Бодит байдал ба хууран мэхлэгчдэд итгэгчид

10Хэн надад тус болох бол хэмээн арга чарга хайна. Аргаа барсан Энхээ аргалдаг, мэргэлдэг гэж сонссон бүхэн дээрээ шахам очжээ. Налайхад их сайн аргалдаг xүн байна гэнэ. Нэг хүнийг 30000-аар үздэг гэнэ. Тэгээд бүх гай барцдыг чинь арилгаж өгдөг гэнэ. Хоёулаа очих уу?
-Өө ашгүй. Найзад нь мөнгө байхгүй байна. Гэхдээ яаж ийж байгаад 30 цаас олъё.
– Гэхдээ чи юмыг яаж мэдэх вэ. Өөртөө бас хэдэн төгрөгтэй байсан нь дээр шүү. Сараатай ингэж яриад Энхээ мөнгөний эрэлд гарлаа. Хоёр ч найзаасаа мөнгө гуйж амаа бузарлав. Ажил төрөл хийдэггүй болохоор мөнгө гуйчих хүн ховор байлаа. Яаж 50000 төгрөг олох вэ хэмээн тархиа гашилган байж, хадам ээжээс нь өөр сонголт байсангүй.
-Хүдэрт гутал авч өгөх гэсэн юм. 50000 төгрөг зээлдүүлээч. Сайханаагийн цалинг буухаар өгье.
Хадам нь “Идэхээс өөр ид шидгүй болсон энэ хүүхэн хүүгийн минь хөлсийг сорж суух юм хэмээн дотроо дургүй байсан хэрнээ зөв харж инээж, буруу харж уйлж байж 50000-ыг сарвайв. Дургүй байгааг царай төрхнөөс нь анзаарсан Энхээ тэднийхээс гарч явахдаа намайг “ажил” хийгээд мөнгөөр тасардаггүй явахад яаж долигнодог байлаа. Хэлсэн болгоныг өгчөөд л хазганаж байсан шүү. Их дургүй өгч байна. Үргэлж ингэж явах юм шиг бодож байх шив хэмээн хадамдаа гоморхон бодлоо. Өдрийн сайныг товлон байж Энхээ, Сараа хоёр Налайхыг зорилоо. Үүдэнд нь өчнөөн хүн үүрэглэн сууж байгааг харвал. Үнэхээр сайн бололтой гэсэн үнэлгээг өгөөд хоёр найз дугаарлагсдын сүүлд зогсов
Оройн 20 цаг дөхөж байхад арайхийн орлоо. Дүрлийсэн алаг нүдтэй, суудалдаа багтаж ядан чихэлдсэн тарган бор хүүхэн:
-За, сууцгаа сууцгаа гэснээ нэр ус, төрсөн жилийг асуулаа.
Асуултад нь ам уралдуулан хариулж, ирсэн хэргээ танилцуулж “аврах” арга байна уу хэмээн сөгдөхөөс наагуур царайчлав. “Аманд орж ирсэн шар тосыг хэлээр түлхэж” сураагүй үзмэрч бөө Гэрэлтхун. Энэ хоёр ч үгээ хэлж яваа улс байна даа” хэмээн олзуурхан бодоод:
-Болохгүй юм байх биш дээ, бүсгүйчүүд минь. Хий гэсэн бүгдийг биелүүлээрэй гээд ажилдаа оров бололтой хажуудаа байх том улаан модон авдраас багаж хэрэгсэл, хуяг  дуулгаа гаргаж ирлээ. Нэг гартаа толь гэмээр гялалзах хэрнээ том цар таваг шиг юм, нөгөө гартаа бөмбөрийн цохиур шиг мод бариад нүүр рүүгээ хар хялгасан унжлага унжуулж, цаатан маягийн улаан торгон хэвнэг нөмөрлөө. Бөөгийн бэлтгэл хангагдав бололтой. Туслагч бүсгүй нь “Алгаа дээш харуулаад нүдээ аниад суу” гэв.
– Бөмбөр, цан шиг юм түчигнүүлэн нүдэж, архирч байгаа юм шиг дуулдана. Нүдээ аньсан болохоор чимээ, анираар баримжаалахаас биш, яг юу болоод байгааг мэдэх боломж байсангүй. “Ял шийтгэлгүй гаргаж хайрла” хэмээн залбирч суусан бүсгүйчүүдийн дээш харуулан суусан гарын алган дундуур тасхийтэл шавхуурдаад авлаа. Өөрийн эрхгүй дуу алдсан ч өвдөлт, хорсолтыг үл тоон биеэ  чангалж суув. Хулсаар шавхуурдах бөөгийн дуу чангарч, бүсгүйчүүдийн алга хорсч тэсэхүйе бэрх болсон хэдий ч шүд зуун суусаар байлаа. Хэлж, ярьж байгаа нь үл ойлгогдох бөөгийн яриаг түшээ буюу туслагч нь орчуулна.
-Мөнгөө гарга гэж байна. Улаан эрээн болж, цэврүүтэж хавдсан алгатай гар нь хөдөлгөхөд хэцүү байсан боловч бушуухан цүнхээ уудлан гурав гурван таван мянгыг алган дээрээ тавин суулаа. Гэтэл алга руу ахин ташуурдаад аймаар орилон хэдэнтээ юу нь эс ойлгогдох үг хэлэв.
-Мөнгөө нэм гэсэн түшээгийн орчуулгаар сандчин байж хоёр бүсгүй 15000-ыг тус бүр нэмлээ.
Уг нь ижил зорилготой, нэг л асуудал “аргалуулах” гэж байгаа болохоор хоёулаа дундаа 30000-ыг өгье хэмээн хэмнэлт гаргахаар бодсон хоёрын төлөвлөгөө нурах нь тэр. “Аргалах” ажлын эхний хэсэг дуусав бололтой.
– За нэгэнт ирсэн та хоёрын юмыг чинь хийж өгнө гэснээ ширээн доогуураа гараа явуулснаа лаазтай “Heineken” пиво нэг, нэгийг сарвайлаа.
“Үгүй” гэж зүрхэлсэнгүй. Уух ёстой, учир начиртай пиво байж таарна гэж итгэсэн бүсгүйчүүд хоёр гардан авлаа. Гэрэлтхун бөө гурван лааз сулласныхаа дараа түшээрүүгээ дохихыг Энхээ анзаарав.
-Нэг нь надтай дэлгүүр яваад, ирэх үү? гэхэд нь Сараа “за” гээд ухасхийж.
-Их явдалтай юманд орооцолджээ. Та хоёрт атаархсан хүн олон байна. Чиний нөхөр урьд эхнэрээсээ салсан юм уу?
– Тийм.
-За тэр шүү. Тэр чинь чамд их чадалтай хүнээр юм хийлгэж. Гэхдээ аминаас хол юм. Хэрүүл тэмцэл, зарга шүүх мөд дуусахгүй төлөвтэй. Олон хүн хашгиралдаад байсан. Та хоёрыг олон хүнээс мөнгийг нь авсан уу?
– Зуучлах товчоонд бүртгүүлж Солонгос явуулах гээд Эрдэнэтийн 60 гаруй хүнээс мөнгийг нь авч өөр хүнд өгсөн юм аа. Тэгтэл тэр хүмүүсийг явуулж чадаагүй. Ердөө 12 хүн л явсан. Яваагүй хүмүүс нь мөнгөө нэхээд, цагдаад өргөдөл өгчихсөн. Тэдний мөнгийг аваачиж тушаахдаа гарын үсэг, баримт авч байгаагүй болохоор нотолж чадахгүй хэцүү байна. Танаас юуг нь нуух вэ. Бид хоёр амьдралдаа хэдэн төгрөг нэмэрлэчих санаатай л ийм юм хийсэн. Гэтэл дарга нь өөрчлөгдөөд, бүх ажил нь зогссон. Тэгээд л юун мөнгө хийх, бөөн өрөнд орчихлоо. Мөнгө тушаасан хүндээ итгэсэн нь буруу боллоо. Тэр хүнд одоо сохор зоос ч байхгүй гээд байх юм. Бид хоёрт тусалж, шоронгүй, ялгүй салгах арга зам юу байна хэмээн Энхээ уйлаг алдан сууна.
Гарынх нь алга хорсч, атгаж болохгүй болтлоо хавдсан ч хоёр хайрцаг пиво, мах, сүү гээд цуглуулсан юмыг нь шүд зуун зөөж ирсэн Сараа “өөртөө л гомдохоос өөр хэнд гомдох билээ. Өчнөөн олон хүний хар хэл амнаас салж үхэх арга байна уу, үгүй юу” гэж бодов. “Аргалах” ажиллагаа явагдаагүй үед зүв зүгээр хүний хэлээр ярих юм.
– Сайхан сууцгаая. Cap сүүдэртэх үед дахиж юм хийнэ ээ гэснээ,
– Санаа зоволтгүй ид, уу гээд ширээ рүү заалаа.
Бие биеэ рүүгээ харснаа нэг нэг алим авч аяархан гэгч нь хазлаа. Бөө бүсгүй пивонд нугасгүй нэгэн бололтой. Нөгөө хоёрыг нэг алимаа дуусгаагүй байхад дөрвөн лааз “Heineken”- ий ард гарчихлаа. Улаан зээрд болсон Гэрэлтхунгийн үг яриа нь олширч, хэл нь ээдрээд ирэв. “Аргалж” чадалгүй согтох вий хэмээн айсан хоёр бүсгүй хааяа бие биеэ нударч, харцаараа ярьж суулаа. “Cap нь хурдан сүүдэртээсэй. Гарын алга хорсч, бие зарайгаад нэг л биш. Ингэж балбуулж, занчуулж явах ч гэж. Ээж, аав минь гар хүргэлгүй өсгөж, өндийлгөсөн энэ биеийг өдий хүрчихээд ингэж зовоож байх гэж. Хэзээ хийсэн лайгаар Батсүхтэй учрав аа. Тэр муу өлөгчин нь салж чадахгүй, харамлаж үхэх гээд намайг хараалгаж явдаг байх нь. Муу хүүгээ л бодох юм. Энэ нэг хар юмнаас салсан ч яахав” хэмээн Энхээ бодно. Түүний бодлыг уншсан мэт Гэрэлтхун бөө: -Та хоёр шантарч, айж эмээж болохгүй. Заавал үр дүн гарна шүү гэснээ тамхинд шарласан шүдээ ярзайлган огт худлаа инээлээ. Шөнө хугасалж, cap дээр хөөрчээ. Цэлмэг тэнгэрийг одод сүлсэн, тогтуухан сайхан шөнө налайх аж.
– Муу муухай юмаа хэлж сайн шившээрэй гээд бөө бүсгүй хөл дээрээ тогтож ядан байж cap руу харан хэдэнтээ хашгирав.
Дан цагаан байшингийн гадна ‘нүүж ирсэн’ тэд түрүүчийн адил “бөө”-гийн өөдөөс харан суулаа.
– Гараа өвдгөн дээрээ тавь. Нүдээ ань. Амаа ангай гэсэн түшээгийн даалгаврыг үг дуугүй биелүүлэв.
Завьж нь чилж, шүлс нь гоожих гээд хэцүүгийн хажуугаар одоо яах бол гэсэн айдас давамгайлна. Гэтэл хэл нь часхийгээд явчихав.
-Амаа ангайлга гэж Гэрэлтхун муухай орилсныг түшээ дахин дамжууллаа.
Хэл нь амандаа ч багтах аргагүй пэмбийж, хорсоно. Арга ч үгүй биз. Асаасан арав гаруй шүдэнз ам руу шидэж байгаа хойно. Үүр цайж байв. Нүд нь сүүмийж, хэл нь тультчин согтуурах бөөгийн “ажил” дуусав бололтой байшин руу орцгоов. Гарын алга улаан нялга, хэл нь цэврүүтэж, шүлс нь гоожих хоёр бүсгүй явахын түүс болов.
-Өнөөдөр их сайхан амжлаа. Та хоёр арав хоногийн дараа эргэж ир. Хар хэл ам зайлахгүй хэцүү байна шүү хэмээн шүлсээ үсчүүлэхэд нь хоёр бүсгүй ухасхийн босч, халт талархал илэрхийлээд бараг уралдах шахам хаалгаар гарлаа.
Асаасан шүдэнз ангайсан ам руугаа шидүүлж хэлээ түлсэн, хоёр алгаа цэврүүттэл хулсаар ороолгуулж, шархны халуун болсон хоёр бүсгүй хоорондоо ч дуугарах тэнхэлгүй шахам болоод гэрийн бараа харөв. Энхээгийн нөхөр нь хэл нь амандаа багтахаа больсон эхнэрээ хараад уур нь гарч учрыг шалгаалаа.
– Бөө мэргэн гэж юу байдаг юм бэ. Бүгд худлаа. Мөнгө олохын тулд зовсон, зүдэрсэн хүмүүсийн сэтгэлээр тоглож яваа улс. Тэрүүнд итгэж эрүүл биеэ ийм болгуулж байдаг чи чинь солиотой юм уу.
– Яаж ялгүй салах вэ. Ямар ч байсан тус болох байх гэж бодох юм. Юугаар ч гийгүүлэхгүй байж чи юундаа хүн загнаад байгаа юм бэ.
– Илүүдээ гарсан мөнгө хаана байна. Элдэв юм ярьсан зальтангуудад битгий шулуулаад бай. Манайхан итгэмтгий гэнэн зангаасаа болж эрээ цээрээ алдсан цэвэр луйварчдыг бэлжүүлээд бүр сургачихсан. Тэд нарыг хэн ч тоохгүй байх ёстой байхгүй юу. Ийм хэрүүл болоод өнгөрч. Энэний үглэх ч яамай, Гэрэлтхун бөөгийн арга чарга тус болж, аминд ороосой хэмээн залбирч хэвтэхдээ Энхээ өөртөө л гомдож байлаа. Хэд хоног хэл нь хорсч өвдөн, гар нь атгаж болохгүй шаналав. Зовлон үүгээр дуусаасай хэмээн сүсэглэх бүсгүйчүүд өглөө гарч цагдаагийн үүд сахиж байгаад орой ажил тарах үед ядарч туйлдсан юм гэрээдээ буцна.
Ийм л замаар жил шахам явж байгаа хоёрт дахиад нэг мэргэн хүний сураг дуулдах нь тэр. Хаширсангүй очихоор шийдлээ. Хаширлаа гээд ч яалтай билээ. Хүн юм болохоор тулаад ирсэн зовлонг гэтлэх бүх л аргыг сүвэгчилж арга ядахдаа л аврал эрж яваа хэрэг шүү дээ. Яармагийн дэнжийнхэн хошуурдаг юм байх аа, ялаа үнсэлцэх зуур аргалж, мэргэлж өгдөг гэх “Ум” хочит Төмөрөө мэргэнийхийг зорилоо. Хүн амьтан байсангүй. Хашаан дахь хог нь хөглөрч, хоёр банхар нь архирч давшилсан хаалгыг залуухан бүсгүй онгойлгож өгөв. Гэрт ороход дөнгөж орноосоо ховхорч байгаа бололтой тав гэзэг сүлжсэн нь ширэлдэж сэгсийсэн, тарган бор хүн нүцгэн сууж байлаа. Хүн орж ирж байна гэж тоож байгаа шинж алга. Хүзүү, толгойгоо сэжлэн хэд хэхрүүлснээ дээл нөмрөн гарав. Хаалга онгойлгож өгсөн бүсгүй эхнэр нь бололтой цай аягалж өгч байна. Хоёр гардан авсан хэдий ч хоолой руу давсангүй. Балгаж нэг, барьж нэг хэсэг суулаа.
Тав гэзэгт мэргэн Төмөрөө гap нүүрээ усаар булхсан болоод хоймор сууж хоёр бүсгүйг цоо ширтэв. “Ум” мэргэний урд олбог дэвсч, утас, олс, хэлхээтэй харжигнасан төмөр гээд баахан юм өрлөө. Бодвол аргалж, чаргалдаг багаж зэвсэг нь бололтой. Урамтай том бойпорт арц уугиуллаа. Овог нэр, жил гээд өнөөх л улиг болсон асуултанд хариулав. Уугисан арцны утаандаа хахаж цацан байж хэлхээтэй төмөр, хэдэн шоог дахин дахин эргэлдүүлж байснаа нүдээ анин дуржигнуулж гарав. Хоёр бүсгүй сөхрөн сууж залбирлаа. Гэнэт хонх тачигнуулж “Ум, ум, ум” гэж чанга гэгч нь хашгичав. Цочсоноо нуух гэж бага зэрэг самгардсан бүсгүйчүүд залбирсаар. “Ум” мэргэний ажиллагаа их цомхон юм. Удалгүй дуусав бололтой дуугаргаад байсан хонхоороо духанд нь “адислаж” байна. Тэгснээ,
-Та хоёр их эвгүй байна. Энэ цагдаа нэг барьж авбал тавих дургүй амьтад. Тартагт чинь тултал зовоох нь дээ. Та хоёр байцаагчаа таних уу? гэв.
-Үгүй.
-Зөөлрүүлэх, аргалах юмны эхлэлийг тавилаа. Та хоёр нөгөөдөр дахиж ир. Тэгэхдээ байцаагчийнхаа жил, мэнгийг мэдээд ирээрэй. Хатуу юмны хариулга хийнэ. Таван литр сүү, гурван шил архи, богтос, шаанттай нь, за тэгээд ер нь нэг гуя байхад болно. Таван тансагаар аргадаж үзье. Хэцүүхэн байна. Гэхдээ хийгээд үзье. Тэр муу хуулийнхан хаана холдох вэ гэж пээдийлээ.
Нэг хүнийг 20000-аар үздэг гэсэн ханшийг сонссон болохоор хоёр бүсгүй өөр өөрийн хувийг өгөөд гарлаа.
-Энэ хүн аргалж мэргэлдэг гэхэд их хааш яйш юм аа. Бохир заваан ч гэж жигтэйхэн гэж Энхээг ундууцахад Сараа нэлээд дургүйцэн,
-Чи одоо юу яриад байгаа юм бэ. Энэ мэргэн, түргэн улс чинь зарим нь бүр их сонин гажиг, тэнэг гэмээр байдаг юм. Бурхан цаанаас нь яаж заяасан байна, тэрүүгээр л байна шүү дээ. Ихэвчлэн сонин этгээд дүр төрхтэй байдаг нь онгод, хийморь нь ордог болохоор тэр байх. Догшин ширүүн байх нь аргагүй, бурхан түүнд тийм л төрх заяаж гээд номчирхов. Энхээ дуугарсангүй. Нээрэн ч тийм байх шүү хэмээн бодоод өөрийн хэлсэн үгэнд их гэмшив. Хүний мөнгө аваад хүнд өгчихсөн хоёр ёстой л арван тамаасаа салах гэж арга зам хайж яваа болохоор тус болно гэдэгт итгэсээр. Хэлээ түлүүлж, алгаа нүдүүлэхээс айгаад Гэрэлтхун бөө рүү дахиж зүглэхээс айгаад байлаа. Харин “Ум” мэргэнийх рүү нэлээд хэд очжээ. Бараг 20 хоногийн дотор бүтэн хонины махнаас эхлээд сүү, тараг, архи… гээд зөөгөөгүй юм ховор. Сүүлдээ бүр найз нөхдийн хэмжээнд очтолоо дотносох нь тэр. Агаар салхинд гарч, аяга тагш юм хувааж уулаа. “Авралын од” гэж итгэсэн бүсгүйчүүд хэлсэн бүгдийг яс биелүүлнэ.
“Хедөе явах гэсэн юм хэдэн литр бензиний хэрэг байна”, “Согтуу явж байгаад машин шүргэчихлээ. Засварын газар танил байна уу’’, “Вьетнам торго 10 метрийг олоод өгөөч”… гээд арай л хоёр нүдийг минь солиод өг гэсэнгүй. Бүх гуйлтыг бүсгүйчүүд яаж ийж яваад биелүүлж. “Аргалуулах” гэсэн биш өр нь нэмэгдсээр. Бүсгүйчүүд нүдээ анин итгэсээр. Бүр сүүлдээ хоёр бүсгүйд хандарч, нэг нэгээрээ буудалд ирж уулзахыг шаардав. Нэг удаа Энхээг бүр барьж авч үнсч үнгэхийг оролджээ. Үүнээс хойш “Ум” мэргэнийх рүү зүглэсэнгүй. Cap гаруйн хугацаанд хагас сая төгрөгийн өр тавин байж тэр эрийг “хооллосондоо” хоёр бүсгүй амаа бариад өнгөрч. Тэр хоёрт холбогдох хэргийг прокурорт шилжүүлсэн гэх таагүй мэдээ тархин дундуур нь татах шиг боллоо. Ашгүй дахиад нэг мэргэний сураг гарлаа шүү. Унжийж байсан хоёр бүсгүйн нүд сэргээд ирлээ. “Очъё, очъё. Одоо юу сайн бүгдийг л хийлгэе” хэмээн дуу нэгдээд мөнгөний эрэлд гарав. Хөдөө гэртээ очиж арав гаруй хонь нядалж ирсэн Сараа мөнгөтэй болчихлоо. Энхээ төрсөн дүүгийнхээ Солонгосоос явуулсан мөнгийг хадгаламж руу нь биш халаасандаа хийчихлээ. Бэлжсэн хоёр “Ганцхудаг”-ийн “ганган” Сүхтийг зорилоо.
“Тэр хүн уг нь ял эдэлж байгаа. Гэхдээ ёстой хараад л шууд хэлнэ. Юу ч асуухгүй” гэсэн рекламны үгэнд итгэсэн хоёр найзыгаа дагуулсан Бурмаа “Ганц”-ыг зорив. Үсээ хусуулсан тарган шар залуу хромон гутлын түрий гармошиклон жийж, усан цэргийн форм “мармак” буюу хөндлөн судалтай футболкоор гоёжээ. “Ганцхудаг”-ийн аж ахуй дээр ял хийж байгаа түүнтэй эргэлтийн байр гэх тухгүйхэн нэг өрөөнд уулзав.
Сүхт олон аяг, жаяг үзүүлэхгүй юм аа. “Цаадуулаа харж байгаарай” хэмээн өөрийн харгалзагчдаа хэлээд энгэрийн халааснаасаа ууттай юм гаргаж ирэв. Чулуу татах юм. Хэлж байна аа. “Олон хүний хэл амтай энэ хэрүүл хэцүү…” гээд л урьд урьдын мэргэн бөөгийн хэлдгийг давтлаа. “…Гэхдээ ялгүй салах боломж байна. Цаад талын босгыг өнлөрлүүл” гэв. Тэр хоёрт хамгийн их таалагдсан мэргэч нь Сүхт байлаа. Мэргэч рүү зуучилсан Бурмаагийн хэлснээр авчирсан таван кг төмс, гурван кг мах, хайрцагтай жүүс найм гээд хүн юу идэж уудаг, тансагхан ширээ засахад юу ордог вэ тэр бүгдийг дамжлан байж зөөж оруулж өгөөд дундаасаа 50000 төгрөгөөр гарыг нь цайлгав. Сэтгэлийнх нь зовлон нимгэрсэн ч юм шиг Сараа, Энхээ хоёр гарлаа. Бурмаа найз нь үлдэв. Бодвол бас үзүүлж харуулах юм байсан биз.
Байрны гадаа зогсч байсан хоёр бүсгүй бие бие рүүгээ харан хөшөө шиг хэсэг зогссоноо сая санасан юм шиг машиндаа орлоо.
-Энэ Бурмаагийн нөхөр юм биш үү?
-Үгүй байх аа. Амрагладаг юм байлгүй дээ.
-Бүх юмаар аргалдаг мэргэн юм биш үү. Бурмаатай унтахаар болно гэсэн биз… гээд амаа даран инээцгээв. Ашгүй, дуусав бололтой. зуучилсан Бурмаа юу ч болоогүй юм шиг гарч ирлээ. Мэргэн бөөд зарцуулсан мөнгө, төгрөгөө тооцож үзэхэд хоёр сая гарсан байсан гэж Сараа, Энхээ ярьж байх юм. Энэ их мөнгө зөвхөн муу башир арга зальтай луйварчдын хоол болж халаасыг зузаалснаас биш хүний мөнгө авч хүнд дамжуулж өгсөн хөөрхий бүсгүйчүүдэд хэрэг, тус болоогүй. Тэднийг хуулийн дагуу л шийтгэжээ.
-Хүнд өгөлгүй өөрсдөө идчихсэн бол хорих ял эдлэхэд гомдох юм үгүй. Харамсалтай нь зөвхөн дамжуулж өгсөн мөртлөө авч идсэн хүнтэйгээ яг адилхан ял оноосонд гомдож байна. Хууль нь ийм гэдгийг мэдсэн бол авсан мөнгөөрөө хоёр хүүдээ ганц байр аваад өгчихсөн бол тэртэй тэргүй яд эдлэх юм чинь ядаж нэг талдаа санаа амар байх байжээ. Хаана яваа бол, хэний тогоо өнгийж байгаа бол гэхээс хэцүү байна. Хууль шударга байна гэдэг алдагдсаныг засч залруулаасай гэж төрийн түшээ, эрхэм ерөнхийлөгчид уламжилмаар байна. Дамжуулсан, авсан хоёрт учруулсан хохирол, үйлдэл хоёр адилхан биш биз дээ. Тэр хүнд итгэснээс ийм олон хүн хохироосныхоо бурууг би ойлгож байна. Хамгийн гол нь эх сурвалж, хохироох үндэслэлийг буруу тогтоогоод байна гэдгийг хэлэх гэсэн юм гэж Сараа ярьсан. Мэргэн, түргэнд итгэж байсан энэ бүсгүй одоо зөвхөн төрдөө итгэж байгаа ажээ. Төрийн минь сүлд өршөөж, энэ олон эх, эмэгтэйчүүдийг уучлан элэг бүтэн амьдрах боломжийг ганц удаа олгох байгаа хэмээн өдөр бүхэн залбирдаг гэсэн. Мэргэн, бөө гээд мөнгөний төлөө улайрсан луйварчид итгэлийг нь хөсөрдүүлсэн шиг мөргөн, сүсэлж байгаа Монголын төр, төрийн тэргүүн нь бүү хуураасай билээ дээ. Тэд мөнгө төгрөг аваагүй нь үнэн боловч түүнээс үнэтэй их итгэлийг нь авч төрийн өндөрлөгт очсон, зөөлөн суудал, эрх мэдэл, албан тушаалд суусан эрхмүүд эргээд иргэнээ харж, уучлах нь энэрэнгүй нийгмийн нэгээхэн хэсэг мөнөөсөө мөн билээ. Бөө шиг, мэргэч шиг залбиран, итгэж байгаа иргэнээ Монголын төр нь бүү хуураасай гэдэг үгээр өндөрлөө.

http://boo_morgol.miniih.com

Санал болгох мэдээ

26-33 насны залуус сэтгэцэд нөлөөт бодис хадгалж, хэрэглэж байжээ

Багануур дүүрэгт оршин суух хаягтай, 26-33 настай С болон Б нар нь гэртээ сэтгэцэд нөлөөт канабисын төрлийн …