С.Бямбацогт: “Давхар дээлтэн”-үүд санал өгөх ёсгүй

Улс төрийн намууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд буюу “давхар дээл”-ийг дан болгох асуудлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин маргаантай байгаа нэг зүйл нь хууль батлагдвал хэзээнээс мөрдөж эхлэх вэ гэсэн асуудал юм. Өчигдөр ч гэсэн энэ асуудлаар УИХ дахь намын бүлгүүд хаалттай хуралдаж, өнөөдөр болох чуулганд хэрхэн оролцох талаар санал нэгдсэн биз ээ. Тэгвэл энэ тухай болон цаг үеийн зарим асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан “давхар дээл”-тэй холбоотой хуулийн төслийг хэлэлцэнэ. Гэхдээ хамгийн гол нь үр дүн яаж гарах бол, мөн та бүхний зүгээс Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцуулахгүй байх шаардлагыг УИХ-ын даргад тавиад байгаа?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар хаших нь Монгол Улсыг засаглалын хямралд авчирч байна. Мөн Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орж, нийгэм хүнд байдалд орлоо. Энэ бүхэн бол ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газрын гишүүдтэй холбоотой гэж үзэж байна. Тиймээс энэ бүх хүнд байдлаас гарахын тулд хамгийн түрүүнд “давхар дээл”-ийн дан болгох нь зүйтэй юм. Санал хураалтын тухайд гэвэл Засгийн газрын 17 сайдад бид “та сонирхлын зөрчилтэй учраас санал хураалтад оролцохгүй байх нь зөв юм” гэсэн бичиг хүргүүлсэн байгаа. Мөн хэрвээ тухайн Засгийн газрын гишүүн өөрийгөө хууль зөрчөөгүй хэмээн үзэж санал өгнө гэвэл түүнийгээ нотлох хууль зүйн заалтаа гаргаж ирэн, олон түмэнд хэлсний дараа оролцоорой гэсэн шаардлагыг ч тавьсан.

8989

-Засгийн газрын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэсэн асуудлыг дагаад УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал яригдах юм байх?

-Санал хураалтад оролцуулахгүй байх шаардлагыг УИХ-ын даргад бас хүргүүлсэн байгаа. Тэр ч утгаараа УИХ-ын дарга өөрөө хуралдааныг зохион байгуулах үүргээ гүйцэтгэх ёстой. Бүрэн эрх гэсэн асуудлын тухай ярьвал урд өмнө нь УИХ-ын дарга өөрөө оюутны сургалтын төлбөрийн асуудлаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол нарыг хөөж гаргаж байсан. Сонирхлын зөрчилтэй гэсэн шалтгаанаар. Тиймээс яг түүнтэй адил Засгийн газрын 17 гишүүнийг санал хураалтад оролцуулахгүй танхимаас гаргах ёстой.

-Хэрвээ энэ шаардлагыг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?

-Хэрвээ Засгийн газрын гишүүдийг санал өгүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлагыг хүлээж авахгүй бол МАН-ын бүлэг цаашлаад УИХ-тай өөртэй нь хариуцлагын асуудлыг ярих болно.

-Намуудын гол маргалдаад байгаа зүйл нь дээрх хуулийн төслийг мөрдөж эхлэх хугацааны асуудал болоод байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгч анх энэ хуулийг оруулж ирэхдээ 2016 оны долоодугаар сарын 1 гэж заасан. Яахав энэ Засгийн газрыг гайгүй ажиллачих болов уу, дорвитой зүйл хийчих болов уу, ард түмний амьдрал сайжирчих болов уу гэсний үндсэн дээр хугацааг ингэж заасан байх. Гэтэл өнөөдөр Засгийн газрын гишүүд тэгж ажиллаж чадсангүй. Тиймээс “Том төрөөс ухаалаг төр рүү” яаралтай шилжиж Засгийн газрын гишүүдийн хийж чадахгүй байгаа ажлыг чаддаг хүмүүст нь өгч, ачааг нь хөнгөлөх шаардлагатай болжээ. Ерөнхийлөгч ч энэ байдлыг мэдэрч, хуулийг батлагдсан өдрөөс нь мөрдөх ёстой гэдгийг дэмжих байх гэж найдаж байна.

-МАН-ын зүгээс хуулийг энэ оны долоодугаар сараас мөрдөж эхлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Энэ хэтэрхий богино хугацаа биш гэж үү. Мэдээж хууль батлагдвал  Засгийн газрын зарим гишүүн УИХ-ын гишүүн хэвээрээ үлдэнэ, зарим нь Засгийн газрын гишүүнээ сонгоно. Үүнийг дагаад Засгийн газрын гишүүний суудлаа сонговол УИХ-ын гишүүний орон зай гарч ирнэ. Тиймээс танхимаа дахин бүрдүүлэх асуудалд багагүй хугацаа шаардагдах байх?

-Хууль ердийн журмаар хэлэлцэгдэх юм бол батлагдсанаас хойш нэг сарын дотор Төрийн мэдээлэлд хэвлэгдээд хэрэгжээд эхэлнэ. Тэгэхээр дөрөвдүгээр сард батлагдлаа гэхэд үндсэндээ гурван сар орчмын хугацаа байж байна. Тиймээс тэр хугацаанд Засгийн газар аль гишүүнээ авч үлдэх, аль гишүүнээ УИХ-д үлдээх асуудлаа шийдэхэд хангалттай хугацаа гэж үзэж байгаа.

-Өөр нэг зүйл асууя. Юу гэхээр, МАН-ын бүлгийн зүгээс өмнө нь Засгийн газрын хоёр ч гишүүнийг огцруулах асуудлыг хөндөж тавьж байсан. Харин энэ удаад УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг тавьлаа. Энэ асуудалд танай намын байр суурь ямар байгаа вэ?

-Нийгэм, эдийн засгийн хүндрэлийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж бид маш их ярьсан. Сүүлдээ аргаа бараад эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан хоёр сайдыг огцруулах асуудлыг хөндөж тавьсан. Харин олонхоороо хамгаалаад сайд нараа авч үлдсэн. Х.Тэмүүжин сайдын хувьд мэдээж МАН-ын бүлэг өөрийн бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Холбогдох мэдээллүүдийг ч сонсоно. Ингэж байж ямар шийдвэр гаргахаа шийдэх юм. Ер нь Монгол Улсыг хүнд байдалд оруулсан Засгийн газрын гишүүдтэй хариуцлага тооцно. Харин эхлээд тэд өөрсдөө буруугаа ухамсарлаад “давхар дээл”-ээ тайлах юм бол өөрөөр хандана.

-Сүүлд Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг болон өнөөгийн нийгэмд бий болоод буй бусад асуудлаар МАН-ыг мэдээлэл хийх хүсэлтийг тавьсан. Харин МАН түүнийг нь хүлээж аваагүй. Шалтгаан нь юу юм бол?

-Мэдээлэл хийхийн тулд бид тодорхой судалгаа, тоо баримтыг холбогдох хүмүүсээс өмнө нь сонсох ёстой. Тиймээс цаг хугацаа маш их шаардагдана. Харамсалтай нь Ерөнхий сайд цагийг нь тулгаж хэлсэн. Угаасаа нийгэм, эдийн байдал хүндэрсэн нь үнэн шүү дээ.

-МАН-ын дарга М.Энхболд зөв зүйлийг дэмжиж, хамтарна, харин буруу зүйлийг эсэргүүцнэ гэж мэдэгдсэн. Тэгвэл хамтарсан засаг байгуулъя гэвэл МАН засагт орох уу. Ингэж асуусан учир нь “Давхар дээл”-ийн тухай ярихад дагаад МАН засагт орох нь гэсэн яриа гараад байна?

-Бидэнд хамтарсан засагт оръё гэсэн бодол алга. Ийм мэдээлэл явж байгаа бол үгүйсгэж байна. Тийм зүйл байхгүй. Эрх баригчид ажлаа хийж чадна гэх юм бол дангаараа явах байх. Энэ бол тэдний асуудал.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Ням

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …