Чи айлын хэддэх хүүхэд вэ

downloadНэг гэрийн ах эгч дүүсийг харах тоолонд «Тэд яагаад ийм өөр өөр байдаг байнаа?» гэж бодогддог. Тэгтэл хамаг учир нь эцэг эхэд нь байгаа юм шүү дээ! Ууган хүүхдийнхээ ачаар бид эцэг эх болж сурдаг, харин удаах хүүхэд мэндлэх үед нь бид туршлага хуримтлуулсан байдаг. Шинээр хүүхэд мэндлэх бүрт бид улам их туршлагждаг. Иймэрхүү адил бус нөхцөлд өсч буй хүүхдүүд өөр өөр болох нь аргагүй юм.

Айлын ууган хүүхэд

Залуу аав ээж нар шинэхэн мэндэлсэн хүүхэддээ хамаг сэтгэл хөдлөлөө зориулахын зэрэгцээ туршлагын туулай болгодог. Ууган хүүхэдтэйгээ ирээдүйгээ холбож, хүлээлт үүсгэдэг. Ялангуяа бизнес, мэргэжил зэргийг удам дамжуулан өвлүүлдэг гэр бүлд ууган хүүхэд нь заасан замаар нь явахыг хүсэхгүй байгаа бол багагүй асуудал дагуулна.

Энэхүү асуудал нь бидний генд байдаг эрт үеийн уламжлалтай холбоотой: хааны удамд айлын ууган хүүхэд хаан ширээ залгамжилдаг бол арай энгийн ард нь том хүүдээ ажил үйлийг нь үргэлжүүлэхийг үүрэг болгодог байсан шүү дээ. Түүнээс гадна бидний багаасаа уншдаг үлгэрүүдэд ах дүү гурвын хамгийн том ах нь ухаантай, хүчтэй хэмээн гардаг шүү дээ.

Үнэхээр айлын ууган хүүхдүүд илүү хариуцлагатай, дүү нараа асарч хамгаалдаг, эцэг эхийгээ насан туршдаа харж халамжилдаг, хүнд хэцүү байдалд орсон гэр бүлээ дэмжихийн тулд өөрийнхөө мөрөөдлийг хүртэл золиосонд гаргах нь элбэг. Тэд ихэвчлэн удирдах албан тушаалд суудаг. Учир нь тэд багаасаа дүү нараа захирч удирдсаар байгаад хариуцлага үүрэг чадвартай болсон.

Эцэг эхүүд яаж харьцах ёстой вэ?

“Ууган хүүхэд” “том хүүхэд” гэдэг бол өөр өөр ойлголт гэдгийг санах хэрэгтэй. Дүүгээ харах ёстой гэсэн үүргийг түүнд үүрүүлэхдээ хүүхдийн баяр баясгалангийг нь булааж авч болохгүй шүү. Үүнээс болоод том нь ч тэр, бага нь ч тэр аль аль нь зовно. Учир нь хэн ч хараагүй байх үед том нь багыгаа зодож, дээрэлхэж, айлгаж ч мэднэ. Тиймээс, хүүхэдтэйгээ хоёулахнаа үлдэх цаг гаргаж, түүнтэй ярилцаж, гомдол санааг нь сонсож хэлэлцэж байгаарай.

Айлын дунд хүүхэд

Үлгэрт дунд хүүхдүүдийн тухай бараг өгүүлдэггүй, ихэвчлэн ууган хүүхдийн “хавсралт” маягаар бичдэг. Тэгтэл амьдрал дээр бодит гэр бүл дотор хүртэл яг энэ байдал ажиглагддаг.

Эхлээд айлын бага, эрх хүүхэд нь байснаа, гэнэт анхаарлын төвд байхаа болих хэрнээ, ууган хүүхдэд өгдөг эрх мэдлийг ч бас өөрт нь өгөхгүй байна гэдэг нь жинхэнэ эмгэнэл болдог. Гэхдээ дунд хүүхдийн давуу тал бас их бий. Түүнд хариуцлага үүрүүлж боогдуулахгүй, мөн хэтэрхий халамжилж дарамтлахгүй.

Тэр эрх чөлөөтэй боловч, эрх чөлөөгөө зөв ашиглах арга замыг нь зааж өгөх ухаантай хүн дэргэд нь байх ёстой. Айлын дунд хүүхдүүд амжилт гаргах гэж тэмүүлэх нь бага, түрэмгий биш, заль мэх ч гэсэн тэр бүр гаргаад байдаагүй. Харин тэд маш сайн дипломатчид. Учир нь тэд багаасаа ах /эгч, дүүтэйгээ харьцаад сурчихсан байдаг.

Эцэг эхүүд яаж харьцах ёстой вэ?

Дунд хүүхдүүд их гомдомтгой гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа, айлын бүх хүүхдүүд нэг хүйстэй бол бүр ч их эмзэг байдаг. Түүнээс гадна, түүнд аль болохоор их анхаарал тавьж, авъяасыг нь магтаж, бусад хүүхдүүддээ ч гэсэн түүний төлөө баярлаж байхыг сургаарай. Тэр ч бас өөрийгөө чухал, амжилттай яваа гэдгээ мэдрэх эрхтэй шүү дээ.

Айлын отгон хүүхэд

Отгон хүүхэд ч бас өөрийн гэсэн асуудалтай, зовлонтой байдаг. Ахад нь зөвшөөрсөн байхад, харин өөрт нь үгүй. Ах нь оройтож унтаж болоод байхад, харин тэр үгүй. Ах нь дугуй авч өгч байхад, харин тэр жаахан том болсон хойноо л унана. Гэхдээ айлд шинэ хүүхэд мэндлэх үед том хүүхдүүдэд учирдаг сэтгэл зүйн “шарх” нь отгон хүүхдэд байхгүй л дээ.

Отгон хүүхдүүд жаахан хэнэггүй болоод өсөх хандлагатай байдаг ч, их бүтээлч болдог. Тэд хүмүүсийг залж удирдахдаа сайн, хүмүүсийн анхаарлыг өөртөө татах чадвартай. Үлгэрт хүртэл айлын отгон хүүхдүүд зальжин, сэргэлэн байдаг шүү дээ. Айлын отгон хүүхдүүд дундаас жүжигчин, эрдэмтэд болсон хүмүүс их бий.

Эцэг эхүүд яаж харьцах ёстой вэ?

Ах эгчдээ атаархах сэтгэлийг төрүүлэхгүй байх хэрэгтэй. Эс тэгвээс, томыгоо хэзээ ч гүйцэхгүй юм байна гэдгийг тэр ойлгоод эвлэрэвэл цаашид сурахаас, зорилгодоо хүрэхээс татгалзаж мэднэ. Мөн өөрийгөө “чагнаж”, юу хүсч байгаагаа ойлгохыг сургах хэрэгтэй. Учир нь эцэг эхчүүдэд отгон хүүхэд нь үргэлж нялхаараа хэмээн “бодогдож”, түүний хөгжлийн явцыг өөрийн эрхгүй сааруулж, хэнэггүй залхуу хүн болгон хувиргадаг.

Санал болгох мэдээ

Баяр тэмдэглэхдээ зам тээврийн ослоос сэргийлэхийг анхааруулав

        2016 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл …