Онгоцны осолд орсон цэргийн албан хаагчдын бие сайжирч байна

12357070_1630360793892333_1969820078149472978_o-Ц.Цолмон сайд цэргийн алба хаагчдаа эргэв-

Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон. Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан юм. Бусад цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийлгэсээр байна. Болсон үйл явдалтай холбогдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон амиа алдсан алба хаагчийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлээд салбарын зүгээс ар гэрийхэнд нь тусалж дэмжих ажлын хэсэг байгуулж, осолдсон цэргийн алба хаагчдад онцгой анхаарал хандуулан ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэгдсэн юм. Харин тэрээр өнөөдөр өөрийн биеэр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн алба хаагчдыг эргэж, эмчлэгч эмч нараас нь биеийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар асууж тодруулсан. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг дагалдаж БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт болон тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан байлцав.

1933178_1630360713892341_2370227048906114446_o
Ц.Цолмон сайд өвчтнүүдтэй уулзахдаа “Та бүхний эрүүл мэндийн төлөө Батлан хамгаалах яам, ЗХЖШ-аас шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Цаашид ч авч ажиллана. Хамгийн гол нь сэтгэл санаа өөдрөг, тогтвортой байх ёстой. Эмчилгээ хийлгэж байхад эерэг бодол чухал шүү. Албан үүргээ гүйцэтгэж явсан цэрэг эрсээ бид ямар ч үед анхаарч ажиллана” хэмээгээд эмчлэгч эмч нараас ямар, ямар эмчилгээ хийлгэсэн, цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай байгааг асууж тодруулсан. Түүний асуултад Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатар “Осолд өртсөн цэргийн алба хаагчдад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажилласан. Өнөөдөр амь насанд эрсдэлтэй нөхцөл үүссэн алба хаагч байхгүй. Дөрвөн алба хаагчийн биеийн байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Үлдсэн алба хаагчиддаа шаардлагатай бүх эмчилгээг цаг алдалгүй хийж байна” гэв. Энэ үеэр Ц.Цолмон сайд “Ослын эмгэг нь хэсэг цаг хугацааны дараа илрэх тохиолдол байдаг. Энэ эрсдлээ тооцож аль болох урьдын адил эрүүл саруул залуус болгохын төлөө манай цэргийн эмнэлгийнхэн хичээж ажиллаарай. Гэхдээ бид эмчилж чадна гээд өөр эмчилгээ шаардлагатай байгаа хүнд эрсдэл учруулах вий. Манай улсад байгаа бусад үндсэн мэргэжлийн эмч нараас зөвөлгөө авч, гадаадад эмчлүүлэх шаардлагатай бол даруйхан мэдэгдэх ёстой” гэсэн юм. Эмчилгээний талаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн гэмтлийн клиникийн эрхлэгч, дэд хурандаа Т.Сүхбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

1417600_1630360860558993_3882434433349414423_o

-Өвчтнүүдийн биеийн байдал ямар байгаа бол. Энэ талын мэдээлэл өгөөч?
-Энэ сарын 23-нд ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт ирсэн. Бид яаралтай бүх арга хэмжээг авч ажилласан. Нийтдээ 4 цэргийн алба хаагч хагалгаанд орсон байгаа. Үлдсэн 6 алба хаагчийн хувьд зөөлөн эдийн гэмтэлтэй, хагалгаанд орох шаардлагагүй юм. Эмчилгээний байдлаас хамаараад 4 цэргийн алба хаагчийн бие байдал сайжирч өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн нэг ч алба хаагч байхгүй.

-Танай эмнэлгийн зүгээс шаардагдах эмчилгээ, сувилгаанд хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Бид бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Бүх эмчилгээ, эм тариаг өөрсдийн нөөцөөр хангаж байгаа. Түүнээс гадна БХЯ, ЗХЖШ-аас шаардлагатай тусламж, дэмжлэгийг үзүүлж байна. Түүнчлэн үндсэн чиглэлийн эмч нар харилцаатай байна. Ялангуяа, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нараас зөвөлгөө авч, шаардлагатай үед хагалгаанд хамтран оролцсон” гэсэн юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.