Дэд сайд нар дүрээ хувиргаж, зүсээ өөрчилсөн төсвийн гадна үлдлээ

uihУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр гишүүдийн гаргасан саналын дагуу санал хураалгасан юм. Чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн олонхи дэмжлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дээрх санал дэмжлэг аваагүй ч, чуулганы хуралдаанд нэгхэн гишүүний саналын зөрүүгээр дэмжлэг авлаа. Шийдлийн Засгийн газарт дараах дэд сайд нар ажилладаг. Үүнд:

1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын дэд сайдаар Магвансүрэнгийн Хүрэлсүх;

2.Гадаад хэргийн дэд сайдаар Наваан-Юндэнгийн Оюундарь;

3.Сангийн дэд сайдаар Сүрэнжавын Пүрэв;

4.Хууль зүйн дэд сайдаар Цогоогийн Уугангэрэл;

5.Аж үйлдвэрийн дэд сайдаар Хавдислын Баделхан;

6.Батлан хамгаалахын дэд сайдаар Авирмэдийн Баттөр;

7.Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Гочоосүрэнгийн Байгалмаа;

8.Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар Ядмаагийн Төмөрбаатар, Буяагийн Тулга;

9.Зам, тээврийн дэд сайдаар Хабшайн Ержан;

10.Уул уурхайн дэд сайдаар Ганзоригийн Тэмүүлэн;

11.Хөдөлмөрийн дэд сайдаар Жамьяндоржийн Батхуяг;

12.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Бэгзжавын Мөнхбаатар;

13.Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Батжаргалын Батзориг;

14.Эрчим хүчний дэд сайдаар Өлзийхутагийн Пүрэвбаатар;

15.Эрүүл мэнд, спортын дэд сайдаар Төмөртогоогийн Болдбаатар, Дашдоржийн Атармаа нарыг дэд сайдын албан тушаалд ажиллахыг Засгийн газраас шийдвэрлэсэн.Тэд ажилдаа ороод нэг сарын хугацаа л өнгөрч байна.

2015 оны төсвийн тодотгол анх орж ирснээрээ өөрчлөгдлөө. Зүсээ хувиргасан төсвийн тодотголд Засгийн газар дэд сайдгүй ажиллах ёстой гэдгийг гишүүд дэмжив. Үүгээр зогсохгүй төсвийн тодотголд нэлээд хэдэн өөрчлөлтүүд ороод байгаа юм. Чуулганы хуралдаанаар гишүүдийн орлого нэмэгдүүлэх саналыг хэлэлцэх үеэр дараах саналууд дэмжигдлээ.

-Автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлогыг 228 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжсэн.

-Цалин нэмэгдэхтэй холбогдуулан хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.290.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийг 83.3 хувийн саналаар дэмжлээ.

-УИХ-ын даргын гадаад тусламжийн орлогод 350 сая төгрөг нэмж суулгах саналыг хуралдаанд оролцсон 48 гишүүний олонхи нь дэмжлээ. Энэ нь Швейцариас олгож байгаа тусламж нэмэгдэж байгаа учир ингэж тусгасан байна. Баланст ямар нэг өөрчлөлт ороогүй болохыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хэллээ.

-Энэ онд төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэхэд зориулан цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд нийт 90.000.0 сая төгрөгийг Хөдөлмөрийн сайдын багцад нэмэгдүүлэх

-Алдарт эхийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгон. Ингэхдээ 19.448.9 сая төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын багцын урсгал зардалд нэмэгдүүлэх

-2015 онд нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нийт 94.692.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбогдуулан улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд олгох хөрөнгийн эх үүсвэрийг 13.000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлогыг 38.678.6 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Хүний хөгжил сангаас олгох хүүхдийн мөнгийг 0-18 насны хүүхэд бүрт олгохоор тооцож урсгал зардлыг 94.915.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Хүний хөгжил санд Эрдэнэт үйлдвэрээс төвлөрөх ногдол ашгийн орлогыг 30.000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх

-Нийгмийн халамжийн сангаас олгон жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардлыг 9.140.2 сая төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг дэмжлээ.

Харин урсгал зардлыг бууруулах саналын хүрээнд дараах саналуудыг дэмжлээ.

-Улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах зардал, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг тус бүр 5 хувиар бууруулах. Ингэж нийт 467.2 сая төгрөгөөр урсгал зардлыг бууруулахыг гишүүд дэмжлээ.

-Яамдын цалинтай холбоотой урсгал зардлыг 2015 оны Төсвийн тухай хуулиар батлагдсан дүнгээс 3.2 тэрбум төгрөгөөр бууруулахгүй хэвээр үлдээж, “улсын чанартай автозамын засвар, арчлалт, шинэчлэлт”-ийн төсөл, арга хэмжээнд шаардагдах 25.0 тэрбумыг 3.2 тэрбум төгрөгөөр бууруулахыг дэмжлээ.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотгол олон таналтыг хийж, бүсээ чангалахаар оруулж ирсэн. Гэвч гишүүдийн зүгээс дээрх байдлаар төсвийн дүрийг хувиргаж, зүсийг өөрчиллөө.

Эх сурвалж: Uls.MN

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …