Египтийн цөлөөс задгай кинотеатр олджээ

Интернэт хэрэглэгчид Google-ийн газрын зурган дээрээс энэ дэлхийн энд тэнд байрлах сонин бүтэцтэй байгууламжуудыг илрүүлдэг билээ. Ялангуяа Египт Улсаас сонин олдворууд олноор олддог юм. Саяхан ийм нэг нээлтийг Эстонийн гэрэл зурагчин Каупо Киккас хийсэн байна. Шарм-эль-Шейх хотоос холгүйхэн тэрбээр балгас болсон кинотеатрыг олжээ. Энэ нээлтийнхээ талаар Киккас өөрийн блог дээр бичсэн аж. Google Maps дээрээс гэрэл зурагчин эр Синайн хойг дээр орших нэгэн сонин саран хэлбэртэй байгууламжийг олж харсан байна. Ази болон Африк тивийг холбодог гурвалжин хэлбэртэй газрын тиг голд газар руу ухаж барьсан ил задгай кинотеатр байсан гэнэ. Уг байгууламж олны очих дуртай амралт, сувиллын газраас хэдхэн арван километрийн зайд байгаа ч хэн ч түүний талаар юу ч мэдэхгүй суугаад эстони эр гайхжээ.

Энэ сэдвийг цааш нь лавшруулан судласнаар уг элсэн цөлийн дунд орших үлэмж хэмжээтэй кинотеатрыг Францын нэгэн иргэн одоогоос 10 гаруй жилийн тэртээ байгуулсан болохыг олж мэдэв. Ийм өвөрмөц төсөлд хөрөнгө мөнгөө зарцуулахаар шийдэн тэр хүн Каир хотод очиж хуучин сандлууд болон дэлгэц худалдаж аваад ил задгай газар кино үзэх боломжийг бүрдүүлсэн гэнэ. Энэхүү байгууламжийг ёслол төгөлдөр нээх үеэр цахилгааны тэжээлийг өгч байсан цахилгаан үүсгүүр ажиллаагүй тул элсэн цөлд кино үзүүлэх ажиллагаа бүтэлгүйтжээ.

Бас нэг хувилбараар бол орон нутгийн засаг захиргаа гадаад эрийн үйлдэлд дургүйцсэн тул уг төслөө үргэлжлүүлэхийг нь хориглосон бололтой. Иймд мань хүн эхлүүлсэн зүйлээ дуусгалгүй хаяад гэртээ харьжээ. Өдгөө 150 буйдан сандал элсэн цөлд нар, салхинд гандан торойж байгаа юм. Орон нутгийн иргэд энэ амжилт олоогүй байгууламжийг “Ертөнцийн сүйрлийн кинотеатр” хэмээн нэрийджээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …