Хуушуур /хошигнол/

11703163_911813582224435_2101987786738904886_nМонгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн.
Монгол хуушуурыг а.нимгэн, б.супер нимгэн, в.ультра хөнгөн гэж ангилна.
Наадмын анхны хуушуурыг хайраад “Өднөөс хөнгөн, сумнаас хурдан болог (борлог!)” гэж ерөөдөг байжээ.
Хуушуурын мах анхдагч уу, гурил анхдагч уу гэдэг мөнхийн асуулт одоо болтол хариугаа хүлээсээр…
Зарим хуушуураас мах олддоггүй нь “хоосон чанар мөөн” гэж лам нар хэлдэг
“Хамгийн сайн хуушуур бол идэж амжаагүй хуушуур” гэж Аристотель хэлсэн байна.
Манайх ардчилсан орон учраас бүх иргэн өөрийн хуушуурыг хийх, эвлэлдэн нэгдэж хуушуурдах эрхтэй байдаг.
Хуушуурыг ууж хэрэггүй гэж эмч зөвлөж байна.
Хуушуурыг “халуунаараа халуун” ба “хөрсөн халуун” гэж хоёр хуваана. Халуунаараа хуушуурыг пээчинд халаасан, тосонд халаасан, халуунаар нь байлгасан, наранд ээсэн, гарын алгаар халаасан, амьсгаагаараа халаасан гэж ангилна.
Эрдэмтэд хуушуурыг насжилтаар нь уржигдрийн шинэ, өчигдрийн шинэ, өнөөдрийнх шиг шинэ гэж ангилжээ.
Хуушуур хавтгай байдаг нь глобалчлал, технологийн дэвшлийн үрээр дэлхий хавтгай болохыг бэлгэдсэн хэрэг байжээ гэж археологичид хэлж байна.
Монголчууд 70 сая жилийн өмнө хуушуур хийдэг байсны нэгэн баталгаа бол тиранозавр Батаар юм. Батаарын яс нь олдсон боловч мах нь олдоогүй билээ.
Хуушуурын мах маш бага, харин гурил хавьгүй их буй нь хүн ам цөөтэй ч нутаг дэвсгэр том гэсэн санаа ажээ.
Хуушуур жижгэрэхийн хэрээр үнэ нь нэмэгдэж байдаг нь жижиг улс ч үнэ цэнэтэй байдгийн бэлгэдэл ажгуу.
Хуушуураас хордсон тохиолдол байдаг ч түүгээр хүн цохиж, дүрж алсан удаа үгүй тул хүмүүнлэг энэрэнгүй хүнс гэлтэй
Зарим нутагт морины хүүхэд хөнгөн байхыг бэлгэдэж хуушуураа нимгэлдэг.
Хуушуурын махыг илүүдэл жинтэй иргэн цөөрөхийг бэлгэдэн зориуд багасгадаг.
Гэрэлтсэн нимгэн хуушуур нь “ирээдүй гэрэлтэх”-ийг бэлгэдсэн ерөөл агуулна.
Монголчууд хүндэтгэлтэй юмаа “хуушуур” хэмээн авгайлдаг ба улс орныхоо удирдагчдын нэрийг цээрлэж “Төрийн гурван хуушуур” хэмээн ахайлах нь бий.
Хятадууд хуушуурын маханд янз бүрийн нарийн ногоо байцаа жууцай хольсоор нарийн хоол болгох бодлоготой, харин оросууд гурилд нь дрож нэмж хөөлгөсөөр байгаад пирожки болгох санаархалтай хэмээн монголчууд сэжиглэдэг. Эдгээр хандлагыг Нарийн хуушуурын бодлого, өргөн хуушуурын бодлого гэнэ.

@tsenddoo

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 …