“Southgobi Resources”нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ

indexХонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Southgobi Resources” компани өнгөрсөн онд нүүрсний ханш унаснаас үүдэж 237.5 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна. Үүнийг 2012 онд хүлээсэн цэвэр алдагдлын хэмжээтэй харьцуулахад хамаагүй өндөр дүн болжээ. 2012 оны хоёрдугаар улирлаас эхлэн үйл ажиллагаа нь зогсоод байсан Овооттолгойн олборлолтыг өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-ноос хэвийн болгоод байна.

 “Southgobi Resources”-ийн нүүрсний олборлолт 3.06 сая тонн болж, 2012 оныхоос 1.73 сая тонноор илүү гарсан байна. Түүнчлэн борлуулсан нүүрсний хэмжээ нь 2013 онд 3.26 сая тонн болж, 2012 оныхоос 40 орчим хувиар нэмэгджээ. Гэхдээ нүүрсний борлуулалтаас олох орлого нь 2013 онд 58.6 сая ам.доллар болсон нь 2012 онд 78.1 сая ам.доллар байсантай харьцуулахад буурсан үзүүлэлт боллоо. Үүний шалтгааныг нүүрсний үнэ ханш унасантай холбон тайлбарлаж болох юм. “Southgobi Resources” компани өнгөрсөн онд тонн нүүрсийг дунджаар 24.25 ам.доллараар худалдаж байсан бол 2012 онд 47.49 ам.доллар байсан талаар санхүүгийн тайландаа дурджээ.

Нүүрсний үнэ унасны дараа “Southgobi Resources” 250 сая ам.долларын хөрвөгч үнэт цаасны төлбөрөө төлөх чадваргүй болохоос сэргийлж нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр хайж эхэлсэн байна. 2014 оны төлвөөс харвал “China Investment Corporation”-д төлөх ёстой үнэт цаасны хүү болон бусад төлбөрийг төлөхүйц хэмжээний хангалттай бэлэн мөнгө “Southgobi Resources”-д байхгүй болох дүр зураг гараад байгаа юм. “БНХАУ-ын нүүрсний үнийн дарамт 2014 онд хэвээр үргэлжилбэл компанийн ашиг болон бэлэн мөнгөний хэмжээнд нөлөөлнө” гэж тус компаниас мөн мэдээлжээ. Даваа гарагт Торонтогийн Хөрөнгийн бирж дээр “Southgobi Resources” компанийн хувьцааны ханш 27 хувиар унаж, нэгж хувьцаа нь 53 канад цент болсон байна. 

Д.Амар

Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …