Өнөөдрийн чуулганаар батлагдсан хуулийн төслүүд

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.01.16/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар эхлээд Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, уг хуулийн төслийг дагалдаж зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ.

Учир нь чуулганы үдээс өмнөх хуралдаанаар эдгээр хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин тус намын бүлэг урьд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр тухайн өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн бүх асуудлаар завсарлага авч байсан юм. Тэр өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад эдгээр хуулийн төсөл багтсан байсан учраас МАН-ын бүлэг энэ асуудлаар завсарлага авах боломжгүй болсон тул завсарлагаа цуцалж, нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг ийнхүү үргэлжлүүлсэн юм.

 Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулж нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Цагдаагийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг дагалдах хуулийн төслүүдийг гишүүдийн олонх нь дэмжиж баталлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …