“Монголд төлөөллийн ардчилал, шууд ардчиллыг хослуулан хэрэгжүүлэх цаг болсон”

05a57bd05d949208originalМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад төлөөллийн болон шууд ардчилалыг хослуулан хэрэгжүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэдийн оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийг нээн үг хэлж, Швейцарь улсын Цюрихийн их сургуулийн профессор, Ардчилал судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч, захирал асан доктор Андреас Ауэр үндсэн илтгэл тавьсан юм.

 Ерөнхийлөгчийн зөвлөх Л. Дашдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мөрийн хөтөлбөрийн нэг гол хэсэг нь иргэдийн оролцоог дэмжих, төвлөрлийг сааруулах бодлого байсан. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2010 оноос иргэдийн оролцооны багц үлгэрчилсэн дүрэм, журмыг боловсруулж, ард иргэдийн гар дээр хүргэн танилцуулж, сургалт явуулж байна.

 Орон нутгийн хөгжлийн сан 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс бодит байдлаар хэрэгжиж эхэлсэн. 2013 оны төлөвлөгөөгөөр нийт 240 гаруй тэрбум төгрөгийг орон нутагт тодорхой загварын дагуу хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээ, төвөөс алслагдсан байдал, хөгжлийн индекс, татварын идэвх санаачилга гэсэн үзүүлэлтүүдээр томъёолон хуваарилж хүргэж байна. Ойролцоогоор 3000 орчим хүнтэй суманд 400-450 сая төгрөг хуваарилагдаж, иргэд нь өөрсдөө саналаа гарган орон нутгийнхаа хэрэгцээтэй арга хэмжээнд зарцуулах боломжоор хангагдсан.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2013 онд дахин сонгогдсоныхоо дараа Ухаалаг төрийн бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Ухаалаг төрийн бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь иргэдийн оролцоо юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 оны 10 дугаар сард УИХ-ын чуулганд улсын төсөвтэй холбогдуулж хэлсэн үгэндээ “Монголд төлөөллийн ардчиллыг шууд ардчилалтай хослуулан хэрэгжүүлэх цаг үе ирсэн байна. Үүнийг төрийн бодлого болгож анхаарч хэрэгжүүлэх цаг болсон байна” гэж тэмдэглэсэн.

 Бид Ерөнхийлөгчөөс өгсөн чиг үүргийн дагуу өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хуулийн төсөл бэлтгэсэн. Нийтийн зар мэдээний тухай хууль, Орон нутгийн санал хураалтын тухай хуулийн төслүүдийг бэлтгэж Иргэний танхимаар хэлэлцүүлсэн. Одоо эдгээрийг нэгтгэж Иргэдийн оролцооны тухай хууль гэсэн том хуулийн төсөл болгохоор ажлын чиг удирдамж аваад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд гадаад орнуудын туршлагыг судалж үзэх, Монголын хөрсөнд буулгах шаардлага гарч ирж байна.

 Бидний гол зорилго бол зөвхөн иргэдийн оролцоо биш, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хэрхэн хөгжил болгож хувиргах вэ, энэ өсөлтийг яаж айл өрх, иргэдийн амьдралд хүртээмжтэй болгох вэ гэсэн том асуудал тулгарч байна.

 Хувь хүний эрх чөлөөг хэрхэн тэлж байгааг бид хөгжил гэж үзэж байгаа юм. Хувь хүн хамтын шийдвэр гаргаж чаддаг, гарсан шийдвэр нь бодитой хэрэгжих бололцоотой тийм хууль, эрх зүйн орчинг бүрэлдүүлэх нь өнөөдрийн тогтвортой хөгжлийн гол арга зам юм. Иргэдийн оролцоог бид хөгжилд хүрэх гол арга зам гэж үзэж байна.

 Дэлхий дахинд өнөөдөр ардчилал, иргэдийн оролцоонд тулгуурласан засаглалыг л хамгийн үр ашигтай зөв засаглал гэж үздэг. Үүнийг Монгол Улсад хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхээр бид ажиллаж байна” гэлээ.

 Швейцарийн Цюрихийн их сургуулийн профессор Андреас Ауэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монголд ирж Иргэдийн оролцооны хуулийн төсөл дээр  ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгт үндсэн илтгэл тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч 2011 онд Швейцарьт айлчлахдаа  тус улсын шууд ардчиллын тогтолцоо, Нэгдсэн улс, Холбооны улс, орон нутгийн хоорондын харилцааны асуудлыг сонирхож тусгайлсан нэг өдрийг уг сэдэвт зориулж байжээ. Тухайн үед профессор Андреас Ауэр Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулж Швейцарийн тогтолцооны талар сонирхолтой илтгэл тавьж байжээ. Мөн 2012 онд тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувийн урилгаар Монголд ирж Үндэсний зөвлөгөөнд  Швейцарийн шууд ардчиллын тогтолцооны асуудлаар лекц уншсан байна.

 Төлөөллийн ардчилал нь шууд ардчилалгүйгээр дангаараа хөгжих боломж хязгаарлагдмал юм байна гэдгийг Монголд төдийгүй олон улсын жишээнээс харж болно гэдгийг хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлж байлаа.

 Профессор Андреас Ауэр илтгэлдээ төлөөллийн ардчилал, шууд ардчилал нь нэгэн зэрэг хэрэгжих боломжгүй, харилцан адилгүй систем гэдгийг тайлбарлалаа. Гэхдээ аль аль нь дангаараа, нэг нэгийнхээ элементгүйгээр хэрэгжих боломжгүй гэсэн юм. “Иргэд хуулийн дагуу өөрийнхөө төлөөллийг төрд сонгож төлөөллийн ардчиллыг бүрдүүлдэг. Үүний арга нь сонгууль юм. Олон хүн төлөөллөө болгож цөөн хүнийг төрд буюу парламентад сонгодог. Сонгосон болон сонгогдсон хүмүүс хоорондоо бодитойгоор гэрээ байгуулдаггүй. Хоорондын холбоо нь зохиомол.

 Харин шууд ардчиллын хувьд хүмүүст саналаа шууд өгөх боломжийг олгодог. Төлөөллийн ардчиллын  гол элемент нь сонгууль байдаг бол шууд ардчиллын гол элемент нь санал асуулга юм. Хүмүүсийн олонхийн өгсөн саналаар асуудлыг шийддэг. Санал асуулгыг Үндсэн хууль болон бусад хуульд өөрчлөлт оруулах, захиргааны түвшний шийдвэр гаргах, төсөвтэй холбоотой асуудал шийдэхэд ашиглаж болно. Санал асуулгыг үндэсний хэмжээнд болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж болно. Мөн гарын үсэг цуглуулах маягаар явуулж болно” гэлээ.

 Хэлэлцүүлэгт оролцогчид уг асуудлаар санал бодлоо солилцон ярилцлаа.

 President.mn

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …