Гипноз гэж юу вэ?

195467Эх орны дайн ид дүрэлзэн байсан үед ажээ. Цэргийн фронтын эмнэлэгт ийм нэг явдал болжээ. Нэгэн эмч хэд хоног нойр хоолгүй ажиллаад дараа нь унтжээ. Яг энэ үед нэг тун хүнд шархтай нэгнийг авчраад, унтаж буй эмчийг татаж чангаагаад ч, нүүр лүү нь ус цацаад ч сэрээж чадсангүй. Тэрээр туйлдаа хүртэл ядарсан байж. Тэгэхээр нь профессор Платонов тэнд байсан бүх хүмүүсийг чив чимээгүй болгоод: “Эмч ээ, шархтаныг авчирлаа. Таны тусламж одоо л хэрэгтэй боллоо” гэж хэлэхэд эмч дорхноо сэржээ. Энэ бол тохиолдол мэт боловч бидний ярих гэж буй гипнозтой, үгийн ид шидтэй холбоотой юм.

Гипноз гэдэг үгийг монголчууд бид сайн мэддэг болжээ. Чухамдаа энэ чинь тэгээд юу гэсэн үг юм бол оо? Нойр, гэхдээ онцгой нойр. Бүр нарийвчилбал нойр, үнэмшүүлэлт хоёрын хослол гэсэн үг юм байна. Гипнозид орсон хүн ерийн нойроор унтаж буй хүний адилаар гадаад ихэнх цочролыг хүлээж авдаггүй. Үүний хамт гипнозид орсон хүний мэдрэлийн зарим төв нь сэргэг байж, гипнозич хүний үгээр холбоо барьсаар байдаг. Нойр нь хичнээн гүнзгий байлаа ч бидний мэдрэлийн эсийн аль нэг хэсэг нь эрчимтэй ажиллагаагаа зогсоодоггүй. Энэ бол харуулд гарсан манаач гэсэн үг. Нийтлэлийн эхэнд өгүүлсэн тэр эмч яагаад хэдхэн үгэнд сэргээд ирэв гэдэг үүнтэй холбоотой юм. Гипнозын нууцыг эртний дэлхий дахин ч мэддэг байв. Гипнозын урлагийг Египет, Вавилон, Грекийн бөө нар эзэмшсэн байжээ. Бөө нар хүнийг нойрсуулаад бурхдыг үзэж байна хэмээн үнэмшүүлдэг байв. 19-р зууны 40-өөд оноос Английн мэс засалч Джемс Брэд гипнозыг судалж шинжлэх ухааны үүднээс тайлбарлах оролдлого хийжээ. Элдэв туршилтууд ч олноор хийгдэх болов. Баримт өгүүлье.

– Энэ бол Францад болсон явдал. Нэгэн эмэгтэйг гипнозид оруулав. Гипнозичийн тушаалыг нөгөө эмэгтэй шууд биелүүлж эхэллээ. Төдхөн гарт нь хутга бариулаад: “Хажуу өрөөнд орон дээр буй хүнийг хутгалчихаад буцаж ир. Гэхдээ хутгаа бүү сугал” гэж тушаажээ. Эмэгтэй ч босоод явж. Цагаан даавуунд ороосон хүн биш, чихмэл байгааг мэдсэнгүй. Бага зэрэг эргэлзсэнийхээ дараа тушаалыг биелүүлж хутгалжээ. Буцаад ирэхэд нь саяын хийсэн “гэмт хэргээ” мартахыг тушаажээ. Эмэгтэй сэрээд бүхнийг мартсан байж. Гэвч төдхөн уй гунигт орж, хэд хоногийн дараа унтаж чадахаа болив. Энэ хэцүү байдлаас гаргаж өгөхийг тэрээр эмчээс гуйж гэнэ. Түүнийг дахин гипнозид /онцгой нойронд/ оруулаад орон дээр чихмэл байсныг үзүүлээд хутгыг сугалан авч хэнийг ч алаагүй болохыг тайлбарлав. Дараа нь сэрээд бүхнийг мартахыг дахин тушаав. Сэрсэн хойноо эмэгтэйн гунигт байдал бүрэн арилжээ. Гипнозчин В.Пушкин: Гүн гипнозид орон автоматын түвшинд хүрсэн хүн өөрийн тогтсон үзэл итгэлийн эсрэг үйлдэлд орохдоо дотоод тэмцэлд автсаар байдаг” гэж бичсэнийг дээрх үйл явдал баталж буй шиг санагдана. Германы их хувьсгалч, суут Эрнест Тельман нэг захидалдаа өөрийг нь фашистууд хорих лагерьт хэрхэн тарчилган зовоосныг бичсэн байдаг. Хоригдож буй өрөөнд нь гипнозич эмч ирээд гипнозид оруулахыг оролдоход чухам ямар зорилгоор ингэж буйг нь мэдсэн Тельман эрс эсэргүүцсэн гэдэг. Улстөрийн хатуужилтай тэмцэгчийг гипнозид оруулж чадаагүй ажээ.

Мэдээж гипнозид орчихсон бол ямар ч нууцыг хэлж ам алдахыг хэрхэн үгүйсгэх билээ. Гипноз бол гайхамшиг юм л даа. Хэн нэгнийг  арван наймтай биш, дөрвөн настай гэж үнэмшүүлж болдог ажээ. Хабаровск хотод хөгжмийн дунд сургуулийн хэсэг оюутныг анхлан хөгжимтэй танилцсан тэр үед нь аваачин “хувиргажээ”. Дараагаар нь хоёр хоёр нас “нэмэн” чаддаг хөгжмийн зохиолыг нь сургалтын ул мөр болсон гараа буруу тавьж буйг тун жирийн этюдийг их л догдлон эв хавгүй, алдаатай тоглож байгааг, хуруунууд нь мод шиг хөшүүн байгааг ажиглаж болох байлаа. Тэгэхлээр хүний амьдралын бүх үеийн доголдол, зуршил зэргийг тархи үнэхээр хадгалан байдаг агаад түүнийг илрүүлэн амьдруулж болдог байх нь. Гипнозоор хүмүүст нуугдмал байдаг дадал чадварыг нь илрүүлж болох тодорхой нөхцөл байдалд хүмүүсийн сэтгэлийн хөдлөл түүний шинж байдал, хэл яриа зэргийг шалгаж үзсэн туршиц хийсэн тухай өгүүлье. Тэр туршцыг 16-19 настай залуусын дунд хийжээ. Энэ залуус нойрон дундаа Онегин, Татьяна, Ольга, Тарас Бульба, Анна Каренина зэрэг Оросын сонгодог зохиолын баатрууд болон хувирлаа. Тийм зохиолын үйл явдлын хэсгийг амилуулан тоглоцгоов. Жишээлэхэд, хэзээ ч уран сайхан ч байгаагүй нэг охин маш чадмагаар “тогложээ”. Гипнозын хүчээр. Москвад сэтгэл зүйч эмч В.Л.Райков сонин туршиц хийсэн тухай нэгэн үе шуугилдсан.

– Арван долоон настай эмэгтэйг тавин настай тэгээд найман настай, арван дөрөв, арван долоон настай орь хөвүүн, дараа нь 5, 8, 10, 15 настай охин гэж итгүүлжээ. Ийнхүү дээрх нас бүрийн үед нь ямар нэг юм зуруулж байв. Бүх зургууд нь яг л нас насны хүүхдүүд яв цав тохирох зураг болсон аж.

Гипнози юунд хэрэгтэй юм бол оо? Уншигч та ч гайхаж байж болно. Амьдралд, хүнд хэрэгтэй юм байна аа. Дуртай биш зүйлийг /эрдэм ном гэх зэрэг/ ойлгож суралцах, ой тогтоомжоо сайжруулах, хүний оргэаизм дахь.далд нөөцийг илрүүлэх, муу зуршлаас салгах гээд зөндөө зүйл байдаг. Бүр архинаас хүртэл гаргадаг гээд бод доо. Ийм түүх байна л даа. Б гэгч архаг архичин /өвчтөн/-г арван таван удаа гипнозид оруулж, ойрын нь төрөл төрөгсөд болгон хувиргажээ. Энэ архичин ээждээ тун их хайртай байсан тул эхлээд ээжийг нь болгон хувиргасан. “Таны согтуу хүү энэ орон дээр хэвтэж байна. Аймаар, ухаангүй согтжээ. Царай нь хөхрөөд, огиулаад бие нь маш муу байна даа” гэж түүнд хэлж дээ. Ингэхэд өвчтөн /архичин/ маань нүдээ том болгон ор луу ухасхийж өөрийн хүү гэж бодсон зүйлээ хиймлээр амьсгалуулж бас ус цацаж буй байдал гарган эм өгч, түргэн тусламж дуудахыг тушаана.”Чи чинь ингэтлээ уучихдаг болох гэж. Амиа алдлаа шүү! Эхнэр чинь хаяад явчихна. Охин чинь чамайг хайрлаж хүндэтгэхээ болино” гэж Б ярьж байжээ. Яг энэ үед лонхонд хийсэн усыг зөөлөн сэгсрэхэд ус пал палхийн дуугарав.

“Эхэд” хүү нь дахиад л ууж эхлэх шиг санагдаж огцом ухасхийн санд мэнд хөдөлж, лонхтойг хүүгээсээ булаан авч, хагалж буй байдал үзүүлэв. Царайд нь жигшил тодорчээ. Дараа нь өвчтөн Б-г охиных нь дүрд “тоглуулав”. Тэгэхэд их л зөөлөн дуугаар “Ааваа, ааваа та хаана ингэтлээ уучихав даа. Та аймшигтай муухай байна. Тантай хамт байхад айдас төрж байна” гэжээ. Эцэст нь өвчтөнийг архинд орсон эр нөхрөө хаян явах гэж буй эхнэрийг нь болгон хувиргалаа. Таван удаагийн гипноз ийнхүү үргэлжилсэн байна. Би гэртээ суугаад бодож байтал төрөл төрөгсдийнхөө зовлон, жигшил зэвүүцлийг биеэрээ мэдрэх шиг санагдлаа гэж мань архичин ярьсан гэдэг. Эцэст нь “Би өөрийн бузар булайгаа тэдний нүдээр үзэв. Тэсвэрлэшгүй муухай юмаа” гэж гэмшин өгүүлжээ. Грекээр нойр гэсэн утгатай гипноз хэмээгч зориудын нойр гэж их л хачирхмаар, бас ч биширмээр “дамшиг” ажээ. Харин гипнозич гэдэг ид шидтэн маань бүр ч гайхмаар улс бололтой. Ямар ч атугай гипнозын ертөнцөөс товч боловч уншигч тандаа зуучилсандаа бид  баяртай байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …