Налайх дүүргийн Засаг дарга өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангахыг үүрэг болголоо 

Налайх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 10-ны өдөр 16 цагт ЗДТГын хуралдааны танхимд боллоо.Шуурхай зөвлөгөөнд хэлтэс, хороод, байгууллагын дарга, удирдлагууд нийлсэн 50 гаруй хүн оролцож, цаг үеийн мэдээлэл солилцсон юм. Уламжлал ёсоор Эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс өнгөрсөн 14 хоногийн шуурхай нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийлээ.

Өнгөрсөн 14 хоногт Налайх Эрүүл мэндийн төвд 3777 хүн амбулаториор үйлчлүүлсэн бол 306 хүн хэвтэн эмчлүүлжээ. Налайх дүүргийн хүн ам 42 иргэнээр бүл нэмсэн болон бусад үйл ажиллагааны талаар тус Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал танилцуулсан бол Цагдаагийн хэлтсээс “Эрчимжүүлэлт”, “Хичээлийн шинэ жил”, “Орон нутгийн зам, хөдөлгөөний соёл”, “Эмчилгээ” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэв. Мөн “Гэр бүлсэг Налайх” хөтөлбөрийн “Эргүүл” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэр, гудамж талбайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр Зэвсэгт хүчний 014, 337, 350, 353 дугаар ангиас өдөрт 10 алба хаагчдыг хэсгийн байцаагч, хороо хариуцсан цагдаа, олон нийтийн цагдаа нарын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгүүлж эхэлжээ.

Тэгвэл Онцгой байдлын хэлтсээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/772 дугаар захирамж, Налайх дүүргийн Засаг даргын “Байгалийн голомтод тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн алба хаагчдыг хуваарийн дагуу ажиллуулан, захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэв.

Мэргэжлийн хяналтын хэлтсээс урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт, иргэдийн өргөдөл гомдлын мөрөөр ажилласан болон авсан арга хэмжээний талаар танилцууллаа.
Мөн энэ удаагийн шуурхай зөвлөгөөнд дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Налайх Дулааны станц, Чандмань Налайх, Налайх Тохижилт үйлчилгээ, Гэрэлтүүлэг чимэглэлийн алба зэрэг байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дарга, удирдлагуудыг хариуцлагаа өндөржүүлж ажиллахыг сануулаад хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

-Дүүргийн хэмжээнд 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригадуудаа бэлэн байлгах, -Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, өвлийн хугацаанд хүрэлцэхүйц хэмжээний давс, бодисын нөөцийг бүрдүүлэх, бэлтгэл ажлыг бүрэн хангах,
-Дүүрэгт нийтийн эзэмшлийн гудамж талбай болон бусад тохижилтын ажлуудыг ирэх сарын 10-н гэхэд бүрэн дуусгах,
-Эзэнгүй байгаа, орхигдсон хашаа, байр, байшингуудад үзлэг шалгалт хийх, гэмт хэрэг, архидалт гарч болзошгүй цэгүүдэд шалгалт хийх, битүүмжлэх тал дээр анхаарах, -Явган зорчигч болон хүүхдийг замын хөдөлгөөний осол аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан байгууллагууд зохион байгуулах, ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
-Хүүхдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, сургууль бүр багш хүүхэд, эцэг эхчүүдийн гурвалсан холбоог сайжруулж тогтмол хяналт тавьж ажиллах
-Үйлчилгээний тав тухтай соёлтой үйлчилгээг бий болгох зорилгоор бүх байгууллагууд ариун цэврийн өрөөгөө иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулдаг болох
-Бүх ШТС, үйлчилгээний газрууд стандартад нийцсэн ариун цэврийн өрөөтэй болох асуудалд хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг даалгавар болгосон юм.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.