Г.Сэлэнгэ: Эцэг эхийн буруугаас хүүхэд осолдож байна

3ltiufo79gllg908gcbo8nsk8b
 Он гарсаар гурван сарын хугацаанд 8 хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алджээ. Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн, осол гэмтэл хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэлэнгээс тодрууллаа.

Зам тээврийн ослоор нас барсан хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Аль насны хүүхэд ихэвчлэн  өртөж байна вэ?

-Хүүхдүүд маш ихээр зам тээврийн осолд өртөж байна. Замын цагдаагийн газрын тоон мэдээнээс үзэхэд ослын хувь урд жилүүдээс 12.5 хувиар нэмэгдсэн байгаа. Нийслэлийн замын цагдаагийн газраас 2015 онд гаргасан судалгаагаар Улсын хэмжээнд 1142 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Үүнээс 54 хүүхэд нас барсан. Харин ГССҮТ-д өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас бэртэж гэмтэн,  12 мянган хүн хандан тусламж үйлчилгээ авснаас 3247 нь 0-18 насны хүүхдүүд байна. Эдгээр хүүхдийн 962 тохиолдол нь 0-6 насныхан буюу сургуулийн өмнөх насны хүүхдүүд байна.

-Ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон  хүүхдийн судалгаа бий юу?

-Энэ талаар нарийвчилсан судалгааг манай байгууллага аваагүй байна. Нийслэлийн хэмжээнд 2015 онд нийт 979 ослоор 1010 хүүхэд осолд өртсөний 12 хүүхэд нь амиа алдаж, 998 хүүхэд гэмтсэнээс, 134 хүүхэд нь хүнд хүндэвтэр гэмтэл авсан гэсэн судалгаа  байна.

-Ослын гол шалтгаан юу байна вэ?

-0-6 нас гэдэг бол 100 хувь эцэг эхийн хараа, хяналтан дор гадуур явах, зам хөндлөн гарах ёстой байдаг. Гэтэл эцэг, эхчүүдийн хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд зам тээврийн ослоор нас барах, хүндэвтэр гэмтэл авах тохиолдолд их байна. Мөн ослын шалтгааныг авч үзвэл 70 хувь нь хөдөө орон нутгийн замд гарсан байгаа юм. Энэ нь хүүхдийг өвөр дээрээ авч явах, жолоочийн хажуу талын суудалд суулгах зэрэг буруу тээвэрлэснээс болжээ. Орон нутагт Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Төв аймагт зам тээврийн ослоор хүүхэд хамгийн их амиа алдсан бол Нийслэлд Баянзүрх дүүрэгт олон бүртгэгдсэн байна.  Иймд хөдөө, орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдийг зориулалтын, стандартаар тээвэрлэх нь зүйтэй. Осол гэдэг зөвхөн золгүй явдал биш. Бүхий л ослоос урьдчилан сэргийлэх боломжтой. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг, эхийн 100 хувийн хариуцлага хэрэгтэй байна.

-Тэгэхээр эцэг эхийн буруугаас хүүхэд осолдож байна гэсэн үг үү?

-Замын хөдөлгөөний тухай шинэ хуулиар 0-10 хүртэлх насны хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч нь гараас нь заавал хөтөлж явах ёстой. Хэрэв ингээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуулиндаа заасан байгаа. Гэвч хэрэгжихгүй байна. Түүнчлэн эцэг эхчүүд үүрэг, хариуцлагаа сайжруулж, дээшлүүлэх хэрэгтэй байна. Бага насны хүүхдийг сургуулиас гэр, гэрээс сургууль гэсэн энэ маршрутад нь заавал хариуцлагатайгаар асран хамгаалагч нь авч явах шаардлагатай. Энэ шаардлагыг биелүүлээгүй бол хатуухан хэлэхэд эцэг, эхийн буруутэй үйлдлээс болж хүүхэд ослоор нас барж байна шүү дээ.

-Сургууль орчмын стандарт бус нөхцөл байдал осолд нөлөөлдөг үү?

-Улаанбаатар хотын нийт ЕБС-иудын дунд судалгаа хийдэг. Нийт сургуулийн 60-70 нь хүүхэд зам, тээврийн осолд өртөх эрсдэлтэй орчинд байна. Тэгэхээр сургуулийн орчныг стандарт болгох нь чухал юм. Ер нь монголд зам тээврийн нөхцөл, сургууль орчны бүсийг стандартын дагуу барьсан сургууль байхгүй. Тэгэхээр энэ бас осолд нөлөөлж байгаа нэг хүчин зүйл юм.

-Урьдчилан сэргийлэх өдрийн хүрээнд ямар ажлыг зохион байгуулах вэ?

-Энэ удаагийн үйл ажиллагааны цуваанд  “Land cruiser” авто клуб, “One Life” мото клубын залуус нэгдэж буйгаар онцлогтой. Цувааг Нийслэлийн замын цагдаагын газраас “Монгол” гуравдугаар сургуульд дээр очиж үйл ажиллагаа өрнүүлнэ. Үргэлжлүүлэн 45 дугаар сургуульд хүрээд “Драгон” хүртэл энэхүү үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Ер нь цаашдаа авто болон мото клуб ТББ- хамтын оролцоог өргөжүүлж, олон нийтэд замын хөдөлгөөнд хэрхэн аюулгүй оролцох, эцэг, эхчүүдэд хариуцлага хүлээлгэх зэрэг ажлыг хийнэ.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …