Дуучин П.Баярцэнгэл: Хувиар яривал, би зууны арван хувьд нь “ам барьдаг”

olloo_mn_1401848724_duuchin_huu912466092201412150138Залуу дуучин П.Баярцэнгэл одоогоос яг жилийн өмнө анхны бие даасан “Ёодол” нэртэй цомгоо Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран гаргасан билээ. Энэхүү цомогт нь Швейцарийн үндэсний урлаг болох ёодол төрлөөр дуулсан нийт зургаан дуу багтсан бөгөөд уг урлагийн төрөл нь дуучин П.Баярцэнгэлийн цомгоор дамжин Монголд анх удаа нэвтэрч байгаараа онцлогтой байсан. Харин өдгөө тэрбээр “MN-25 дугаар суваг” телевизээс зохион байгуулж буй “Дуэт & Дуэль” цэнгээнт шоу нэвтрүүлэгт “Holly Dolly” багаараа тун амжилттай оролцож яваа. Ингээд түүнтэй уулзаж ярилцсанаа толилуулж байна.

-Анхны бие даасан цомгийн тань нэр их содон. Ёодол гэдэг нь ямар учиртай нэр вэ?

-Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг Бавари үндэстний дууг ёодол гэдэг юм билээ. Манайхаар яривал уртын дуу, хөөмийтэй адилхан гэсэн үг. Энэ цомогт миний поп дуунууд огт ороогүй. Ёодол бол ямар ч стрессгүй урлаг төдийгүй зөвхөн инээд хөөр, аз жаргалын тухай дуулдаг учраас би анхны цомгоороо дамжуулан эерэг энерги, гэгээлэг өнгө аясыг сонсогчдод мэдрүүлэхийг зорьсон. Эхний гурван дуу нь Швейцарийн хуучны ёодол дуучдын алдартай дуу байгаа бол, үлдсэн гурван дууг нь би өөрөө зохиож дуулсан гэдгээрээ их онцлогтой л доо. Тэрхүү дуунууд маань Монгол үгтэй болохоор Монгол ёодол маягийн шинэ бүтээл гэж ойлгож болно. Шинэ цомгийнхоо бүтээлүүдээс нээлт болгож “Holly Dolly” дуугаа дүрсжүүлэн үзэгчдийн хүртээл болгож байлаа.

-“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Holly Dolly” зэрэг сонирхолтой дуугаараа танил болсон дуучин маань яагаад анхны цомгоо ёодол урсгалын уран бүтээлээр гаргав аа?

-Швейцарийн хөгжлийн агентлагаас надад энэ төрлийн уран бүтээлээр цомгоо гаргахыг санал болгосон л доо. Монголд урьд нь ёодол төрлөөр цомог байтугай ганц дуу, клип ч гарч байгаагүй юм билээ. Тиймээс би анхны бие даасан цомгоороо дамжуулан энэ урлагийн төрлийг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг хүссэн хэрэг.

-Урлагийн тайзнаа хөл тавьсан түүх тань яах аргагүй “Universe best songs” наадамтай холбоотой байх?

-Тэгэлгүй яахав. “Universe best songs-2010” наадамд авьяас чадвараа сорихоор шийдэж, шилдэг 25 оролцогчийн нэгээр шалгарсан нь цаашдын уран бүтээлд минь нөлөөлсөн гэж боддог. Түүнээс хойш уран бүтээлээ тасралтгүй хийсээр өдийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүхнийг маань “Ёодол” цомгоор дүгнэж болно. Одоо поп чиглэлийн уран бүтээлдээ түлхүү анхаарч, хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байна.

77ab8936fb09107ebig322050481201412150138-Дууны уран бүтээлээс гадна та өөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Би хөдөөний хүүхэд шүү дээ. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж өссөн. 2007 онд буюу 18 настайдаа анх хотод ирээд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсч орсон. Оюутан байхдаа “Universe best songs-2010” наадамд оролцож байлаа. Энэ наадмын тайзан дээр хамгийн анх ёодол дуугаа дуулах гээд гарахдаа би уранхай өмдтэй явсан. Хүмүүс мэдээгүй л дээ. Мөрөвчтэй өмднийхөө уранхайг нууж дуулсаар байгаад гарч билээ. Хотод ирээд бараг есөн жил болчихов уу даа. Уран бүтээлийнхээ хажуугаар ямар нэгэн ажил төрөл эрхэлж болно. Гэхдээ одоогоор нас залуу байгаа учраас авьяас чадвар, цаг заваа өөрийн сонирхсон, бас хийж чадах зүйлд зориулъя гэж зорьж явна.

-Ямар нэгэн студи, продакшны гэрээт уран бүтээлчээр ажиллаж байна уу, аль эсвэл..?

-Ерөнхийдөө бүх зүйл миний толгой дээр буудаг, бие даасан чөлөөт уран бүтээлч. Миний төрсөн ах П.Отгонцэнгэл бүх уран бүтээлд маань дэмжиж тусалдаг. Дуулах дууг минь  зохиож, хөгжмийн найруулагч, мастеринг, хоолойны бичлэг, клипний ажил гээд бүхий л ажилд тусалдаг. Өөрөөр хэлбэл, миний продюссер гэсэн үг.

19u5vnuh9lo4ggr1ea7hicmmam176792131201412150135-Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй гэлээ. Дууны наадамд оролцоод хүсэл сонирхол тань өөрчлөгдөв үү?

-Үгүй ээ, яалаа гэж. Би бүр жаахан байхаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Амьдралын минь түүхэнд дуу хуургүйгээр өнгөрөөсөн цаг хугацаа бараг байхгүй дээ. Арван жилийн сурагч байхдаа янз бүрийн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог. Ахмад дайчдаас дутахааргүй энгэрээрээ дүүрэн медальтай хүүхэд явдаг байж билээ. Бараг л төмрийн аллерги тусахаар болсон нөхөр.(инээв)

-Цаашид эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллах уу?

-Ер нь одоо ч гэсэн мэргэжлээрээ ажиллаад явж байгаа гэж боддог. Гэхдээ одоогийн байдлаар залууст маань энэ чиглэлээр тууштай ажиллаад явах боломж бага шүү дээ. Би  сургуулиа төгссөнөөс хойш ганц хоёр кино, “Найрын ширээний ууц” мюзикл жүжигт тоглосон. Хамгийн сүүлд бас “Шинэ жилийн адал явдал” нэртэй инээдмийн кинонд тоглолоо.

-Жүжигчдийн өмнө хошин урлаг, эсвэл театр гэсэн хоёрхон сонголт тулгараад байх шиг санагддаг. Таны хувьд бодсон зүйл юу байна вэ?

-Алиныг нь би хийж чадахаар байна вэ. Бас аль нь намайг хүлээж авч чадахаар байна вэ гэдгийг судалж үзээд сонголтоо хийнэ. Ямар ч байсан цаашид мэргэжлийнхээ дагуу ажиллана гэж боддог. Гэхдээ яг одоохондоо ингэнэ, тэгнэ гэж амлаж чадахгүй. Дууныхаа уран бүтээл маань одоо л гоё жигдэрч байна шүү дээ. 2007 онд “Nature sounds” дуулаачийн дамжааг төгссөнөөс хойш одоог хүртэл багш нартайгаа холбоотой байж, уран бүтээлийн тал дээр зөвлөгөө авч явдаг.

-Ямар нэгэн хамтлаг байгуулах талаар боддог уу?

-Үгүй шүү. Яагаад гэвэл, миний уран бүтээл ид тогтож байна гэж би ойлгож байгаа. Бүх боломж нөхцлийг нь бүрдүүлсэн учраас юу хийж, яах ёстойгоо мэдэж авч, туршлагажих хэрэгтэй. Тиймээс надад ямар нэгэн хамтлагт орох шаардлага байхгүй.

c853a855773f60baoriginal69946882201412150135-Рок попын ертөнцөд “Ганц дайчин ганцаардахгүй” гэдэг шиг л зүтгэх хэрэг үү?

-Тийм ээ, ганцаараа явбал надад илүү ашигтай шүү дээ. Олуулаа болчихвол үзэл бодол, ашиг орлого гээд л олон зүйл дээр зөрчилдөнө. Би урьд нь хамтлагт байж үзсэн. Арван жилийн сурагч байхдаа дөрвүүлээ нийлээд хамтлаг байгуулж байлаа. “Чөлөөт цаг” нэртэй поп дууны хамтлаг маань 20 гаруй дуутай. Бүр хоёр гурван ч удаа тоглолт хийчихсэн, Дорнод аймагтаа жигтэйхэн алдартай хамтлаг байж билээ. Тийм болохоор би хамтлагтай байхын жаргал зовлонг хэнээс ч илүү мэднэ. Яахав, өмнө тулгарсан саадыг олуулаа давна гэдэг илүү хүчтэй л дээ. Гэхдээ бас санаа оноо нийлэхгүй, янз бүрийн бэрхшээл зөндөө тулгардаг. Ганцаараа уран бүтээлээ хийгээд явбал бүх зүйл дээр өөрийнхөө үзэл бодлоор хандана гэсэн үг.

-“Ёодол” цомгийн тань нүүр хуудас их өвөрмөц юм. Дэгжин хэрнээ ширүүн төрхтэй дуучин залуу, алиа зантай хүүхэлдэйн баатар гээд л их сонирхолтой?

-Миний хийж байгаа уран бүтээлүүд ихэвчлэн гэрэл гэгээтэй, аз жаргал, сайн сайхан бүхний төлөө дуулъя гэсэн зорилготой байдаг юм. Гуниг зовлонгийн тухай дуу дуулаад яахав дээ, зөндөө л байгаа биз. Бүх л уран бүтээлдээ инээд баясал, баяр хөөр шингээе гэж боддог шүү. Миний нэр ч гэсэн Баярцэнгэл шүү дээ. Хөгжилтэй, бас аз жаргалтай хүүхэлдэйн баатрын дүрээр дүрсэлсэн энэ цомгоос маань хүмүүс миний дотоод ертөнцийн илэрхийлэл, мэдрэмжийг сонсох боломжтой юм.

-Ихэнх дуугаа ахаасаа авдаг юмуу. Өөр уран бүтээлчидтэй хамтардаг уу?

-Янз бүр л дээ. Зарим тохиолдолд өөрөө зохионо. Ер нь би бүх зүйлээ өөрөө хийчих юмсан гэж хичээж явдаг. Ах бид хоёр яг нэг хүн шиг байдаг. Миний ар тал болж одоог хүртэл цуг яваа ах маань надад зориулж “For you” дууг зохиож өгсөн. Хайрын тухай өгүүлсэн энэ дууг хүмүүс их сонсох дуртай байдаг юм билээ. Надад хайрын сэдэвтэй тав зургаан дуу бий шүү.

-Уран бүтээлийнхээ санхүүг яаж зохицуулдаг вэ?

-Залуу хүмүүст бодож санасан, зорьж тэмүүлсэн бүхнээ хийхэд ганцхан зүйл дутагддаг. Тэр нь мөнгө. Гэхдээ дан ганц мөнгө байхгүй гэсэн шалтгаанаар юм бүхэнд ухарч, хойш суух хэрэггүй. Надад ч гэсэн мөнгө байхгүй. Гэвч би болохоос нь болохгүйг хүртэл зүтгэж, төлөвлөсөн ажлаа хийх мөнгө хайгаад л явж байна. Мөнгө яахав дээ, аяндаа олдоно. Олдож ч байна. Өөрийнхөө зорилго тэмүүлэлд тууштай хандаж чадвал хэзээ нэгэн цагт үр шимийг нь хүртэж л таараа.

1378403_455079351267743_1388182573_n126566720201412150135-Рок попын хамтлаг, дуучдаас хэнийх нь дууг сонсох дуртай вэ?

-Залуу уран бүтээлчдийн гоё, гоё дуунуудыг бүгдийг нь сонсоно. Ялангуяа би ахмад уран бүтээлчдийнхээ хуучны үеийн дуунуудад их дуртай. Тэдэнд 20-30 жилийн туршлага, авьяас чадвар гээд олон зүйл байна шүү дээ. МУГЖ Т.Ариунаа эгч, “Никитон”-ы Б.Батчулуун ах, гитарчин С.Өлзий-Орших гээд л үнэхээр сайн уран бүтээлчид бий.  Тэдний тоглолтыг үзэж байхад “Эд нарын хэмжээнд хүртэл өдий байна даа” гэж өөрийн эрхгүй бодогддог юм.

-Залуу уран бүтээлчдэд өөрийн гэсэн байр сууриа олоход чамгүй бэрхшээл тулгардаг нь үнэн. Ялангуяа зарим тохиолдолд ахмад үеийнхэн нь хавчин гадуурхах, аль эсвэл элдэв тоглолтоор зүрхийг нь “үхүүлэх” гээд олон асуудал байдгийг зарим хүмүүс дэлгэсэн шүү дээ?

-Тиймэрхүү асуудал зарим нэгэнд нь тохиолдсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надад огт тохиолдоогүй. Манайхан тоглолтын гуйлга гээд л ярих юм. Ахмад үеийнхэн, тэр мундаг уран бүтээлчдийнхээ тоглолтод ганц дуу дуулаад өгчихөд яахав дээ. Гараас минь гар унахгүй, харин ч бүр туршлага болж үлдэнэ. Дээд үеийн уран бүтээлчдийнхээ заавар зөвлөгөө, үлгэр дуурайллаар би өдий хүртэл уран бүтээлээ хийгээд явж байна. Тэд бидэнд байр сууриа тавьж өгөх албагүй. Заавал залуу сайхан байхдаа уран бүтээл хийгээд больчихно гэвэл утгагүй биз дээ. Ахмадууд нь залуу үеийнхэндээ байр сууриа тавих ёстой гэсэн асуудал надад лав таалагдахгүй байна. Залуу хүмүүс авьяас, чадалтай байвал хүссэн хүсээгүй ямар ч орон зайд цойлоод гарч ирнэ. Гараад ирсэн залуус байж л байна. Нэг хэсэг Маралжингоо, Агиймаа, Эгшиглэн гээд л чадварлаг дуучид зөндөө гарч ирсэн шүү дээ.

-Техникийн давуу талыг хэт их ашигласан уран бүтээлийг зарим нь шоу бизнес гэж байхад, нөгөө хэсэг нь амьд дуу хоолой хэрэгтэй гэлцдэг. Харин таныхаар?

-Техникийн дэвшил ашигладаггүй дуучин манайд байтугай дэлхийд ч байхгүй. Микрофон, акустик, өсгөгч гээд л бүх зүйл дээр хэрэг болно. Харин огт авьяасгүй хүнийг техникийн дэвшлээр дуучин болгочихвол хол явахгүй. Ямар ч сайхан технологи ашиглаад дуулж болно. Гэхдээ хэзээ нэгэн цагт амьд дуу хоолойгоор дуулах шаардлага гарна шүү дээ. Тэр цагт бүх юм илэрнэ.

9dad4971538648abig793047694201412150138-Манайхан сүүлийн үед “ам барих” асуудалтай их тэмцэж байгаа. Гэвч уран бүтээлчид маань “ам барих”-гүй байх орчин нөхцлийг нь бүрдүүлж чадахгүй байна гэлцээд байгаа?

-Хүн хүнээсээ л шалтгаалах байх. Би бүх л тоглолтон дээр ам барихгүй байхыг хичээдэг. Гэхдээ бараг дуугардаггүй, маш муу микрофон таарсан үед хүмүүс гуйгаад байвал “ам барих” тохиолдол гарна. Харин би ёодол дуунуудаа хэзээ ч “ам барьж” дуулахгүй. Микрофон ажиллахгүй байсан ч гэсэн, “ам барих”-гүй дуулахаар тухайн уур амьсгал хүртэл сайхан болдог шүү дээ. Хувиар яривал, би зууны 10 хувьд нь “ам барьдаг”.

-Таны хоолой их өвөрмөц санагддаг. Энд тэнд арга хэмжээ хөтлөх санал ирж байв уу?

-Санал ирж байсан ч хүлээж аваагүй. Хөтлөгч хийж үзээгүй болохоор хүний ажил баллаад хаячих вий дээ гэж айсан. Бүхэл бүтэн хоёр гурван цаг үзэгчдийг байлдан дагуулна гэдэг хэцүү шүү дээ. Харин би ардын дууг поп дуунаас ч илүү дуулдаг шүү.

-Тоглолт, арга хэмжээнд ямархуу үнээр дуулдаг вэ. Өөрөөр хэлбэл, халтуур хэр их хийдэг бол..?

-Халтуур гэдэг чинь муухай үг, энэ чинь бидний ажил шүү дээ. Уран бүтээлчид тэгж л хоолоо залгуулдаг. Би 600 мянгаар дуулж байгаа, нуугаад байх юм алга. Ачаалалтай өдөр бол арваад газар орж амжина. Харин хамгийн том дайсан бол замын түгжрэл. Тэр бүхнээ урьдчилан тооцдог л доо.

-Гэр бүлийнхээ хүмүүсийг танилцуулахгүй юу?

-Ээж аав маань одоо Дорнод аймагт амьдардаг. Охин маань гурван ой, дөрвөн сартай. Эхнэр маань “Модерн номадс”-т ажилладаг даруухан бүсгүй бий. Бид хоёр арван жилийн нэг ангийн хоёр. Гэхдээ их сонин шүү. Нэг ширээнд ганцхан хоног цуг суусан байдаг юм билээ.

-Яагаад тэр вэ?

-Эхнэр маань манай ангид шилжиж ирсэний маргааш нь манайх нүүгээд явчихсан. Гэхдээ бид хоёр өөр, өөр сургуульд сурдаг байсан ч үргэлж тааралддаг. Харин хотод оюутан болж ирээд дахин учирсан даа. Гэр бүлийн амьдрал зохиогоод дөрвөн жил болж байна.

11635_147185825234201412150135-Эхнэртээ зориулсан уран бүтээл бий юу?

-Энэ цомогт маань багтсан “Be happy” дууг эхнэр хүүхдээ бодож байгаад бичсэн. Тэр өдөр яагаад ч юм бэ, гэртээ орж чадалгүй дөрөв таван цаг алхсан. Гэрээ тойрч алхаж явахдаа тэднийхээ тухай бодож зохиосон болохоор би энэ дуундаа их хайртай.

-Цомогт тань багтсан Англи, Герман дуунууд их сонирхол татсан. Та хэлний мэдлэг хэр вэ?

-Хэлний мэдлэг тааруу ч сонсгол сайн учраас дуудлага маань гайгүй. Англи, Герман дуунуудаа зохих хүмүүст нь дуулж үзүүлээд үг болгон дээр нь ажилласан. Бас нэг үггүй дуу бий. Түүнээс бусад нь Монгол дуу.

-Урын сандаа хэчнээн дуутай болсон бэ. Хуучны дуунууд хэр олон байгаа бол..?

-Балхаа ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө” дууг дуулсан. Тэр дуугаа дүрсжүүлж магадгүй. Урын санд минь арав орчим клип, 20 гаруй дуу бий. Тоглолтын тухайд одоохондоо бодсон юм алга. Цаг нь арай болоогүй. Тоглолт гэдгийг би арай өөрөөр, томоор хардаг. Ядаж л тоглолтон дээрээ 20 дуу дуулахад арвыг нь үзэгчид цуг дуулдаг байгаасай. Тэгэхгүй бол миний дуунуудаас хүнд хүрсэн нь цөөхөн шүү дээ. Хүмүүс намайг цөөн хэдэн дуугаар минь мэддэг. Тэгэхээр бусдын мэдэхгүй дуунуудыг дуулаад тоглолт хийхэд хэцүү. Тоглолтоо чанартай болгохын тулд цаг хугацаа, туршлага, янз бүрийн зүйл хэрэгтэй болно гэж бодож байна.

-Цаашдын уран бүтээлийн зорилго юу вэ?

-Уран бүтээлийн хувьд шат ахих. Анхны бие даасан цомгоо сая гаргалаа. Дараагийн уран бүтээлээ түүнээс давж гарах хэмжээнд хийнэ. Ингэж явсаар байгаад хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийг зорьж байна. Бүх зүйлээ чанаруулж, хүмүүсийн сэтгэлийг огшоосон уран бүтээл хийнэ дээ.

-“Хувьсал” продакшины жүжигчин Г.Бямбасүрэн та хоёрын “Holly Dolly” баг тун амжилттай яваа. Ялалт байгуулна гэдэгтээ хэр их итгэлтэй байгаа вэ?

-Мэдээж хэрэг, бид хоёр ялахын төлөө зүтгэж байгаа улс. “Сошиал медиа” дуу маань хүртэл одоо бараг цахим ертөнцийн сүлд дуу болчихоод байна. Үзэгч сонсогчиддоо дуулах авьяас, жүжиглэх урлаг, уран сэтгэмж, сэтгэлийн торгон мэдрэмжээрээ олон сайхан сюрприз барихыг хичээж бид хоёр маш их завгүй ажиллаж байгаа. “Holly Dolly” баг ялалт байгуулна аа, та бүхэн бидний дэмжээрэй.

byambasuren-5826615307201412150135

Ярилцсан Р.ЦЭЦЭГ

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …