Ирэх оноос хүүхдийн мөнгөө авахын тулд…

9255a29ba1be269egreat2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хүүхдийн мөнгийг шинэ журмаар олгож эхэлнэ. Тодруулбал, ирэх жил хүүхдийн мөнгө олгохдоо өрхийн мэдээллийн сангийн судалгааг үндэслэж 1-17 дугаар бүлэгт хамрагдаж байгаа өрхийн хүүхдийг хамруулна. Өрхийн мэдээллийн сангийн судалгааг 2013 онд Халамж үйлчилгээний газраас орон даяар хийсэн. Зарим иргэд хүүхдүүдийн мөнгө олгох шинэ журмын талаар мэдээлэлгүй байна. Иймээс манай сайт хүүхдийн мөнгө олгох журам болон иргэд хүүхдийн мөнгөө хэрхэн авах талаар мэдээлэл бэлтгэлээ.

Хүүхдийн мөнгө олгох бүртгэл орон даяар эхэлжээ
Арванхоёрдугаар сарын 20-ноос бүх аймаг, сум, дүүргийн халамжийн газрууд ирэх оноос хүүхдийн мөнгө шинэ журмаар олгохтой холбогдуулан иргэдийн өргөдлийг авч эхэлсэн байна. Иргэн та тухайн харьяа аймаг, сум хороо, дүүргийн нийгмийн ажилтан дээр очиж хүүхдүүдийн мөнгө авах тухай өргөдлөө нэн түрүүнд гаргах юм байна. Иргэний өргөдлийн дагуу тухайн халамж үйлчилгээний мэргэжилтэн айлынд очиж өрхийн мэдээллийн сангийн бүртгэлийг нь баталгаажуулж, 1-17 дугаар бүлэгт хамаарч байвал хүүхдийн мөнгө олгох боломжтой болох юм байна.

Иргэн та хамгийн түрүүнд харьяа дүүргийнхээ халамжийн хэлтэст хандана
Иргэд хүүхдийн мөнгө тасалдахгүй авахын тулд хамгийн түрүүнд харьяа дүүргийнхээ сум, аймаг хорооныхоо нийгмийн ажилтан буюу халамж хариуцсан мэргэжилтэнд хүүхдийн мөнгө авах өргөдлөө эхэлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, иргэд “манайх өрхийн мэдээллийн сангийн хэддүгээр бүлэгт байгааг тодорхойлж өгнө үү” гэдэг хүсэлтийг харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд өгнө гэсэн үг. Үүний дараа иргэдийн өргөдлийг үндэслэн тусгай баг явж өрхийн амьжиргааны төвшинг нь үнэлнэ. Үнэлсэн мэдээллээ нэгтгэж тусгай томьёоллоор бодож автоматаар өрхийн мэдээллийн санд нэгтгэх юм.

Өрхийн амьжиргаагаа хэрхэн тогтоолгох вэ?
Тухайн иргэн, өрхийг ямар төрлийн орлогоор хэрхэн амьдарч байгаа нь олон асуулт асууж тодорхойлдог аргачлалыг ашиглаж, хэддүгээр бүлэг хамруулахыг нь гаргаж байгаа юм байна. Ойролцоогоор 55 асуултаар өрхийн мэдээллийг авч, асуулт бүрт оноо өгч нийлбэрээр нь бүлгийг нь тогтоодог олон улсын аргачлалыг ашиглаж байгаа юм.

1-17 дугаар бүлгийн 600 мянга гаруй хүүхдэд мөнгө олгоно
-Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар 1 сая 30 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгож байна. Ирэх онд 1-17 дугаар бүлгийн хүүхдүүдийг хамруулж улсын хэмжээнд ойролцоогоор 880-890 мянган хүүхэд Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгөө авах боломжтой гэсэн судалгааг Халамж үйлчилгээний газраас тооцсон байна. Одоогоор өрхийн мэдээллийн санд 660 мянган өрхийн 781 мянган хүүхэд бүртгэгдсэн байгаа бөгөөд үүний 601 мянга нь 1-17 бүлэгт хамаарч байгаа аж. Эдгээр хүүхдүүдийн дансанд ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр автоматаар сар бүр мөнгө нь орно.

Бүлгийг буруу тогтоосон гэж үзвэл дахин тогтоолгох боломжтой
Бүлгээ тодорхойлоогүй, өрхийн мэдээллийн санд мэдээлэл нь ороогүй иргэд бол аймаг, сум хорооныхоо нийгмийн ажилтан дээр очиж өргөдлөө гарах ёстой гэдгийг дээр сануулсан. Хэрвээ иргэн та 17-оос хойш бүлэгт багтаж, тэгсэн хэр нь хүүхдийн мөнгө авах ёстой бүлэгт хамрагдах хүсэлтэй байгаа бол өргөдөл гаргаж, өрхийн мэдээллийн санд байгаа бүлгээ дахин тодорхойлуулах боломж нээлттэй байгаа. 2013 оноос хойш тухай өрхийн амьдрал, орлогод өөрчлөлт орсон байхыг үгүйсгэхгүй юм.

Анхааруулга

Нэгдүгээр сарын 20-ноос хойш хүүхдийн мөнгө олгоно. Тэгэхээр иргэд хүүхдийн мөнгөө хугацаанаасаа хоцролгүй авахын тулд харьяа дүүргийнхээ нийгмийн халамжийн хэлтэст өргөдлөө гаргах хэрэгтэй гэдгийг дахин анхааруулж хэлье.
Эх сурвалж: itoim.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …