Х.Тэмүүжин: Миний асуудлыг шийддэг хүний “но”-г олчихвол “Би албан тушаал дээрээ үлдэнэ” гэж боддог хүмүүс байна

1975049_514449208663978_833407681_nugluunii_soninХ.Тэмүүжин сайд энэ сарын 29-ний өдөр “Ийгл” телевизийн “9:1” хэлэлцүүлэгт оролцон Хуул зүйн салбарын шинэчлэлийн талаар ярилцсаныг тоймлон хүргэж байна. 

-Цагдаагийн албаны ту­хай хууль өнгөрсөн жил батлагдаж, энэ оны нэг­дүгээр сарын 1-нээс хэрэг­жиж эхэлсэн. Бүтэц, зохион байгуулалтад нь ямар өөрч­лөлт орж байгаа вэ?

-Цагдаагийн  албаны  ту­хай  хууль  гэж хэлж болох­гүй. Хууль тогтоох байгуул­лагыг гурван чиглэлд ху­­­­­­­­ваа­сан. Энэ шинэчлэлийг хэд  хэ­дэн  чиглэлээр хийж бай­на.

Тод­руулбал  бү­тэц, зо­хион бай­­гуулалт, арга ба­рил, үйл ажиллагаа бо­лон эрх зүйн статусыг  тодор­хой­лох  бас  нэг шинэчлэл явж байна.

Бусад орнуудын турш­лагаар бол эхлээд зо­­хион байгуулалт, эрх зүйн ста­тус­тай холбоотой шинэч­лэлийг эхлүүлдэг. Дараа нь хэрэгт хэрэг­лэдэг болон үйл явцын хуу­­лиудыг явуулж байж ам­жилтад хүрдэг.

Тиймээс бид олон улсын энэ жишгийг харж хийхгүй, зөрөөд байвал шинэчлэл өөрөө унаж магадгүй учраас эхний ээлжинд ийм зохион байгуулалтыг хийж байгаа.

Өөрчлөлт шинэчлэл хий­хэд явагддаг таван алхам гэж бий. Гэхдээ аливаа шинэчлэлийг хийхэд хам­гийн гол зүйл нь зорилго өөрчлөх. Би цагдаагийн хуулийг дангаар нь өргөн бариагүй. Тахарын алба, мөрдөх алба, цагдаа, гэрч, хохирогчийг хамгаалах гээд тухайд үед блок, багц хууль явсан. Гэхдээ зарим нь батлагдаад, зарим нь УИХ дээр  хэлэлцэгдээд  үлдсэн. Бид хуучин хүч­ний байгууллага гэдэг нэрийн дор нэгдсэн зохион байгуулалттай, ихэнх то­хиолдолд хаалттай тог­толцоотой байсан. Тэгэ­хээр цагдаагийн байгуул­лага хүчний байгууллага байж болохгүй юм байна. Хууль сахиулах байгууллага руу хууль тогтоодог, хуу­лийг дээдэлдэг, хуулийг хам­гаалдаг тэр чиглэл рүү өөрч­лөх хэрэгтэй. Цэ­рэгж­сэн зо­хион  байгуу­лалтаар    үүнийг хийхгүй, ир­гэнших ёс­той  юм байна. Дээр  нь хаалт­тай  байхаас илүүтэйгээр иргэдэд хя­нуулдаг, олонд үйлчилдэг болох хэрэгтэй гэж үзээд зорилгоо өөрчилж байгаа.

Зорилго өөрчлөгдөхөөр түүнийг дагаад чиг үүрэг өөрчлөгдөнө. Өмнө нь энэ зорилгоор ийм чиглэлээр хэрэгжүүлдэг байсан бол одоо шинэ зорилгыг шинэ чиглэлээр хэрэгжүүлнэ. Цагдаагийн албаны хууль дээр ярихад гэмт хэрэгтэй тэмцэнэ, олон нийтийн аюулгүй  байдлыг  хангана, хэв  журам  сахиулна шүү гэдэг чиг үүргийг энэ бай­гууллага хэрэгжүүлнэ гээд заачихсан байгаа. Ингэхээр гурав дахь шинэч­лэл хийг­дэнэ. Тэр нь зохион бай­гуулалт. Яагаад гэвэл хуу­чин зорилго, чиг үүрэг хэрэгжүүлж байсан зохион байгуулалт шинэ зорилго, чиг үүргийг хэрэгжүүлж чадахгүй. Эхний энэ гурван чиг үүргийг хэрэгжүүлэхэд их хялбар гэж ярьдаг. Яагаад гэвэл хүмүүсийн нү­дэнд то­дорхой харагддаг. Нөгөө­тэйгүүр энэ зорилгыг хууль батлаад, зохион бай­­­гуулалт хийх замаар шийддэг.

Харин дөрөв  болон тав дахь алхамыг харвал хандлага, арга барил, ха­рилцааг   өөрчилж, тэр нь шинэ  соёл үүсгэнэ гэж байгаа. Энэ хоёр үе шат бол үндсэндээ хүнтэй “ноцолдоно” гэ­сэн үг. Сая бол хууль болон бай­гуул­лагатай нь “но­цолд­сон”. Гэхдээ хүнтэй “но­цол­доно” гэдэг нь тэр бүр ил харагдахгүй. Тухайлбал та ингэж ажиллаж болохгүй гээд өөрөөр нь оролдоно гэсэн үг. Тэгэхээр дөрөв, тав дахь шатнаас эхлээд эсэргүүцэл бий болно. Эхлээд чиг үүрэг, зорилго, бүтцийг шинэчилнэ гэхээр олон нийт дэмжинэ. Харин тухайн байгууллага дотор байгаа хүмүүст эр­гэлзээ үүснэ.

Гэхдээ эхний гурван ша­танд өөрөөр нь оролдохгүй болохоор баярлаад дэмжинэ. Харин сүүлийн шатуудад надаар оролдоод байна шүү дээ гээд эсэргүүцэл үзүүлж, цаашлаад тэмцэл бий болно. Зарим тохиолдолд би юу хийгээд байна аа гээд гутрах ч тохиолдол бий. Тэр үе шат дуусчихвал аажмаар хү­лээн зөвшөөрч эхэлнэ. Өөрийгөө энэ ши­нэч­лэлийн тогтолцоонд  олоод    харчихвал ингэж ажил­ла­вал болох юм байна гээд шинэчлэлээ дэмжинэ. Тэгэ­хээр нэг өсөөд, буцаж унаад, эргээд босох процессоор өөрчлөлт явж байгаа.

-Гэхдээ энэ үйл явц их удаан байна уу?

-Мэдээж олон нийт анзаарсан бол өсөлтийн эх­ний процессоор гурван жил болсон. Одоо харилцаа, арга барил өөчрлөх ши­нэчлэл рүү ороод ирэхээр яах аргагүй эсэргүүцэлтэй тулж байна. Зарим хэсэг нь айж, болгоомжилж байна. Нэг хэсэг нь  тэмцлийн хурц хэлбэр рүү ч орж байна. Энэ бол байх л үзэгдэл. Ямар хүн байхаас шалтгаалаад аль ч байгууллагынхан   өөрч­лөлтөд амархан дасдаггүй шүү дээ. Энэ өөрчлөлтөд буруутгал гэж зүйл бий. Энд хоёр талын буруутгал орж ирж байгаа.

Зарим хүн “би хоцрогдсон байна” гэх зэргээр өөрийгөө буруутгаж байна. Харин нөгөө хэсэг нь “энэ зүйлийг хэн сэдээд байна аа. Яах гэж үүнийг хийх гээд байна” гээд буруутныг хайдаг. Нэг ёсондоо хоёр үзүүртэй. Өөрийгөө буруутгаж байгаа хэсэг нь шинэчлэлийн үйл явцад зохицоод, хөг­жөөд явчихна. Нөгөө хэсэг нь нэлээн зөрчилд орж, сүүлдээ хонзогнох, дай­саг­нах хэмжээнд очно. Тэгэхээр өөрчлөлт, шинэч­лэл хүссэн хүсээгүй ийм хоёр талтай. Зарим нэг хэ­сэгт таалагдахгүй, нөгөөд таалагддаг. Гэхдээ энэ бол процесс, байгууллага доторх үйл явц. Харин гадна байгаа нийгэм шинэ зүйлийг хүсч байгаа. Хаана ч цагдаагийн байгууллагаас шаардаж бай­гаа үйлчилгээ сэтгэлд хүрэхгүй, хүртээмжгүй бай­на гэдгийг хэлнэ. Мөн орон нутагт цагдаа нар нь  орон тоо цөөн, хүн хүч хүрэлцэхгүй байна гэх зэргээр өөрсдөө бухимдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өөрчлөлт хэрэгтэй байна гэдэг дохиог өгч байгаа юм. Гэхдээ өөрч­лөлтийн процесс бол хүнд, хэцүү.

-Таны хэрэгжүүлж бай­­­гаа шинэчлэлийн хү­рээнд хуульчид хоёр хэсэг ху­ваагд­чихлаа. Зарим нь байх ёстой зүйл гэсэн байр суурьтай. Харин нөгөө хэсэг нь энэ бол ерөөсөө ши­нэчлэл биш, бужигнаан болж хувирлаа гэж байна. Хүчний байгууллагууд хэн нь хаана юу хийхээ мэдэхээ больчихсоноос болоод иргэд хохирлоо гэх гомдол хэлж байна. Мөн цагдаагийн удирдлагууд ч гэсэн таньтай үл ойлголцож, зөрчилдөж байна гэсэн яриа байгаа. Та үүнд тайлбар өгөхгүй юу?

-Энэ бол шинэчлэл хийхэд болдог л үзэгдэл. Ши­нэчлэлийн үед хамгийн хүчтэй, сөрөг эффект гарч ирдэг салбар бол цэрэг, цагдаа. Яагаад гэвэл бодит эрх мэдэл, илүү нарийн зо­хион байгуулалттай, угаа­саа хаалттай байсан уч­раас тэр. Харин эдийн зас­­гийн гэх мэт өөр салбар байсан бол сөрөг зүйл бага­тай яв­чихдаг. Тэгэхээр цаг­даа­гийн удирдлага орон ну­тагт ажиллаж байгаа бүтэц рүүгээ шинэ хууль тогтоомж, арга барил, бүтцээрээ сур­галт зохион байгуулах хэ­рэгтэй. Мэдээлэл түгээх шаардлагатай. Тэгэхгүй бол энэ шинэчлэлд хэн ч бэлэн биш байгаа. Энэ зун бүхэлдээ хуулийн байгууллага, цаг­даа тэр дундаа хууль са­хиулах байгууллагынхны хувьд сургалтаар буцалж байх ёстой. Тэгж байж л үл ойлголцол, айдас, бол­гоомжлол арилна. Тэгэхгүй бол одоо манай хууль са­хиулах байгууллагынхан ирээдүйд ирэх өөрчлөлтөөс өөрийгөө олж харахгүй байна. Үүнээсээ болоод зө­рүүд­лэнэ, эсэргүүцнэ, бүр үл тооно.

Жишээ хэлэхэд змын цагдаад нэг иргэн гомдол гаргасан байна лээ. Яасан гэхлээр тэр иргэн замын цагдаа надтай ёс зүйгүй харьцлаа. Яагаад ингэж байгаа юм бэ гэхэд “наад асуултаа тэр сайддаа тавь” гэсэн байна лээ. Энэ бол үйл ажиллагаа, албан ту­шаалаараа эсэргүүцэх гэж оролдож байгаа явдал. Гэх­дээ энэ үйл явц зөв­хөн Монголд тохиож бай­гаа юм биш. Үүнийг ший­дэх арга зам нь хийж буй өөрчлөлтөө хүмүүст   хо­ног­шуулахын тулд олон ний­тэд мэдээлэл түгээх, сургалт зохион байгуулахад бай­гаа. Тэгэхгүйгээр энэ эсэр­гүүц­лийг улстөржүүлээд, өдөө­гөөд байвал бид бу­цаад унана. Одоо бидний шил­жилтийн торгон үе ирчихээд байна.

-Шинэчлэл яг хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Хуулийн салбарын ши­нэчлэл 1992 оны Үндсэн хуулиас эхэлсэн. Үндсэн хууль батлагдаж, түүнтэй холбогдон бусад бүх хууль, тогтоомжуудыг шинэчлэх гэхэд бидэнд том бэрхшээл гарсан. Тухайн үед тийм том шинэчлэл хийх мэдлэг, туршлага дутуу байсан. Тиймээс үүнийг яаж хийх вэ гээд шинэ зах зээл, ардчилал, хуулийн засаглалыг хэр­хэн суулгах вэ гээд маш олон судалгаа хийж эхэл­сэн. Энэ хүрээнд 1996-2000 онд шүүх, хуулийн байгууллагуудын том ши­нэчлэлийн концессуудыг гаргасан. Үүний үндсэнд шинэ хуулиуд бичигдсэн. Эдгээрийн эхний хэсэг нь 2002 онд батлагдсан. Тэр үедээ судалгаа болон са­налуудад тандалт хийгээд, нийгэм хүлээж авахад бэлэн биш байна гэдэг дүгнэлт хийсэн. Тиймээс тухайн үедээ одоо хоёроос гурав алхая. Дараа цаашаа явья гэх зэргээр удаан хугацааны бодлого боловсруулсан. Гэх­дээ өмнө нь байсан хүмүүс ийм эрс шинэчлэл хийхээс айж, болгоомжилж байсан. Одоо бол энэ Засгийн газар зоригтой алхам хийсэн.

-Процессийн хуулиа гар­гаагүй байж бүтэц рүү де­тальчлаад орчихлоо гэх шүүмжлэл бас байгаа. Үүнийг юу гэх вэ?

-Энэ бол сонголт шүү дээ. Үе шат гэж дээр хэл­сэн. Зохион  байгуулалт   хийгээгүй байж процессийн хууль хий­чихвэл процесс баталсан ч дараагийн зохион байгуулалт хойшлуулж, дараагийн хууль  үйлч­лэхийг  хүлээнэ гэ­сэн  үг.  Ерөн­хийдөө  бид нэг жил хо­жиж байгаа юм. Энэ нэг жи­лийг хожихын тулд бусад бүх улс орон эхлээд зохион байгуулалтыг хийж байна. Үнэхээр л кон­цефц тодорхой байгаа бол эхлээд зохион байгуулалт хийгээд, боловсон хүчнээ бэлдэх ёстой.

-Одоо  хийгдэж  байгаа энэ шинэчлэл ямар улсынх­тай илүү төстэй болж байгаа вэ?

-Маш олон судлаач Х.Тэмүүжингийн явуулж байгаа шинэчлэл АНУ мая­гийнх байна гэж шүүмж­лээд байгаа. Энэ бол АНУ-ынх биш. Гэхдээ зөвхөн энэ зохион байгуулалттай ши­нэчлэл бол Ром, Германы тогтолцоо. Бид ганцхан тохиолдолд Англи, АНУ-аас элемент авах гэж байгаа. Тэр нь процессийн хууль юм. Харин удахгүй өргөн барих гэж байгаа эрүүгийн, гэмт хэргийн гэх мэт хууль бүгд Германы сонгодог загвар. Тэгэхээр  бид  энэ  харьцуулсан мэдлэгээ цэгц­лэх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол ний нуугүй хэлэхэд судалгаа гэхээсээ илүү сургаар нь савлах гээд байна. Манай хууль зүйн салбарын шинжлэх ухаанд ч гэсэн асуудал бий. Бид сайн мэддэг зүйлээ яриад байсан болохоос шинэ зүйлийг сүү­лийн 10 жил судалж, гар­гаж ирээгүй. Гэмт хэргийн шинэ хууль бичихэд хууль зүйн нэр томьёо дутагддаг. Үүнийг шинээр зохиохоос өөр аргагүй байдалд орсон. Гэтэл манай эрдэмтэн, суд­лаачид өмнө нь хараагүй нэр томьёо гараад ирэхээр уурлаж, цочирдож байна.

Тэгэхээр манай хууль зүйн хэл өөрөө хөгжөөгүй байна гэж хэлэх гээд бай­на. Жишээ нь оросууд эрх чөлөө хязгаарлах гээд хуульдаа ялын шинэ төрөл биччихсэн байгаа. Хүнийг заавал шоронд биш гэрийн хорионд оруулдаг эсвэл тодорхой маршрут заагаад тэндээс тийшээ явна. Өөр тийшээ явахгүй ажлаа хийгээд гэртээ амьдрангаа хохирлоо төл гэх мэт юм. Бид үүнийг хэрэглэж болно. Эсвэл Герман загвараар зорчих хэсгийг хязгаарлах ял гэж нэмье гэж ярьсан. Тэгэхээр үүнийгээ дагаад тайлбар хийх хэрэг гарна. Ингэхээр дахиад хуулийн бичилт өөрчлөгдөнө. Энэ мэт маш олон шинэ зүйлтэй тулж байна. Монгол Улсад өмнө нь хуульд дотор нь тайлбар хийдэг хуулийн бичилт байгаагүй. Одоо бид энэ хуульд үүнийг ингэж ойлгоно, бүлэгт ингэж ойл­гогдоно гэх зэргээр зааж өгнө. Өмнө нь хуулийг дээд шүүх тайлбарлаж, түүнээс болоод бөөн хэрүүл болдог байсан. Одоо хууль тогтоогч өөрөө тайлбартай гаргадаг шинэ техник рүү орж байна.

-Тэгвэл хуулийн цоорхой гэдэг асуудал яах вэ?

-Сая шүүхийн шинэч­лэлтэй холбоотойгоор дээд шүүх хуулийг гадагшаа гар­гаж тайлбарлахаа боль­чих­сон. Өмнө нь хуулийг дээд шүүх тайлбарладаг. Дээд шүүхийн 15 шүүгч хууль тогтоох эрх мэдлийг эдэлдэг байсан. Үндсэн хуульд бо­лохоор хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хад­га­­лагдана гээд заачихсан байдаг. Гэтэл бусад улс ор­ныхыг харсан чинь дээд шүүх аж ахуй нэгж рүү гадагшаа тайлбар хийдэггүй. Маргаан шийдвэрлэх то­хиолдолд дотроо тайлбар хийдэг юм билээ. Зөвхөн шүүхийн нэгдсэн практик тогтоох үед анхан шатны шүү­хүүд хэргүүдийг өөр, өөрөөр шийдээд байвал түүнд нь ижил тайлбар өгч, дараа нь шүүгчид маргааныг дээд шүүхийн тайлбарыг харж байгаад нэг мөр шийддэг стандарттай болгохын тулд хэрэглэж байгаа. Тэ­­гэ­­­хээр шүүхээс гадна хуу­­­лийг Үндсэн хуулийн Цэц болон хууль тогтоогч өөрөө тайлбар хийж байна. Монгол Улс парламентын засаг­лалтай, Ром, Германы эрх зүйн тогтолцоотой учраас шүүхийн перцетенцээр биш хууль тогтоох онолоор эрх зүй нь бүтээгддэг.

Энэ  эрх  зүйн    шинэч­лэлийн хүрээнд парламент хууль тогтоох үйл явцаа илүү хариуцлагажуулах шаард­лага гарч ирнэ. Ерөнхий нэг, хоёр зүйл, заалттай хууль гаргачихаад үүнийг хэрэгжүүл гэж Засгийн газар юм уу бусад руу шидэх биш илүү тодорхой, ойлгомжтой хэрэглэгдэхүйц болгохоос аргагүй. Зөвхөн шүүх, хуулийн байгууллага шинэчлэл биш тэдний хэ­рэглэж байгаа хууль ямар байх вэ гэдэг шинэчлэлийг өрнүүлж байна гэсэн үг.

-Ер нь шинэчлэл хийхэд хөрс сууриа бэлдэхээс гадна, сэтгэлгээгээ ч өөрчлөх шаард­­лагатай байх?

-Монголчуудын хувьд нэг том давуу тал байна.  Тэр  нь юу вэ гэхээр  нийгмийн нэг том   байгууллага  өөрчлөлт рүү орж, шилжилт хийж байгаа процессыг давах чад­вар­тай. Ер нь бидний хувьд хуучнаа хадгалах үзэл их бага байна. Тий­мээс ши­нэчлэл хийхэд, өөрч­лөлтөд хурдан дасан зохи­цох, үүнийг  эерэгээр хүлээж авах бо­ломж бий. Гэхдээ зориг­той шинэчлэл хийнэ гэдэг харанхуй, муй­хараар дайрна гэсэн үг биш. Маш сайн судалгаа, бодлоготой хийнэ.

-Энэ шинэчлэлийг хийх явцад ямар нэг алдаа гарч байгаа юу. Яагаад ингэж асууж байна вэ гэхээр тэр алдааг олж харсан хү­мүүс­тэй сөргөлдөж байх шиг байна. Тухайлбал ЦЕГ-ын дарга Г.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх ту­хай Засгийн газрын хурал­даанаар оруулна гэх яриа байна?

-Энэ шинэчлэлийн үйл явц хүнтэй холбоотой асуу­дал руугаа орж бай­на. Тэгэхээр энэ хууль хэрэг­жүүлж байгаа хүмүүс маань ижил хэмжээний мэдлэг, ойлголттой байгаа эсэхийг бид харах ёстой. Хэн нэг­нийг халах тухай биш хууль тогтоомж ийм байна. Үүнийг та хэрэгжүүлж ча­­­­дах уу гэдэг асуудлыг ярина. Бусад улс орон ч гэ­сэн эхлээд хүн халах тухай ерөөсөө ярьдаггүй. Харин тэр хүмүүсийг дахин сургалтад хамруулж, чадваржуулж бай­­на. Тиймээс удирдлага, дунд, доод түвшний бүх хүнээ сургалтад хамруулна. Харин дараа нь ажлаа хийж чадах эсэхийг ярилцана. Гэ­тэл манай цагдаагийн бай­гууллага шалгаж, мөрдөж байгаа хэргээ шүүхэд нотлох баримт  болгож  явуулахаасаа илүүтэйгээр хэвлэлээр дам­жуулан дуулиан болгож, хүний нэр төрийг гутаах тэр социалист арга барилаасаа одоо хүртэл салаагүй л байна.

-ЦЕГ-ын даргыг та өөрөө томилсон. Гэтэл то­мил­­сон хүн тань таны эсрэг ажиллаад байвал шинэч­лэлийг  яаж  хийх вэ. Та өөрөө над дээр гүйцэтгэх ажил­­­лагаа явууллаа гэж хэлж байсан.  Энэ  нь мөрдөж, таг­нах гэсэн үг. Гэмт хэрэг хий­гээгүй хүнийг, бүр сай­дыгаа мөрдөнө гэдэг байж болох уу?

-Энэ нь шинэчлэлийн суурь суух болоогүй, одоо хуучин соёлоороо л ажиллаж байна гэсэн үг. Манай хуу­лийн байгууллагад на­­майг хянадаг, миний асууд­лыг шийддэг хүний “но”-г бариад авчих юм бол “Би албан тушаал дээрээ үл­дэнэ” гэж боддог хүмүүс байна. Тиймээс хуулийн бай­­гууллагын, тэр дундаа таг­нуулын чиг үүрэгтэй өөрийнхөө дээр байгаа дарга руу эсвэл өөрт нь хяналт тавьдаг байгууллага руу чиг­лэсэн тийм хүмүүс байна. Тэр боломжийг олгоод байгаа хуулийг нь өөрчлөх ёстой.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү таныг огц­руу­лах тухай хүсэлтээ хав­рын чуулганы нээлтийн өдөр УИХ-ын даргад өргөн барих гэж байна. Та үүнд юу гэж хариулах бол?

-Тэр бол тухайн хүний хувийн бодол. Надаас өөр хэн нэгэн байсан бол цагдаа, хууль, хүчний байгууллагын тагнах, чагнах хэрэгслийг өөрийнхөө эсрэг явж байгаа улстөрчид чиглүүлэх бай­сан байж магадгүй. Яагаад гэвэл хуульд тийм бо­ломж бий. Гэхдээ намайг таг­наж, чагнаад байгааг би хэлж байгаа нь тухайн бай­гуул­лагад захиалга өгөх биш ши­нэчлэл хийх гээд тэдэнтэй тэрсэлдэж байна гэсэн үг шүү. Бусад улс оронд ч гэсэн энэ хэвийн үзэгдэл.

-Таныг тагнаж байсныг шал­гуулах хүсэлт гаргах уу?

-Гаргана, гэхдээ дараа­гийн процесс. Мэдээж ши­нэчлэлийн үйл явцаас тус­даа. Тиймээс би өөрчлөх гэж байгаа процессийнхоо хувь хүмүүстэй  зууралдахаас илүү тийм болгоод байгаа хууль эрх зүйн орчныг өөрч­лөх нь чухал.

-Ер нь хүнийг нууцаар тагнахыг хуулиар зөвшөөр­дөг юм уу?

-Зөвшөөрөхгүй, хууль бус. Манайд нэг жишээ байдаг юм. АТГ-ын хоёр дарга өөрийнхөө байгууллагын доод албан тушаалтыг таг­насан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээсэн. Энэ бол гэмт хэрэг. Гэтэл хуу­лийн байгууллагынхан өөрс­­дөө хэрэг хийчихлээ. Үүнийг гэмт хэрэг гэдгийг яаж нотлох юм бэ. Ямар ч байсан тагнасан үйл явц нь тодорхой байгаа бол шалгах л ёстой.

-Таны одоо боловсруулж байгаа хуулиуд хэр хамгаа­лалттай болж байгаа вэ. Магадгүй дараагийн хууль зүйн сайд үүнийг хуучин хэвэнд оруулчих вий дээ?

-Энэ бол үндэсний ойл­голц­лын асуудал. УИХ, улстөрд байгаа томоохон на­­мууд энэ шинэчлэлийн үзэл баримтлалаар сайн ойл­голцож, урт хугацаанд үүнийгээ хадгална гэдэг хүсэл эрмэлзлэлийг бий бол­гож байж явна. Тэгэхгүй бол энэ шинэчлэл үр дүнгүй болно.

-Шүүгч, цагдаа эсвэл прокурор хэрэг хийсэн то­хиолдолд ямар хариуцлага хүлээх вэ. Тэр хэргийг хэн мөрдөж, шалгадаг юм бэ. Мөн прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг та­ныг татан буулгасан гэж Д.Дорлигжав прокурор мар­галдаж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Д.Дорлигжав прокурор ойлголт дутуу байсан юм болов уу. Тэр үед яагаад тэгж ойлгосныг би ойлгоогүй. Тэр хуулийг Засгийн газраас биш УИХ-ын гишүүн өргөн барьсан шүү дээ. Засгийн газрын зүгээс авлигын хэр­гийг АТГ гэж тусдаа газар шалгаад явж байхад шүүх, прокурор, цагдаагийн ав­лигын хэргийг тусдаа шал­­­­гана гэдэг зүйл байж бо­лохгүй гэдгийг дэмжсэн.

Санал болгох мэдээ

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны санаачлагаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн …