Намсрайн Лутбаяр: Нийтийн дууны нэгэн үеийн их давалгаа Завханаас эхэлсэн

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, аймгийн алдарт уяач, сэтгүүлч, Б.Явуухулангийн нэрэмжит яруу найргийн наадмын анхны тэргүүн шагналт яруу найрагч Намсрайн Лутбаяртай уулзаж хөөрөлдлөө. “Завхан гол” дуугаараа овоглосон, олон сайхан дууны эзэн энгүй авьяаст эл тэнгэрлэг бодолт эрхэм өнөөг хүртэл ганц ч ном хэвлүүлээгүй, басхүү Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр ч элсээгүйг сонсоод үнэндээ хоёр чихэндээ ч итгэсэнгүй. Эгэл даруухан найрагч ах маань “Хийморийн Шилийн Богдыг Хойморын Отгонтэнгэртэй золгуулсан” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 31-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд толилуулахаар төлөвлөөд байгаа ажээ.

-Уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа гэсэн. Таны зохиосон дуу хэд орчим болоод байна?

-Миний адуу хэд юм. Би тоолж үзээгүй, тоолоод байхаар ч их адуу байхгүй. Миний дуу хэд юм. Бас тоолж үзээгүй, тоолоод байхаар ч олон дуу байхгүй байх. Уран бүтээлд тоо чухал биш. Дууны шүлгийн “Үгийн нүд” гэсэн анхны түүврээ гаргах гэж байна. Энэ түүвэр маань ерэн есөн дуутай, шалдан нооттойгоо, худам монгол, кирилл хос бичгээр хэвлэгдэж байгаа юм.

-Та анхны ном гэж юу ярина вэ. Өмнө нь номоо хэвлүүлж байсан биз дээ?

-Энэ “Үгийн нүд” миний анхны ном болох нь дээ. Уг нь залуудаа нэг ном бэлдсэн ч дарвиж яваад цүнхтэйгээ гээчихсэн юм.

-Саяхан Далхаагийн Норов ахтай хөөрөлдөхөд “Алтан Богдын шил” романыхаа хоёрдугаар дэвтрийг цүнхтэйгээ гээчихсэндээ харамсаж явдаг гэсэн. Та бас яагаад гээчихээ вэ?

-Гээгдээд л олдоогүй. Тэрнээс хойш өдий хүртэл “Бурхан намайг ном гаргаж хэрэггүй гэж байгаа юм болов уу” гээд өдий болчихлоо. “Сэтгэлийн булаг” ч бил үү, “Сэтгэлийн нэрмэл” ч бил үү тиймэрхүү нэртэй л ном бэлдсэн байсан юм. Наян есөн онд Балбар ах Дөнгөтийн Цоодол гуайтай МОНЦАМЭ-гийн үүдэнд уулзаад “Энэ нөхрийн номыг номын төлөвлөгөөнд оруулъя” гэснээр хэвлэлд бэлдчихээд явж байсан хэрэг. Хөх хотод Сэтгүүлчдийн холбооны хуралд оролцоно гэж Эрдэнээ гуайгаар паспорт гаргуулж аваад буцаад вокзал дээр иртэл манай морин хуурын Цогбадрах угтаж “Болор цом”-д Бавуудорж үлдчихлээ” гэнгүүт хөөрөөд хамаг юмаа ширээн дээр мартаж гараад, Нисэх ороод хадам ахындаа ганц юм задлахдаа цүнхээ санасан ч олдоогүй. Сүүлд хоёр, гурван шил архиар паспортоо олж авсан юм. Түүнээс хойш ном гаргах сэтгэлгүй болсон. Одоо харин “Ном чинь байна уу” гэж амьтан хүн асуугаад байхаар санаа зовоод гаргаж байгаа ухаантай.

-Ном гаргасан, гаргаагүй таныг олон түмэн зангаргатай яруу найрагч гэдгийг зохиосон дуунуудаар чинь сайн мэднэ. “Завхан гол” дуугаа гэхэд бичсэн түүх нь сонин л байж таараа даа?

-Миний гэр бүлийн хүн чинь Завхан аймгийн Эрдэнэмандал сумын хүн шүү дээ. Анхны охин маань биднийг оюутан байхад төрсөн учраас хадмууд харж хандана. Тэгээд сургуулиа төгсөөд охиныхоо хойноос Завхан явсан улс. Сэтгүүлчдийн холбооны Т.Баасансүрэн гуайгаас томилолт авч, аймгийн “Туяа” сонинд 1989 оны долдугаар сарын 15-ны өдөр сурвалжлагчаар ажилд орсон юм. Сэтгүүлчийн ажлын гараа минь ингэж эхэлж, Завханд найман жил амьдарсан. Тиймээс намайг хүмүүс Завханых гэж ойлгодог. Завхан, Сүхбаатар хоёр бол засаг захиргааны нэгж юм. Сурвалжлагч, үйлдвэрийн дарга, утга зохиолын нэгдлийн эрхлэгчийн алба хашиж байлаа. “Хөлдүү гурван аймаг”-ийн нэгийг гэсгээлцэж явлаа, залуу насандаа.

-Хөлдүү гурван аймаг гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Завхан, Увс, Говь-Алтай гурав чинь улс төрийн хүрээнд ардчиллыг их хожуу хүлээж авсан аймгууд шүү дээ. Тэнд уран бүтээлийн сайхан нөхөдтэй одоогийн хэлээр гал болж ажилласан.

-Хэн хэнтэй уран бүтээлийн дөрөө харшуулж явав?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Дагвын Цэвээнравдан, Г.Жамьян, гавьяат жүжигчин Батсүх, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, яруу найрагч Хасвайн Лхаасүрэн, И.Цоозол, Бат-Өлзий, Пэрэнлэй, Алтангэрэл, Самдан, Бороохойн Батхүү нартайгаа хамт уран бүтээл туурвиж, нэгнийхээ сэтгэлийн гэрэлд хөөрч хөгжиж явлаа. Бид сэтгэл нэгтэй улс. Бараг нийтийн дууны нэгэн үеийн давалгаа зөвхөн Завханаас эхэлсэн гэхэд болно. Наяад оны төгсгөлөөс ерэн найман он хүртэл энэ давалгаа явсан гэж боддог.

-Бавуудоржийн шүлгүүд, хоёр гавьяатын аялгуунуудыг анзаараад байхад одоо ч наад давалгаа чинь цалгилсаар байгаа юм биш үү?

-Одоо ч үргэлжлээд давалгаалж л байгаа юм байна шүү. Зарим хүмүүс намайг “Нийтийн дуугаар өвчлүүлсэн” гэж зэмлэдэг л юм. Дууны яруу найрагт хорин долоон жил үнэндээ зүтгэсэн байна. Миний анхны уран бүтээл “Бүүвэй ээж” дуу гарснаас хойш ийм хугацаа өнгөрч. Энэ дуу их булган сүүлтэй дуу л даа.

-Тэр чинь юу гэсэн үгтэй дуу байдаг билээ?

“Бүтэн нойртой хонож үзээгүй

Бүлээн цайгаа ууж амжаагүй

Ганцхан биений жаргал эдлээгүй ч

Газар дээр миний ээжий

Үр чинь өсөж том болжээ

Үргэлж юунд санаа тавина вэ

Уул шиг том эр болсон шүү дээ

Унтаж амар даа бүүвэй, ээж ээ” гээд Батсүх гавьяатын дуулдаг дуу. Би Завханд хорин гуравтай очсон. Миний найз Банзрагчийн Баярсайхан гэж Говь-Алтай аймгийн “Алтайн хөгжил” сонинд сурвалжлагчаар ажилладаг байлаа. Манай Б.Галаарид Свердловскт төгсөж ирээд бас тэр сонинд ажиллаж байсан. Бид их нийлнэ. Бие биен рүүгээ их явна. Говь-Алтай, Завхан аймагт юм уу, Тайшир, Цагаанчулуутад уулзана. Нэг удаа Говь-Алтайд очоод “Алтайн хөгжил” сонинд “Үүрд хамт байгаач, ээж ээ” нийтлэл бичиж хэвлүүлээд Багануурт байдаг Баяраагийнхаа аав, ээжид илгээлээ. Би Сүхбаатар аймагт байдаг ээждээ шуудангаар нөгөө нийтлэлээ явууллаа. “Бүүвэй ээж” шүлгийг тэгэхэд Баяраа маань уншчихаад гуравдугаар сарын долоон буюу тэр оройноо Үйлдвэрийн ажилчдын мартын баяр дээр дуулна гэдэг юм.

-Тэгээд дуулав уу?

-Ая хийгээд гитартай дуултал тэнд байсан дөч тавиад хүн уйлаад сүйд болдог юм. Тэгэхэд л дуу бичиж болох юм байна гэсэн санаа тархинд анх харвасан. Тэр үед Батсүх “Сургууль минь” гэсэн ганц дуу л дуулсан байсан. Завханд шөнөдөө давхиж ирээд Цэвээнравдан багшид өгсөн. Удалгүй “Бүүвэй ээж” дуу төрж, аймгийн Намын арван наймдугаар бага хурлын төлөөлөгчдөд концерт тоглотол тэнд байсан төлөөлөгчид уйлсан. Тэр надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Дуу гэдэг ямар их хүчтэй юм гэдгийг мэдэж дууны уран бүтээлд донтсон. Түүнээс хойш бичсэн дуунууд маань 130 гаруй уран бүтээл болж.

-Пээ, та чинь дуугаа тоолж үзээгүй, цөөхөн л гээд байсан. Одноос ч олон дуутай л юм байна ш дээ?

-Сая дууны түүврээ гаргах гэж л багцаалдаж үзсэн юм.

-Таны төрсөн нутаг чинь наран мандах зүгийн Сүхбаатар аймаг биз дээ?

-Би чинь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул Хатагин овгийн хүн шүү дээ. 1983 онд Баруун-Урт хотын нэгдүгээр арван жилийн сургуулийг дүүргэлээ. Хүүхэд байхдаа адуучин болно гэж боддог, дараа нь тагнуулч болно гэж мөрөөддөг байлаа. Самбо, жүдогоор барилддаг, хөнгөн атлетик, гимнастикаар хичээллэдэг, хөлбөмбөг ч тоглодог байлаа. Зүүн гурван аймгийн самбо бөхийн тэмцэээнд таван өрсөлдөгчөө гарт өчих мэхээр ялж аваргалахад тэнд явж байсан Нийгмийг аюулаас хамгаалахын төлөөлөгч надтай уулзсан юм. Би ч Нийгмийг аюулаас хамгаалахын сургуульд явъя гэж хоёр хуваарь дээр шалгалт өглөө. Хорин таван хүүхдээс би нэгээр гарч, манай багшийн хүүхэд хоёроор гарсан. Тэгтэл манай багш хувийн хэрэг авч “Арван төгрөг дээрэмдсэн” гэж хилс тодорхойлолт бичиж бараг сургуулиас хөөх шахуу юм боллоо. Багшийн хүү хойшоо сургуульд явж хурандаа болтлоо явсан. Би тэр сургуульд явсан бол архи дарсанд дуртай, амьдралгүй нэгэн болчих ч байсан юм бил үү гэж одоо хувь заяандаа залбирдаг юм. Гэр зуур гэрэл зураг угааж, охидыг зодоо хийлгэдэг ажилтай сууж байтал “Сүхбаатарын зам” сонинд сэтгүүлчийн ангийн хуваарь ирээд намайг явуулсан. Зохиолч Мөнгөний Чимэд гуай миний шүлгийг Монголын радиогоор уншуулсан байсан.

Завхан гол

Хөгжмийг Г.Жамъян (МУУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Дэн шаргалыг хоргойлсон

Дэлхийн нарыг хүлхсэн

Хадаг яндар Завхан гол

Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ

Ээ, Завхан гол

Элсний нүүдэл шиг чимээгүй

Ай, Завхан голын

Анир үргээж адуу тургилна аа

Хөлчүү зэрэглээ сандаасан

Хөлөрсөн манхныг сэрүүцүүлсэн

Хатан тунгалаг Завхан гол

Халхын нутгаар ороолно оо

Зовлон жаргалаар мэлмэрсэн

Зорголын нүд шиг ус гүйсэн

Мөрөнгийн энтэй Завхан гол

Мөнхийн усыг орлоно оо

Зүлэгт талыг хажсан

Зүсэр уулсыг хэжсэн

Ороо тэлмэн Завхан гол

Одоо юундаа тэлгүүлнэ вэ

Элсний өвсийг ундаалсан

Өвсний сүвийг угаасан

Эргээ хальдаг Завхан гол

Эзэн лусдаа эрхэлнэ ээ

Гуниг баяраар мэлмэрсэн

Гурын нүд шиг талимаарсан

Дайдад одох Завхан гол

Далай сэтгэлийг минь тээнэ ээ

Бадар хундага

Хөгжмийг Д.Цэвээнравдан (МУУГЗ)

Дуучин О.Ичинхорлоо (МУГЖ)

Нар сарны ивэлсэн сүү

Бялхаж мэлтэрсэн агар завьяа

Намиа салхины мөнгөн уул

Хүртээд номхорсон булаг рашаан

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Барсын хэвтэй суварга хайрхны

Ханийн тэнгэртэй тунгалаг болор

Магнай дундаа одон титэмтэй

Манхагтай уулын цагаан Дара эх

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйс ээ

Хүмүүн цэцгийн ихэр тэргүүн

Ханьсаж дуулсан омог домог

Хүжсийн үнэр салхиар өртөөлөөд

Ариун лавиран цогцолсон газар

Энгэр түлхүү Бадархундага

Эр уулын бүсгүй хүйсээ

Аав уул

Хөгжмийг Ц.Жамъян (МУГЗ)

Дуучин С.Батсүх (МУГЖ)

Ургуулан ургуулан бодоход

Уул шиг нөөлөгтэй аав минь

Нутгийн тахилгатай овоодын

Нуруутай жаахан Зотол минь

Хормой бэлийг нь бараадахгүй

Холын өндөр уулс яах вэ

Араг шиг намхан нутгийн ууланд

Аавын минь төрх бүтэн байна аа

Альхан ч талдаа нөмөртэй

Аав минь та хүн уул юм

Хайр энэрэлд тань торнисон би

Хаа нэгтээ тань хоргодсон толгод юм аа

Торниж өсөөд үр тань тэгвэл

Тос даасан бор уул болно

Тал талдаа толгод ургуулсан

Тань шигээ нөмөртэй уул болно

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …