Ховд: Аймгийн хэмжээнд 1800 гаруй сурагч нэгдүгээр ангид элсжээ

IMG_0156Өнөөдөр аймгийн хэмжээнд бүх сургууль цэцэрлэг шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, баяр хүргэсэн юм.

Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн ууган сургууль болох 1-р бүрэн дунд сургуулийн нээлтэнд оролцож нийт багш ажилчид болон сурагчдад эрдмийн их аянд нь амжилт хүслээ. Тэрээр “Өөрийн суралцаж төгссөн сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. 2016-2017 оны шинэ хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, Боловсролын шинэ бодлого, төлөвлөлтийн эхлэл болж байна.

Энэ хичээлийн жилийн зорилт бол

1.Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох,

2. Сургуулийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх,

3. Оюутанд төлбөрийн дарамтгүй суралцах нөхцлийг бий болгох,

4.Бүх шатны боловсрол, сургалтын байгууллага хүүхэд, залуучуудад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм” гэв.

Нээлтийн үеэр Засаг даргын нэрэмжит шагналыг тус сургуулийн 7в ангийн сурагч П.Буянхишиг, 9а ангийн сурагч Г.Идэрээ, 3б ангийн сурагч Б.Дэлгэрмаа, 8г ангийн сурагч Г.Лхагва-Очир, 3а ангийн сурагч А.Тунгалаг нарын таван хүүхдэд гардуулж сурлага, хөдөлмөрийн амжилт хүслээ.
Ховд аймгийн хувьд энэ хичээлийн жилд ЕБС-ын 24 сургуульд урьдчилсан байдлаар нийт 18612 хүүхэд суралцахаас Жаргалант сумын долоон сургуульд 8100 орчим хүүхэд суралцах бол нэгдүгээр ангид аймгийн хэмжээнд 1848 хүүхэд суралцахаар бүртгүүлээд байгаа юм. Харин сургуулийн өмнөх боловсролд нийт 5000 гаруй хүүхэд хамрагдахаас Жаргалант суманд 3000 гаруй хүүхэд хамрагдах тоон мэдээ урьдчилсан байдлаар гараад байгаа ажээ.

Эх сурвалж: khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …