“Дампуурсан төр давхар дээлээ тайл” жагсаал болж байна

Нийгэм эдийн засгийн байдал хүндэрч, үүнийг эрт мэдэрсэн МАН-аас эрх баригчдад удаа дараа сануулж, арга хэмжээ авахыг шаардсан ч эрх баригчид алдаагаа засч залруулах нь бүү хэл байдлыг улам хүндэрүүлсээр өнөөдөртэй золгосон. Тиймээс яг одоо төв талбайд МАН-аас нийт иргэдтэйгээ хамтран “Дампуурсан төр, засаг давхар дээлээ тайл” нэрийн дор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа билээ. Аливаа жагсаалыг юуны тулд яах гэж зохион байгуулж байгааг ганцхан зүйлээр жишиж үздэг. Тэр тусмаа иргэдийн бухимдлыг ч цугларсан олны тоогоор жишиж үзэх нь бий. Хамгийн бодит дүгнэлт бол энэ. Тэгвэл төв талбайд олон мянгаар цугларсан иргэдийг харахад өнөөдрийн нийгмийн бухимдал дээд цэгтээ тулжээ гэж харж болохоор байв.

Энэхүү цуглааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нээж, өнөөдрийн олигархижсан төр засгийн дампуурлыг товч бөгөөд тодорхой дурдсан. Ийнхүү хурсан олон дампуурсан төрийг “давхар дээл”-ээ тайлахыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, хоолой нийлүүлэн үзэл бодлоо илэрхийлж байлаа. Энэ мөчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээрээс МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нарын гишүүд төв талбайд хүрэлцэн ирсэн юм. Эдгээр эрхмүүд бүгд л дампуурсан төрийн уруу дорой байдалтай тэмцэх гэж ирсэн иргэдэд талархал илэрхийлсэн. Мөн үеэр эрхэм гишүүд уруудаж яваа төрийн үнэн бодит байдлыг мөн л товч бөгөөд тодорхой баримтаар өгүүлж, бусармаг зүйлтэй хамтран тэмцэхээ уриалсан юм.

Цуглаан юуны тулд болж байна вэ гэдэг нь ойлгомжтой. Засгийн газар, эрх баригчдыг эдийн засгаа элгээр нь мөлхүүлж, 17 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 10 хувьд хүртэл уруудуулж, ам.долларын ханшийг 1800 төгрөгийн босгонд тулгасан. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг төрөл тус бүрт нь 25-35 хувиар өсгөж, гаднын хөрөнгө оруулалтыг 50 хүртэл хувиар бууруулсан. Энэ хэрээр гаднаас орж ирэх валютын урсгал татран, арга ядахдаа Монгол Улсын ирээдүйг барьцаалж өрөнд унагасан. Засаглал хуваах зарчим алдагдсан улмаас төрийн алба төрлийн алба болж, хувийн эрх ашгийн үүднээс төрийн ажилд хандах болсон. Төсвийн хөрөнгөөр гараа угаах нь хэрээс хэтэрсэн гээд олон зүйлийг ярьж болох. Иймийн тулд л сөрөг хүчин ард түмэнтэйгээ хамтран “Дампуурсан төр засаг давхар дээлээ тайл” хэмээн жагсаалыг зохион байгуулж байгаа аж.

А.Гал

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …