Улстөрч Ц.Нямдоржийн урьтсан дүгнэлт

nymdaor_121

-“Эрдэнэт”-ийн талаарх түүний мэдэгдлийг орон нутгийн сонгуулийн өмнө үүгээр дахин “хөзөр болгох гэсэн МАН-ын тактик уу, эсвэл бүр хаа байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг хараачилсан Ц.Нямдорж гэх хувь улстөрч бие халаалт уу гэх салаа утгаар олон нийт хүлээн авав-

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхэнд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэн, мэдээлэл хийлээ. Оросын тал тус үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн 49 хувийг эзэмшиж байсан бөгөөд сонгуулийн өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 28-нд “Монголиан коппер корпораци” нэгдэл худалдан авсан байдаг. Энэ үйл явдлын мэдээлэл сонгуулийн сурталчилгааны хугацаа дуусах мөчид олон нийтэд цацагдаж, улмаар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүнийг баталсан мэдээлэл хийсэн нь сонгуулийн үр дүн АН-д таагүйгээр эргэхэд нөлөөлсөн гэж ажиглагчид дүгнэсэн нь бий.
Гэвч сонгуулиас хойш дээрх асуудлаар шийдвэр гаргагчид, эрх баригчдын зүгээс дорвитой байр суурь илэрхийлээгүй байсан ч УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өчигдөр мэдээлэл хийж, олны анхаарлыг татлаа. “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн Оросын талын хувийг хэрхэн шилжүүлэн авсан талаарх “цаасан” дээрх процессыг дэлгэрэнгүй танилцуулж, цөөн хүний хуйвалдаан үүний цаана бий гэсэн дүгнэлтийг хэллээ.
Харин түүний энэхүү мэдэгдлийг орон нутгийн сонгуулийн өмнө үүгээр дахин “хөзөр болгох гэсэн МАН-ын тактик уу, эсвэл бүр хаа байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг хараачилсан Ц.Нямдорж гэх хувь улстөрчийн бие халаалт уу гэх салаа утгаар олон нийт хүлээн авав. Учир нь хэвлэлийн хуралд оролцсон сэтгүүлчдээс зарим нь Ц.Нямдоржоос “Та ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой юу” гэсэн асуултыг тавьсан нь санамсаргүй хэрэг биш болов уу. Уг асуултад тэрбээр юутай ч “Надад үүн шиг сонирхолгүй юм байхгүй. Тэр Ерөнхийлөгчийн суудлаас Эрдэнэтийн асуудал хэд дахин чухал” гэсэн хариулт өгсөн.

Мөн “Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь шилжин ирснийг эсэргүүцэж байж болох “шахааны” бизнесээр хөлжигсдийн захиалга үүний ард нуугдаж байгаа юм биш биз гэсэн хардлага ч сэтгүүлчдийн асуултаас цухалзсан. Энэ санаа нь илэрхий ойлгогдох асуултад тэрбээр “тэр талаар мэдээлэлгүй” гэсэн хариулт өгч байлаа. Нэгэнт “галт тэрэг хөдөлсөн” асуудал гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн ч “Эрдэнэт”-ийн наймааны араас эрх баригч намын удирдлагын зүгээс ийнхүү хатуу шүүмжлэл илэрхийлсэн нь зүй ёсны хэрэг байж болох юм. Үүнийг шүүхэд арай эртэднэ. Гэхдээ үүний араас ямар үр дагавар үүсч болохыг бодох, тооцох ёстойг сэтгүүлчдийн асуулт сануулж байсныг дурдах нь зүй болов уу. Тодруулбал, олон улсын худалдаа, хэлэлцээртэй холбоотой аливаа эрхзүйн маргааныг бид дотооддоо авч хэлэлцдэггүй, арбитрын шүүхээр шийдүүлдэг, практик дээр ихэнх тохиолдолд Монголын Засгийн газар буруудаж ирснийг сэтгүүлчид онцолж байв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрийн хувь шилжсэн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулаад байгаа ч ажлын хэсэг одоог хүртэл дүгнэлтээ танилцуулаагүй байгаа юм. Харин үүнээс түрүүлж, ажлын хэсгийн үүргийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гүйцэтгэлээ.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэрийн бүх эрх мэдэл “Монголиан коппер корпораци” болон ХХБ-д шилжсэнээр төрийн мэдлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан” гэж үзэж буйгаа дуулгасан юм.
Тэрбээр мэдээлэлдээ “Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил 284 тэрбум төгрөгийн татвар төлж байсан. Энэ жил 20 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй “Оюутолгой” компани 244 гаруй тэрбум төгрөгийг татварт төлчихөөд байхад “Эрдэнэт” үйлдвэр 10 дахин бага татвар төлсөн. Яахаараа нэг нь ийм багыг төлдөг билээ. “Эрдэнэт”-ийн мөнгөөр “Эрдэнэт”-ийг өөрийн болгох луйвар үүний цаана харагдаж байна гэдэг дүгнэлтийг ч хэлсэн. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан гэх компани хууль ёсны мөнгөөр нь үүнийг авсан бол Засгийн газар буцааж авах арга байна. Улсын мэдэлд үлдээсэн нь зөв гэсэн байр суурьтай байна. Манай улсыг 30, 40 жил тэжээсэн компанийг цөөн хэдэн хүмүүсийн хуйвалдаанд алдаж болохгүй хэмээлээ.
Дээрх бүх ажиллагааны цаана Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна. Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 99 хувийн хувьцаа эзэмшигч. “Эрдэнэт” үйлдвэр тойрсон бүх зүйл энэ хүнээр дамжсан дүр зураг харагдаж байна. 2010 онд МУИС-ийн хуулийн анги төгсч, Худалдаа хөгжлийн банкны Хуулийн хэлтэст ажиллаж байсан Пүрэвтүвшин гэдэг хүн “Монголиан коппер корпораци”-ийн Ерөнхий захирлаар томилогдож, 49 хувийг худалдаж авах ажиллагааг хийсэн байна. Энэ хүн ХХБ-ны Д.Эрдэнэбилэгийн 2007 онд байгуулсан компанийн хуулийн зөвлөхөөр давхар ажилладаг юм байна гэх баримтыг Ц.Нямдорж хэвлэлийнхэнд дуулгалаа.
Тэгвэл түүний мэдэгдэж буй баримт, дүгнэлт үнэнд хэр ойр вэ? Уул уурхай гэдэг хязгаарлагдмал нөөцтэй, хэр олон жил ашигласнаас хамаарч үнэлгээ нь унаж байдаг бизнес. Уурхайг хаах хугацаа нь улам бүр дөхсөн, нөөц багассан, жилийн ашиг орлого нь буурч, өр зээл нь нэмэгдэх болсон “Эрдэнэт”-ийн хувийг зарах сонирхол оросуудад байсныг ОХУ-ын мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хэлсэнчлэн Монголыг 30-40 жил энэ уурхай тэжээсэн нь үнэн. Тэр тусмаа энэ хэрээр “Эрдэнэт” үйлдвэр одоо л үүцээ нээж буй “Оюутолгой” компаниас үр ашиг багатай байх нь баргийн хүнд ойлгомжтой хэрэг. Харин хэтийн ирээдүй нь богинохон уг үйлдвэрийг улс төрийн эрсдэлтэй гэдгийг ч үл тооцоолон байж худалдан авах шийдвэрийг гаргах шалтгаан ноён Д.Эрдэнэбилэгт юу байсан юм бол доо?!

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …