Хулгайлагдсан өвөө

polosmakӨвөө алга болчихов. Хэн нэгний аав, магадгүй хэн нэгний дээд өвөг сураггүй алга болж, сурах хүнгүй эзэнгүйдэв. Найгал алаг үрсээ тойруулан, найман зүгийн шавь нараараа өргүүлж асан өвөө хулгайлагдсан гэдгийг эхэндээ хэн ч мэдсэнгүй. Гэтэл нэг л өдөр хотын захын нэгэн айлаас дүрээрээ гараад ирэх нь тэр. Дээд оюун санаанд дээлтэй биеэр хүрсний учир өвөө бурхны суудлаар жанч халж,гэгээрлийн мөн чанарыг илэрхийлэн, үе дамжин хүндлэгдэж,үнэнч сүсэгтнүүддээ дээдлэгдэж асан нэгэн.

Гэвч алдагдсан өвөө олдохдоо хатуу цаасан хайрцагнаас,айлын амбаараас гараад ирдэг байгаа. Хамба Д.Чойжамцын айлдсанаар байнга ёс бус зүйл гардаг,байгалийн гамшиг нүүрлэсэн нутагт ийнхүү гэгээрэлд ойртсон өндөр бясалгагч нарыг онголсноор уг газар зөөлрөн гийдэг гэх. Цагдаа нар саяхандаа Архангай аймгийн Цахиур сумд очин мөрдлөг хийсэн. Тэд Очир хайрхан хэмээх уулын оройд онголсон Өвгөн Гэсэр лам, түүний шавь цорж Санжжавын самади байдалтай занданшуулсан шарил уг газартаа байгаа, үгүйг нягтлан, ойр төрлийнх нь хүнтэй уулзаад явжээ. Занданшуулсан шарил хэмээн “хүйтнээр” хэлэгдэж буй уг гэгээрэлд хүрсэн ламтан мэдээж хэн нэгний өвөг дээдэс, өвчүү биений уг үндэс болох нь тодорхой. Одоогоор гаднын хэвлэлүүд Итгэлт хамбын шарил Монголоос олдсон мэтээр мэдээлж байна. Ямартай ч ийм нэгэн үнэт олдвор хилээр гарахын өмнөхөн, хэдхэн зоосоор арилжигдахын өмнөхөн олдлоо. Тэгэхдээ бүр айлаас бус амбаараас, авдраас бус цаасан хайрцагнаас, сахиус шүтээнээс бус сар жилээр хадгалсан хуучин хувцасны хогон дундаас олдлоо. Хэний өвөг дээдэс ийнхүү доромжлогдож буйг хэн мэдэхэв. Хулгайлагдсан өвөөгийн хэрэг ид мандаж байх зуур Хүн гүрний эзэн болж явсан 800 өвгөний асуудал айхтар босч ирлээ. Энэ нь Ноён уулын өвөрт буй Хүннүгийн үеийн олдворууд юм. Магадгүй 300 орчим жилийн түүхтэй, самади байдалтай өвөөгөөс ялгаатай нь Ноён ууланд нойрсож буй өвгөд МЭӨ 200 оноос эхлэн тоологдох, 2200 жилийн настай. Бас өнөөхөндөө хулгайд алдагдаагүй байгаа аж. Нөгөө нэг ялгаа нь гэвэл самади байдалтай өвөөгийн хулгайч тодорхойгүй байгаа бол Хүн гүрний элч болох өвгөдийг хулгайлах санаархал хэдийнэ ил болсон.

“Сентерра гоулд Монголиа” компани 50-70 тн алтны нөөцтэй гэх Гачууртын ордыг ухахын төлөө Хүн гүрний хүршгүй эрхэмсэг өвгөдийн шарилыг “хулгайлахаар” замаа засч эхэллээ. Тэгэхээр тус компанийн захиалгаар ажиллаж байж болзошгүй Монгол төрийнхөн Хүннү өвөг дээдсийнхээ хулгайчаар цоллуулж магадгүй нөхцөл байдал нэгэнт үүсчихлээ. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Гачууртын ордод олборлолт явууллаа гэхэд түүхийн үнэт дурсгалтай ямар ч хамаагүй,өөр аманд байдаг юм билээ” хэмээн өвгөдийнхөө өвөр рүү өшиглөв.

Уул уурхайн ассоциацийн Н.Алагаа “Уул уурхайн компаниар хөрөнгийг нь гаргуулаад Хүннүгийн түүхэн музейтэй болох том боломж” хэмээн өөрийнх нь эхлэл ч байж болох өвөг дээдэс рүүгээ чулуу шидэв. Ийнхүү цагийн эрхээр Хүннүгийн үеийн үнэт олдвор,50 тн алт хоёр жингийн хоёр талд дэнжигнэж эхлэлээ. Нүүдэлчдийн анхны төр улсыг байгуулж асан Хүннү гүрний язгууртнуудын 800 орчим булш Ноён уулнаа онгологдсон гэдгийг Оросын эрдэмтэн П.Козлов тогтоосон гэдэг. Хожим Монгол, Түвдийн шинжилгээний багийнхан 200 булш илрүүлсэн бөгөөд үүний 100 нь Сүжигтийн аманд байгааг нотолжээ. Малтлага хийгээд эхлэхээр дагуул булш нэмэгдсээр 800 болох тооцоо байгаа талаар эрдэмтэд ам алдсан байх юм. Үүнээс одоогоор 13 булшийг судлан,үнэт олдворыг нь Эрмитажид нүүлгэн хадгалсан баримт бий. Өдгөө занданшуулсан шарил, булш, олдвор хэмээн нэрлэгдэж буй хэдий ч Монгол түмний, дэлхийн нүүдэлчин овог аймгуудын, тэр дундаа таны, миний, бидний өвөө нарын бунхан хэмээн Ноён уулын олдворыг хэлж болно. Сүжигтийн амнаас хоёрхон км-ын зайд олборлолт явуулах тухай өдгөө яригдаж буй.

Хэн нэгний өвөөгийн булш уурхайн хүнд техникийн дор үнэ цэнэгүй үрэгдэхэд ойрхон байна гэсэн үг. Хамгийн гол нь Хүннү гүрний соёл,оюун санаа гарал үүсэл,шүтлэг мөргөлийг хүүрнэх 800 өвөө, 50 тн алт хоёрын аль нь үнэтэй вэ гэсэн асуулт тулж ирэв. Энд нэг л хариулт байна. Алт хэдий үнэтэй ч нэг л өдөр дуусдаг. Хамаагүй, Ноён уулыг буулгаж байгаад, “Сентерра гоулд” компанитай татварын хэрүүл хийж байгаад ч болсон алтаа хуваагаад идчихэе. Дараа нь юугаа зарах вэ? Тэгвэл Ноён уулан дахь Хүннү өвгөдийн булш бунхныг байгаа байдлаар нь хагас малтлага хийгээд байгалийн музей болговол хэдэн зуун жилдээ дэлхийн зүрх болон оршиж,хэдэн сая жуулчныг соронзон мэт татан,хэдэн тэрбумаар тогтохгүй доллар босгоно. Египэтийн пирамид ард түмнээ хэдэн зуунаар тэжээсэнтэй адил алхам болох юм. Хүн гэдэг надаас эхлээд муухай ч амьтан юм даа,хөрөнгө талаас нь л хараад байдаг. Алттай уралдуулж байгаа болохоор арга ч үгүй биз. Ноён уулын алт авгай хүүхнүүдийн ээмэг зүүлт болж, их сайндаа л алтан хантааз,алтан гулдмай,олимпийн медаль болон хувирах биз. Харин Хүннү гүрний хүчирхэг өвгөдийн булш дэлхий дахинд дээлтэй нүүдэлчдийн оюун санаа,соёл уламжлалыг хэдэн зуунаар хүүрнэх болно. Үүнд л ялгаа хийгээд ялагдашгүй үнэ цэнэ нь оршино.

Хэрэв монголчууд цэнхэр гаригийн түүхийг хүүрнэх үнэт олдвороо юу ч үгүй устгачихвал дэлхий биднийг уучлахгүй. Хэчнээн ядарсан ч монгол айл хойморт залсан бурханаа,хадагт боож хадгалсан шүтээнээ гаргаж зардаггүй. Ноён ууланд байгаа Хүннү өвгөд монгол түмний эхлэл, эрэмбэ дараа, их оюун, илд бамбай, исгэрэн хурайлах сүр хүч, элэгдсэн түүхийн элч юм. Тиймээс ч бидэнд үнэтэй. Өгүүлшгүй үнэтэй. Үнэндээ бол “Сентерра гоулд” -ынханд бусдын өвгөд ямар хамаатай, ямархан үнэтэй билээ? Тэд бусдын өвөөд цэцэг барихгүй, цэрвэж хүндлэхгүй нь тодорхой. Тийм болохоор энд алтнаас гадна хүний болон өөрийн гэж элгэмсэх өвгөдийн тухай яригдаж байна. Нөгөө талаар түүхийн ийм үнэт олдворийн үнэ ханшийг мэдэхгүй тэнэг гэж үгүй. Арван булш нууцаар хил давуулаад зарахад л юун тэр 50 тн алт байтугайг олно гэдгээ зарим эрхмүүд биднээс түрүүлээд аль эрт тооцчихсон ч байж болзошгүй. Тарбозавр Батаар маань 17 сая доллараас эхлэн үнэ дуудуулах гэж байсныг санахад илүүдэхгүй. Монголдоо ирээд төв талбай дээр сар шахам зогсохдоо 130 сая төгрөг олсныг ч бас энд дурдмаар байна. Гаднын компани Ноён уулыг нэг л өөрийн болгоод, олборлох зөвшөөрөл авчихвал өндөр зэрэглэлийн харуул хамгаалалт гаргаад, монгол хүн, нохой хоёр хашааных нь завсраар ч харах эрхгүй болж таарна. Алтаа ачаад байгаа юм уу, өвөө нарыг маань гаргаж зараад байгаа юм уу, мэдэх аргагүй хоцорно. Энэ мэтийн олон эрсдэл байгааг бодууштай санагдана. Зуун зуун дамнасан зурхайн түүхтэй, түмэн оныг туулсан төө төө тоостой Ноён уулын өвгөд өнөөгийн Монголын төрд 50 тн алт, тахимдаж нумарсан их түүх хоёрыг зориуд санал болгов. Сорилт болгов.

Алийг нь сонгохоос өнөөдрийн Монгол төрийн үнэ цэнэ, оюуны багтаамж харагдах юм. Урт холдоо ухаанаа сунгаж чадах уу,уужим алсдаа оюунаа чилээж мэдэх үү хэмээн өвгөд асууж байна. Зүгээр ч нэг өвгөд бус. “Хүн бол төрийн үндэс” гэдгийг тунхаглаж,эмхэлсэн төр улсаа ХҮННҮ хэмээн нэрийдсэн, “Газар бол улсын үндэс” хэмээн ухааран зарлаж чадсан оюунт мэргэд,эрдэмт өвгөд асууж байна. Дээдсийн сорилгод охор ухаантан нь бүдэрч,богино бодолтон нь бохирох буй за.

Р.ЭМҮЖИН

Эх сурвалж:  Jana Ganbi

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …