Зайсангийн “Seoul Royal County” хотхоны бохир нь хальж хальтиргаа үүсгэжээ

c04778eb660e16ffbigХүйтний улирал ирэхтэй зэрэгцэн нийслэл хотод олон асуудал ундарч эхэлдэг. Тухайлбал, утаа, хальтиргаа гулгаа, ханиад томуу гэхчилэн тоочиж барахааргүй. Хүйтний эрч чангарч, цас орж хальтиргаа гулгаа аль хэдийнэ үүсчихээд байна. Цэвэрлээгүй цас мөснөөс болж иргэд эрүүл мэндээрээ хохирч үлддэг. Үүнээс үүдэн иргэд хөнгөн, хүнд хэлбэрээр гэмтэж эмнэлгийн ачаалал ч нэмэгддэг. Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад хариуцлага тооцох журам байдгийг мэдэхгүй учраас иргэд өөрсдөө хохироод үлддэг. Хууль дүрэм, журам байдаг хэдий ч түүнийг хэрэгжүүлж биелүүлдэг газар алга гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн 2009 онд Нийслэлийн ИТХ-аас 63 дугаар тогтоол баталсан байдаг. Мөн 2012 онд 61 дүгээр тогтоол гарсан юм билээ. Энэ тогтоол нь тохижилт цэвэрлэгээний талаар байдаг. Үүнийг албан байгууллага аж ахуйн нэгж, ард иргэд дагаж мөрдөх журамтай. Гэтэл журмыг мөрдөж байгаа аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд алга байна. Ямар ч байгууллага ойр орчмынхоо 50 м газраа цэвэрлэх ёстой байтал зөвхөн шатныхаа цасыг цэвэрлэдэг. Үүнээс болж иргэд зам болон албан байгууллагын плитан шалан дээр хальтирч гэмтэх тохиолдол нэлээд гардаг. Үүний нэг тод жишээ Хан-Уул дүүргийн XI хороо Зайсангийн “Seoul Royal County” хотхоны бохир нь хальж зам дагуу 2-3 метр газар урсч зам дээр хальтиргаа үүсгэжээ. Энэ зам дээр хүн битгий хэл автомашин явж чадахгүй хальтирч байгаа.

Үүнд ямар ч арга хэмжээ аваагүй удаж байгаа юм. Уг аж ахуйн нэгж байгууллага, СӨХ нь хотхоны эргэн тойрон дахь замын мөс хальтиргааг цэвэрлэх журам нийслэлд хэрэгжиж ч байгаа ч энд хэрэгжихгүй байна. Мөн бохирын усаа соруулаагүйн улмаас хальж зам дээр хальтиргаа үүсгэчихээд байна. Үүнийг “Seoul Royal County” хотхоны СӨХ нь хариуцахгүй байгаа юм. Өнгөрсөн зун бохир нь хальж хөрсний бохирдол үүсгэжээ. Гэвч Хан-Уул дүүргээс ямар ч хариуцлага тооцоогүй байдаг. Тухайн байгууллагынхаа эргэн тойрны 50 м газрыг цэвэрлээгүй албан байгууллагад ямар арга хэмжээ авдаг талаар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн дарга Д.Энхсайханаас тодруулсан юм. Тэрээр “Албан байгууллага аж ахуйн нэгжүүд ойр орчмынхоо 50 метр газрыг хальтаргаа гулгаагүй байлгах эрхзүйн зохицуулалттай. Энэ ажлын хүрээнд нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс 800 гаруй аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Тухайн байгууллага орчноо цэвэрлээгүйн улмаас хальтиргаа гулгаа үүсч, иргэд бэртэж, гэмтсэн бол иргэний хуулийн 52 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллага хохирлыг нь барагдуулна. Хэрвээ барагдуулахгүй тохиолдолд шүүхээр явж асуудлыг шийдвэрлэх юм. Энэхүү хуулийн заалтыг албан байгууллага, аж ахуйн нэгжид сурталчилж, иргэдэд хүргэх ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Ер нь журам гаргаснаас хойш албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчныхоо 50 метрийн цас мөсийг цэвэрлэж, үр дүнгээ өгч байгаа” гэлээ.

“Улаанбаатар нэгтгэл”-д 540 тонн цас хайлуулагч бодис нийлүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Баярмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Өвлийн улирал эхлэхээр нийслэлд хальтиргаа гулгаа ихэсдэг. Үүнийг багасгах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн 2009 оны нийслэлийн ИТХ-аар хотжилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгжид дагаж мөрдөх журам баталсан байдаг. Мөн энэ журмыг шинэчилж өнгөрсөн оны 61 дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолдоо албан байгууллага, аж ахуйн нэгж 50 метр хүртэл газар гэж тусгаж өгсөн байгаа. Энэ журмын биелэлтийг эрчимжүүлэхээр Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас удирдамж боловсруулсан байгаа. Энэ удирдамжийг Нийслэлийн Засаг даргаар батлуулна. Батлуулсан өдрөөс эхлээд мөрдөх ажлыг зохион байгуулж явуулна.

-Удирдамж хэзээ батлагдах вэ?

-Ирэх сард батлагдах байх.

-Хальтиргаанаас болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Энэ тал дээр тодорхой журам байдаг уу?

-Албан байгууллага, аж ахуйн нэгж ойр орчны 50 метр хүртэл нийтийн эдэлбэр газрыг тухайн аж ахуйн нэгж байгууллагад гэрээгээр хариуцуулж, өвлийн улиралд цас мөсний хальтиргаа гулгааг арилгуулж байгаа. Харин дулааны улиралд цэвэрлэгээг нь хангаж ажиллахыг журамдаа тусгаж өгсөн байдаг юм. Мөн тодорхой хэмжээний тохижилтыг зохион байгуулж ажиллахаар тусгасан байгаа. Хэрэв тухай аж ахуйн нэгжийн хүн хүчний бололцоогүй улмаас цас цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй бол цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг байгууллагатай гэрээ хийж, орчноо цэвэрлүүлэх цас мөсний хальтиргааг арилгуулах ажлыг зохион байгуулахаар удирдамжид тусгаж өгсөн. Мөн иргэний хуулийн 52 дугаар бүлэгт тухайн аж ахуйн нэгжийн байгууллагын орчинд байгууллагын буруутай үйл ажиллагааны шалтгааны улмаас хальтирч унаж бэртсэн тохиолдолд хохирлыг тухайн байгууллага хариуцна. Тухайн орчныхоо 50 метр газрыг хальтиргаа гулгаагүй байлгасан байх ёстой. Үүнийг аж ахуйн нэгж байгууллага 100 хувь хүлээх үүрэгтэй юм.

-Өнгөрсөн жил журам батлагдсан. Хэрэгжилт маш муу явагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр?

-Журам дээр иргэний хуулийн 52 дугаар бүлгийн заалт ороогүй байсан юм. Зүгээр тохижуулан цэвэрлэнэ, хальтиргаа арилга гэж журамлаж өгсөн байсан.

-Цас орсон үед замын хальтиргаа гулгаанаас сэргийлэх цас хайлуулагч бодис болон давс цацдаг. Энэ жилийн хувьд нөөц хэр хангалттай байгаа вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд есөн дүүрэг, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн хүрээнд нийтдээ 203.1 тонн бодис нөөцлөгдсөн байсан. Үүнээс зарцуулаад 162.5 тонн бодис байгаа. Давс нөөцлөлт нь 1247 тонн байсан. Өнөөдрийн байдлаар 891.8 тонн давс байгаа. Элс хайрга 356 тонныг нөөцөлснөөс 343.8 тонн элс хайрганы нөөцтэй байна. Мөн Захирагчийн ажлын албанаас “Улаанбаатар нэгтгэл”-д ирэх сарын эхээр 540 тонн цас хайлуулагч бодис нийлүүлнэ.

эх сурвалж: Нийслэл таймс сонин Н.Алтанцэцэг

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …