Төрсний дараах гам барих Монгол ёс

Монголчууд эх хүнийг амаржингуут шөл уулгахаар зүслэсэн хонио гаргадаг байжээ.

       Шөл уулгах гэдэг бол амаржсан эхийг богино хугацаанд биеийг нь нөхөн тэнхрүүлэх, шинээр мэндэлсэн хүүхдийг эрүүл чийрэг, эсэн мэнд бойжуулах эхлэлийг тавьсан МОНГОЛ арга юм.

Хонины махны ач тус

         Монголчууд бүр эрт үеэс таван хошуу малын махны амт, үнэр, өнгө, шүүслэг зөөлөн, өег нүнжиг, хүний биед үзүүлэх нөлөө зэргийг харгалзан үнэлсэн байдаг. Энэ үнэлгээгээр эхний байранд хонины мах, дараа нь үхэр, адуу, ямаа,тэмээний махыг нэрлэсэн байна. Хонь бусад малаас илүү олон зүйл буюу 80 гаруй төрлийн ургамал иддэгээс 30 гаруй зүйл нь зөвхөн эмийн ургамал байдаг аж. Хонины мах халуун, төгс сайн чанартай, ямаа, тэмээний мах сэрүүн царцамтгай гэх мэтээр хүйтэн сэрүүн бүсийн нөхцөлд амьдардаг монгол хүмүүст зохицолтойг нь харгалзан үзэж хэрэглэдэг учиртай юм байна.

         Ийм ч учраас амаржсан эх хүнд хонины шинэ шөл өгөх, нярай хүүхдийг хонины ясны шөлөөр угаах, хонины уураг сүүлний өөх хөхүүлэх монгол уламжлал бий болж зуун, зууны тэртээгээс хэрэглэсээр өнөөг хүрчээ. Төрсний дараа ч гэсэн жирэмсний үеийнхтэй адил хоол ундыг хамаагүй хэрэглэлгүй, тааруулж сонгодог. Малчин түмэн энэ гайхамшгийг танин мэдэж, амьдралдаа журам болгон шөл уулгах нэрийн дор төрсөн эхийн биеийг түргэн тэнхрүүлэх эмчилгээ сувилгаа хийж байсан, одоо ч хэвээр байна.

              Төрсөн эхэд шинэ гаргасан хонины хааны махны шүүсийг базаж, шөл хийж өгөөд, зулайгаар нь алчуур бооно. Алчуур боохгүй бол нүд бүрэлздэг болно гэдэг. Бүсийг бэлхүүсээр нь чангавтар орж бүслүүлнэ. Үүнийг эхийн гэдэс сунгахгүй, савыг нь агшааж байгаа хэрэг гэж үздэг. Төрсөн эхэд монгол үнээний бүлээн сүү, хужир юмуу давстай буцалсан ус балгуулдаг. Энэ нь биеийн сойлтыг сайн болгох учиртай гэдэг. Тулгар эх төрөөд хөлөө жийж болохгүй. Хэрэв хөлөө жийж суувал хөлд цус хурна, хий тогтоно, сав хазайна гэж хориглодог. Хагас суугаа байх ёстой. Бүргэд суудлаар суудаггүй.

        Төрсөн эх нэг сарын турш усанд биеэ байтугай, гараа хүргэхгүй. Дулааны улирал, хүйтний улирал ч бай хувцасаа зузаалж, үргэлж хийцтэй цай, сүүтэй цай, сайхан шөл ууж хөлсөө их гаргаж байвал сайн. Хэрэв хаврын эхэн сард төрвөл халуун дулааны урь ортол гэрээсээ гардаггүй. Учир нь хаврын салхи бие нь төдийлөн тэнхрээгүй нялх биетэй хүний биеийг нь сульдуулдаг.

         Төрсөн эх амархан горьддог. Горьдоог гаргахын тулд зарим нутагт хүн юм өвөртлөн ирж хуураад, дараа нь бэлэг өгдөг. Зарим газар мээмний толгойг нар зөв тойруулан цацлага хийж горьдоог гаргадаг. Хэрэв эхийн горьдоог гаргахгүй бол мээм нь хавддаг байна.

              Өөр нэг зүйл бол гэр орон шуугиантай бол амаржсан эхийн амар тайван байдал аль нэг хэмжээгээр алдагдах болон шинэ хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, өвчин эмгэггүй өсөн бойжиход нь сэв суух бий хэмээн болгоомжилдог.

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …