алтран цацарч байснаа цэнхэртэж бас ногоорч нэг харагдана, тэр үед таны нүдээр дамжин нар энергиэ таны бие болон эрүүл мэнд рүү илгээнэ. Тэгэхэд таны бие маш сайхан ер бусын халууныг мэдрэх болно. Энэ бол танд үзүүлэх нарны бүх төрлийн эмчилгээ шүү гэж зөвлөсөн байна. Шонхлой гуай “Нар өөд харсан төдийд өвчин маань эдгээд байхдаа яадаг юм” гэж гайхсан байна. Юу ч болсон туршаад үзэхээр шийдэв. Урд шөнө нь шөнөжин шуурч салхилаад бие тэсэхийн аргагүй өвдөж хонов.

Шонхлой гуай “Муу хүний үхэл үүрээр ирдэг юм гэсэн. Миний үхэх цаг болж дээ” гэж бодоод өөртөө гутран баахан хэвтэв. Шөнөжин улин шунгинасан шуурга үүрээр арайхийж намдлаа. Эхнэр нь гэрээсээ гараад “Өвгөөн, өнөөдөр их сайхан өдөр болох юм шиг байна. Нар ч сайхан мандах шинжтэй байна. Тэнгэр их сайхан цэлмэг байна” гэхэд Шонхлой өвгөн орноосоо өндийхөд тэнгэрт бүртийх ч үүл харагдсангүй. Төдөлгүй уулын цаанаас наран мандлаа. Шонхлой гуай нарны өөд харсанаа өнөөх ламын зөвлөснийг санаад гуч дөчим хором нарны хорыг гаргахаар жаахан суув. Тэгээд ламын зөвлөсний дагуу нар өөд харлаа. Ер бусын сайхан илч, халуун мэдрэмж биеэр нь гүйгээд ирэв. Нарны энэ илч, энергийг мэдэрсэн Шонхлой гуай хөл дээрээ тэнхлүүн боссондоо өөртөө гайхав. Тэр шөнө Шонхлой гуай маш сайхан унтаж амраад бие нь их хөнгөн босч ирсэн байна. Аливаа юмыг биеэрээ мэдэрсэн цагт хүн итгэдэг. Үүнийг Шонхлой гуай мэдэрсэн учраас маргааш өглөөнөөс эхлэн нарыг шүтэж, түүн рүү эгцлэн харж, 81 удаа тоолж маш сайхан илч, энерги авч биеэ сэргээсээр хүнд өвчнөө бараг дарж авсан гэдэг.

Энэ тухайгаа Шонхлой гуай надад ярьж байхдаа,
– Би яагаад 81 гэсэн тоог сонгосон юм гэхээр би дөнгөж дөчин настай байхдаа үхэх магадлал өндөр байлаа. Тэгэхэд надад нэгэн ламтай уулзах хувь тохиож, түүний зөвлөгөөний дагуу давхилаа. Нарыг тойрсон 9 гариг, есөн ес 81 гэсэн тоог би билэгдсэн. Үнэн гэдгийг нь би биеэрээ мэдэрчихээд өнөөдөр чиний өмнө сууж байна. Би өглөө болгон нар өөд харан сууж залбирсаар дөч шахам жил болж байна. Энэ хугацаанд нар миний бүх өвчнийг надаас зайлуулсан. Тийм ч учраас би 81 насыг зооглоод байна. Дахиад би нар руу харсаар байгаад 108 насыг гуйж болох юм шүү дээ. Би ингэж даврахгүй гэж Шонхлой гуай надад ярьсан юм. Өдгөө энэ өвгөн миний мэдэхийн нас лавтайяа ерэн насыг зооглож буй. Эх нарантайгаа харьцсаар байгаад хүнд өвчнөөсөө ангижирсан Шонхлой өвгөн өнөөдөр ч нар өөд алгаа тоссоор, эрүүл мэндээ, ард нь үлдэж байгаа үр садуудаа Наран ээжид даатгуулсаар суугаа билээ. Энэхүү үнэн түүхийг Шонхлой өвгөнтэй хуучилсан сэтгүүлч миний бие өөрийн биеэр үзэглэн бичвэй.
Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …