Хуримын даашинзаа хэрхэн сонгох вэ?

●    Даашинзны эрэлд МААРШ!

Даашинзаа хэрхэн сонгож, юунаас эхлэхээ мэдэхгүй сандарч догдолж сууна уу? Тэгвэл эхлээд даашинзны эрэлд гарцгаая. Даашинзаа дэлгүүрээс бэлнээр худалдан авч болно, түрээслэж болно, захиалгаар хийлгэж болно, онлайн дэлгүүрүүдээр ч захиалж авч болно. Гэхдээ үүнийхээ өмнө хуримын хувцасны нэг ч гэсэн дэлгүүрээр ороод, ер нь өөрт тань ямархуу хэв загвартай даашинз гоёмсог харагдах болохыг үзээрэй. Сүүлийн үед зарим бүсгүйчүүд маань чадварлаг монгол дизайнеруудын урласан монгол дээлний загвартай хуримын даашинзыг ч мөн сонгодог болсон байна лээ.

●    Загвар нь ямар байвал зүгээр бол?

Хуримын даашинзны маш олон загвар байдаг. Гол нь таны бодож хүсч байгаа загвар, биед тань тохирох загвар хоёроо маш сайн бодолцож байж сонголтоо хийгээрэй. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн тань биед таарч тохирох, эвтэйхэн даашинзыг сонгоорой.

Цээж, бүсэлхий, өгзөг, гуя хэсгээр барьсан өвдөгнөөс доош дэрвийсэн хормойтой даашинзыг “Mermaid” буюу “Загасан” даашинз гэдэг. Үүнийг мөр өгзөг тэгш хэмжээнд, мөн бэлхүүс нарийн, бидний хэлж сурснаар 90:60:90 харьцаатай туранхай гоолиг бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой. Өө сэвийг далдалдаггүй учраас лийрэн хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдэд зохимжгүй.

 

Цээж, бүсэлхий хэсгээр барьсан, бүсэлхийнээс доош хормой нь бөмбийсөн даашинзыг бөмбөгөр хормойтой Сиси даашинз буюу “Ball gown” даашинз гэдэг. Үүнийг  ямар ч галбиртай эмэгтэй өмссөн сайхан зохидог. Өө сэвийг сайн нууж өгдөг бөгөөд гоёмсог, ихэмсэг, сүртэй харагддаг.

Мөр, цээж хэсгээр барьсан, хормой доош унасан загварын даашинзыг “Empire waist” загварын даашинз гэдэг. Өргөн гуя, өгзөгтэй, өндөр харагдахыг хүссэн бүсгүйчүүд сонгохыг зөвлөж байна.

Энэ бол “A-line” загвартай даашинз. Туранхай харагдаж, өгзөг гуяныхаа өө сэвийг нуухыг хүсвэл энэ загварын даашинз танд тусална. Харин үнэхээр гоё модель биетэй бол ийм даашинз биеийг тань тийм ч тодотгож харуулж чадахгүй.

Шулуун даашинзны загвар буюу “Sheath or Column” загвар. Орчин үеийн, загварлаг шийдлүүдийг дотроо агуулсан байдаг. Ерөнхийдөө туранхай бүсгүйчүүдийн сонголт болдог.

Мэдээж ямар ч даашинз сонгосон гивлүүр, бээлий, ээмэг зүүлт, толгойн гоёл, титэм зэргийг хүссэн загварынхаараа зүүж болно.

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …