Баяраар хүүхдээ гадуур авч явахаас болгоомжил

30a0k4iujcodi7ki9e65lp68n0_l (1)-Нийслэлд улаанбурханы дэгдэлт өндөр байгаа учир нийтийг хамрах арга хэмжээнд оролцохгүй байхыг анхаарууллаа-

Хоёр хоногийн дараа Хүүхдийн баярын өдөр тохиох гэж байна. Гэвч нийслэлд улаанбурхан өвчний тархалт өндөр байгаа учраас мэргэжлийн байгууллагынхан баяраар нийтийг хамарсан арга хэмжээнд бага насны хүүхдээ оролцуулахгүй байхыг сэрэмжүүллээ. Нийслэл хотын хэмжээнд энэ сарын 25-ны өдрийн байдлаар улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд 6 сартайгаас 5 нас хүртэлх 163216 хүүхэд хамрагдсан байна. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн хугацааэнэ сарын 25-нд дууссан ч нийслэлд уг өвчлөл өндөр байгаа учраас нөхөн дархлаажуулалтыг үргэлжлэхээр болсон.Тиймээс өрхийн эмнэлэгүүд дархлаажуулалтаас хоцорсон хүүхдийг нөхөн вакцинжуулж байгаа юм.

-Хүүхэд вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа дархлаа бүрэн тогтоно түүнээс өмнө халдвар авах эрсдэл бий-

Улаанбурхан өвчний нэмэлт вакцинжуулалт болон дэгдэлтийн талаар ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасангаас тодрууллаа.

a59jdkqbol0igl4jm9offkhpr-Улаанбурхан өвчний дархлаажуулалт хэдэн хувьтай байгаа вэ. Нэмэлт дархлаажуулалтын хугацааг хэдэн хүртэл сунгасан бэ?

-Зургаадугаар сарын 5-ныг хүртэл Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалт явагдахаар сунгасан байгаа. Одоо дархлаажуулалт 87.1 хувьтай явж байна.

-Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэглэлт буурахгүй байна гэсэн?

-Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт үргэлжилсэн хэвээр байгаа. Одоогоор 9000 орчим хүн өвдсөн гэсэн бүртгэлтэй байна. Манайх долоо хоногт тутамд мэдээгээр гаргадаг. Энэ мэдээгээр манайд 500-600 хүн үзүүлж, 200 орчим хүн эмнэлэгт хэвтэж байна.

-Эмнэлгийн ачаалал ямар байна?

-Ачаалал их байна.  Манайд өнөөдөр 811 хүн хэвтэж, эмчлүүлж байна. Үүнээс  500 гаруй нь улаанбурхан гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Манай төв хэвтэн эмчлүүлэх 530 хүний ортой. Гэтэл үүнээсээ давсан хүн хэвтэн эмчлүүлж байгаа учраас бид бүх боломжоороо дайчлан ажиллаж байна.

-Эцэг эхчүүд хүүхэддээ вакцин хийлгээд л тухайн өдрөөс дархлаа суух юм шиг ойлгодог. Яг хэд хоногийн дараа бүрэн дархлаа тогтдог вэ?

-Хүүхэд вакцин тариулснаас хойш 30 хоног буюу нэг сарын дараа дархлаа бүрэн тогтож эхэлнэ. Түүнээс өмнө халдвартай хүнтэй хавьтаж, ойртох юм бол халдвар авах эрсдэл байгаа.

-Хэрвээ эцэг эхчүүд хүүхэддээ вакцин тариулаад 30 хоноогүй байгаа бол хүүхдээ дагуулан хүүхдийн баярын арга хэмжээнд оролцох нь эрсдэл дагуулах нь ээ?

-Эмнэлэгийн зүгээс хүүхдийн баяраар битгий олон хүүхдийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулаач ээ гэж зөвлөж байгаа.  Улаанбурхан өвчин бол амьсгалын замын халдварт өвчин учраас саяхан вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд дархлаа тогтож, хамгаалах болоогүй.  Өвчлөл өндөр байгаа энэ үед өвчнийхөө нууц үед байгаа хүүхэд явж таарах юм бол бусад эрүүл хүүхэд нь халдвар авах эрсдэлтэй.

-Хүүхэд вакцин хийсний дараа халуурах нь хэвийн үзэгдэл үү. Вакцин тариулсны дараа ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу?

-Энэ удаагийн улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад бид Энэтхэг улсад үйлдвэрлэсэн вакциныг ашиглаж байгаа. Хүүхэд вакцин тариулсны дараа халуурч болно.  Учир нь вакцины урвал, хүндрэл гэж байдаг. Түүнийг хүнд, хөнгөн, дунд зэрэгтэй гэж ангилдаг. Хөнгөн урвал хүүхдүүдэд түгээмэл илэрдэг.  Тэр нь тариулснаас хойш гурав хоногийн дотор ямар нэгэн эм тариа хэрэглэхгүйгээр өөрөө  зүгээр болох учиртай. Хөнгөн урвалын үед хүүхэд халуурна, тавгүйрхэж, уурлана, тарьсан газар улайж, бага зэрэг товгор, хавганаж болно. Мөн нус гоожин хүүхэд өвчний хөнгөн шинж илэрдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ 72 цаг сайн ажиглаж, харж дааруулж, хүйтэн зүйл уулгаж болохгүй,  вакцин тарьсан хэсэгт ус хүргэхгүй байх ёстой. Хэрвээ хүүхдийнхалуун өндөр буурахгүй байх юм бол эмнэлэгт хандах ёстой.

Г.Даша

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …