“Үндсэн хууль тайлбарлах онол аргазүй” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Үндсэн хууль тайлбарлах онол, арга зүй” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2015.04.30/ Төрийн ордонд зохион байгууллаа.

DSC_1745Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлсэн үгэндээ, Үндсэн хуулийн тайлбар нь нэг талаас иргэний үндсэн эрх, үндсэн хуулийн суурь бүтэц, байгуулалтыг баталгаажуулахаас гадна хууль зүйн хөгжил, нийгмийн дэвшилттэй өөрчлөлтийг дэмжин, бататгах үйл явц байх учиртай. Бусад улсын туршлагаас харахад Үндсэн хуулийг тайлбарласан агуулгаас илүүтэй түүнийг тайлбарлах арга зүйд анхаарлаа хандуулж, онолын болон практик түвшинд нэгдмэл ойлголт руу дөхөж чадсан улс орнууд хуулийн тогтолцоогоо хүний эрхийн баталгаанаас гадна хөгжлийн хөшүүрэг болгон хувиргаж чадсан байна хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэхдээ, Үндсэн хуулиа тайлбарлаж чадахгүй, эргэлзээтэй олон асуудал үүссэнээс болж Үндсэн хуулийг өөрчлөх тухай ярьдаг. Үндсэн хуулийг зөв ойлгоод бусад хуулиудаа зөв хэрэглээд явбал Үндсэн хуулийн бүх заалт бүрэн дүүрэн ашиглагдана. Ингэснээр ашиглах боломжгүй заалтуудыг тодорхой болгож тэднийг өөрчлөх учиртай юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хууль болон бусад хуулийг тайлбарлах арга зарчим, ойлголтоо жигдрүүлж авах, гадаад орнуудын туршлагыг судлах онолын болоод практикийн ач холбогдолтой. Ийм учраас хуулийн байгууллагуудын төлөөлөл, их дээд сургууль, судалгааны байгууллагууд тал талаас нь шүүн хэлэлцэж байна. Цаашид хууль тогтоомжоо боловсронгуй болгож тайлбарын асуудалд шинжлэх ухаанчаар хандах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд энэхүү хурал чухал үүрэгтэй юм хэмээн онцоллоо.

DSC_1751Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр Хууль сахиулахын их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургуулийн захирал, дэд профессор, доктор Н.Гантулга “Хууль тайлбарлахад баримтлах зарчим, дүрмүүд” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй судлалын тэнхимийн багш, дэд профессор, доктор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн зарчим тайлбарлах онол, арга зүй: шүүхийн шийдвэрийн харьцуулсан анализ” сэдвээр, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, доктор Ч.Энхбаатар “Үндсэн хууль тайлбарлах нь: онолын зарим асуудлууд” сэдвээр, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Сүнжид “Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хууль тайлбарлах субьект, арга зүй” сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимийн багш, дэд профессор, доктор Д.Гангабаатар “Үндсэн хуулийг тайлбарлахад хувь тэнцүүлэх зарчмыг хэрэгжүүлэх нь” сэдвээр тус тус илтгэл тавьжээ.

Ugluu-logo20

Холбоотой мэдээлэл

Comments are closed.