Японы зэвсэгт хүчин хилийн чанадад гарах эрхтэй боллоо

japanese-militaryЯпонд Үндэсний өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөжүүлсэн шинэ хууль энэ даваа гарагаас эхлэн  хүчин төгөлдөр болов. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа дайсан өөрт нь довтлоогүй ч Японы зэвсэгт хүчнийг “нөхөрсөг орнууд”-ыг хамгаалах үйл ажиллагаанд  оролцохыг хуулиар зөвшөөрлөө. Мөн өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлд зөвхөн АНУ-ыг ч биш, “нөхөрсөг орнуудын”  цэрэгт логистик дэмжлэг үзүүлэхийг шинэ хуулиар зөвшөөрөв. Харин нөхөрсөг гэх орнуудын хүрээг тодруулаагүй байна. Үүний зэрэгцээ Японы цэргийн албан хаагчид барьцаалагдсан япон иргэдийг чөлөөлөх үйл ажиллагаа явуулах боломжтой болжээ. Ийм ажиллагаа явуулахад тэд зэвсэг хэрэглэх зөвшөөрөл авцгаасан байна.

“Шинэ хууль нь өөрийгөө хамгаалах чухал  арга хэмжээ бөгөөд өөрсдийн иргэдийг хамгаалах арга хэмжээ явуулахыг Засгийн газарт зөвшөөрч байгаа юм” хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна. АНУ-тай стратегийн харилцан ажиллагааг бэхжүүлэхэд шинэ хууль хэрэгтэй хэмээн Абэ онцолжээ. Шинэ шаардлагад нийцүүлэхийн тулд Өөрийгөө хамгаалах хүчний анги нэгтгэлүүд нэмэлт бэлтгэл сургууль хийх болно гэж Батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдэгдлээ.

Хуулийг хэрхэн батлав

Японы Өөрийгөө хамгаалах хүчний эрх мэдлийг өргөжүүлсэн хуулийг парламентын доод  танхим өнгөрсөн оны долдугаар сард, дээд танхим нь есдүгээр сард тус тус баталжээ.

“Өөрийгөө хамгаалах хамтын эрхийн тухай” гэсэн 2014 онд батлагдсан тогтоолын үндсэн дээр энэ хуулийг бэлтгэжээ. Тогтоолын дагуу  цэргийн албан хаагчдын эрх мэдлийг өргөжүүлсэн засваруудыг  аюулгүйн салбарын хууль дүрэмд нэмэн оруулах ёстой байлаа. Үндсэн хуулийн есдүгээр заалтын дагуу тус оронд зэвсэгт халдлага хийгдсэн бол бие даан өөрийгөө хамгаалах эрхтэй гэсэн ойлголт Японы өмнөх Засгийн газруудад  байсан юм. Гэхдээ хамтын хамгаалалт, холбоотонд туслах боломж хязгаарлагдмал байжээ. Шинэ хууль нь Үндсэн хуультай харшилж байна гэж сөрөг намууд Абэгийн танхимынхныг шүүмжилж байна.

Шинзо Абэгийн Засгийн газар Үндсэн хуульд заасан дайны эсрэг гэгдэх өөрийн армитай байхаас татгалзаж, дайны ажиллагаанд оролцохгүй гэсэн есдүгээр заалтад өөрчлөлт оруулахыг  нэг биш  удаа санал болгож байлаа. Японы эрх баригчид 70 жилийн өмнө бичигдсэн Үндсэн хуулиа өнөөгийн геополитикийн нөхцөлд таарахгүй, бүс нутгийн байдал тогтвортой биш учраас Япон улс өөрийн армитай байх ёстой гэж үзэж байгаа ажээ.

Тус улсын Ерөнхий сайд өнгөрсөн сард парламентад үг хэлэхдээ “Хууль эрх зүйн болон түүхийн олон мэргэжилтний дунд манай оронд өөрийгөө хамгаалах хүчин байх нь Үндсэн хуультай харшилж байна гэсэн санаа бодлыг төрүүлдэг” хэмээн хэлж байлаа. “Тийм учраас бид түүний шинэчилсэн төслийг танилцуулна”  гэж Ерөнхий сайд тэмдэглэсэн байв. “60 гаруй жилийн турш нутаг нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө зүтгэсэн учраас өөрийгөө хамгаалах хүчний дайчдыг хүн бүр үг дуугүй дэмждэг” гэдгийг Абэ онцолсон юм.

Лавлах: Японы өөрийгөө хамгаалах хүчин

Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа олон улсын маргааныг шийдвэрлэхэд зэвсэгт хүчнийг хэрэглэх, аюул заналхийлэл учруулахаас үүрд  татгалзсан юм. Үүнтэй холбогдуулан хуурай замын цэрэг, флот, нисэх хүчинтэй болохгүй гэж шийдвэрлэсэн байлаа. Энэ асуудлыг 1946 оны наймдугаар сарын 24-нд батлагдан 1947 оны тавдугаар сарын 3-наас эхлэн үйлчилж байгаа Үндсэн хуулийнх нь есдүгээр зүйл ангид заажээ.

Япон дахь Америкийн цэргийн командлагч Дуглас Макартур 1950 онд Японы ард түмэнд хандан  үг хэлэхдээ, тус орон “өөрийгөө хамгаалах эрхтэй” гэж мэдэгдсэн юм. Ингээд тухайн оны долдугаар сарын 8-нд Цагдаагийн нөөц корпусыг 75 мянган хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тушаал гарсан.

Японы Засгийн газар 1952 оны наймдугаар сард цагдаагийн корпусыг Үндэсний аюулгүйн албаны корпус (110 мянган хүн) болгон өргөжүүлсэн байна. Түүний үндсэн дээр тус улсын парламент Японы өөрийгөө хамгаалах хүчний (Japan Self-Defense Forces, JSDF; энэ нэрээр Японы зэвсэгт хүчин өнөөг хүртэл нэрлэгдэж яваа) тухай хуулийг 1954 оны долдугаар сарын 1-нд баталжээ.

Гэхдээ батлан хамгаалах асуудлаа тус орны нутагт баазаа байгуулсан АНУ-д  даатгасан нь дайны дараах эдийн засгийг сэргээх “Ёсидагийн номнол” гэдэгт бүх хүчээ чиглүүлэх боломжийг олгосон юм. Япон-Америкийн харилцааны хууль эрх зүйн бааз нь 1951, 1960 оны гэрээнүүд болжээ.

Өнөөгийн байдал

Дээд ерөнхий командлагчийн үүргийг Японы Ерөнхий сайд гүйцэтгэдэг. Цэрэг, флотын шууд удирдлагыг Батлан хамгаалах яам (2007 оны нэгдүгээр сар хүртэл Үндэсний хамгаалах газар) ба хуурай замын цэрэг, нисэх хүчин, тэнгисийн цэргийн хүчнийг багтаасан Нэгдсэн штаб явуулдаг. Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэрэг нь нийт 150 мянган хүний бүрэлдэхүүнтэй, таван армиас бүрдэнэ. Тэдний зэвсэглэлд “Mitsubishi Heavy Industries”-ийн үйлдвэрлэсэн  Тип-10, Тип-90, Тип-74 төрлийн 700 танк, 750 хуягт машин,1350 их бууны систем байдаг.

Өөрийгөө хамгаалах хүчний Тэнгисийн цэрэгт  нисдэг тэрэг тээгч дөрвөн хөлөг, олон талын зориулалтын, хурдтай, маневр сайтай 29 эсминец,ангиллаар арай бага түвшний 14 фрегат, зургаан корвет, олон талын зориулалтын 19 шумбагч завь, минийн эсрэг зориулалтын 30 хөлөг, танк-десантын гурван онгоц, харуулын зургаан хөлөг, хангамжийн хэдэн арван онгоцуудтай бөгөөд 50 орчим мянган хүний бие бүрэлдэхүүнтэй.
Нисэх хүчинд 43 мянган хүн алба хааж, зэвсэглэлд нь F-4,  F-15 тактикийн сөнөөгч онгоцууд, Mitsubishi F-2 гэх сөнөөгч бөмбөгдөгч, нийт 370 байлдааны онгоц байдаг.

Японы зэвсэгт хүчинд 2014 оны гуравдугаар сард компьютерийн аюулгүй байдлын анхны тусгай ангийг байгуулжээ. Түүнчлэн тэнгисийн цэргийн десантын хүчин байгуулахаар төлөвлөсөн байгаа. Өөрийгөө хамгаалах хүчин нь сайн дурынхнаас бүрэлдэнэ.

Өнөөдрийн байдлаар,Өөрийгөө хамгаалах хүчин 243 мянган бие бүрэлдэхүүнтэй. Үүнээс 13 мянга орчим нь эмэгтэйчүүд юм. Батлан хамгаалах яамнаас эмэгтэйчүүдэд хязгаарлалттай цэргийн зарим мэргэжлүүдийн хоригийг цуцлах бодлого баримталж байна.

Бэлтгэл хүчний бүрэлдэхүүнд нь 16-56  насны 56 мянган хүн бүртгэлтэй. Цэргийн зардал нь тус орны дотоодын нийт бүтээгдэхүүний  нэг хувьтай тэнцдэг. Энэ жилийн цэргийн төсөв нь 5.05 их наяд иен буюу 41.7 тэрбум долларт хүрчээ.

logo morning news copy

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …